Төв асрын 230 сандлыг шинэчилжээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил дуусчээ. “Наадмын бэлтгэл ажил бараг дууссан. Жижиг, сажиг засварын ажил байх нь байгаа. Гэхдээ үндсэн том засвараа хийж дууслаа. Өнгөрсөн жил ногоон зүлэг тавьсан. Энэ жил зүлгээ тойруулаад 600 орчим сая төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн гүйлтийн резинэн зам тавилаа. Төв асрын 230 сандлыг 27.5 сая төгрөгөөр сольж, шинэчилсэн. Цэнгэлдэх рүү ордог тойрсон хаалганы хашлагуудыг 9.5 сая төгрөг зарцуулж, шинэ болголоо. Гурван сүүдрэвчийг зассан. Гаднаас орж ирдэг багана, үүдний хэсэг, замыг засварлаж, янзалсан” хэмээн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваа ярилаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асрын сандлууд бүгд арваад жил болсон тул хуучирч, муудсан байсныг шинэчилж, стандартад нийцсэн 230 сандлыг Бээжин хотоос авчирсан тухай тэрбээр мөн ярив.
Наадамчдын хүлээж байсан сүүдрэвчийг бол энэ жил нэмж бариагүй байна.
Наадамд зориулж, ногоон зүлэг ургуулахаар дөрөвдүгээр сараас эхлэн гурван сарын хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнг цоожилдог байсан нь саяхан. Тэгвэл энэ асуудлыг өнгөрсөн жил 1.2 тэрбум төгрөг зарцуулж, бөхчүүд унахад бэртэж гэмтэхээргүй, олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгийг дэвссэн билээ. Энэчлэн жил бүр нэг том бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаа гэх ба ирэх жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэлтүүлгийг шинэчилж, тохижуулахаар төлөвлөж байгаа аж.
Бурхан халдуныг цэнгэлдэхийн тайзнаа амилуулна
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.
-Эрийн гурван наадам 10 хүрэхгүй хоногийн дараа болох гэж байна. Энэ жилийн наадмын нээлт “Жангар” туулийг найруулан харуулна гэж сонслоо?
-“Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн” гээд туульс бий. Яагаад бид нар үүнийгээ наадам дээрээ харуулж болохгүй гэж. Энэ гайхамшигтай аман зохиолууд монголчуудыг эртнээс бусдаас түрүүлж сэтгэж байсныг харуулах тод баримт гэж би үздэг. Тиймээс аман зохиолоор, тэр дундаа “Жангар” туулиар нээлтээ хийнэ гэж ойлгож болно. Эзэн Чингис хаан мэндэлсний 855 жилийн ой тохиож буй учраас, энэ түүхийг илтгэх өгүүлэмж нь мөн гэж үзэж байгаа. Гэхдээ наадмын нээлтийн зохиолыг ингээд орхиё. Наадмынхаа өглөө ард түмэн минь үзвэл сонирхолтой байх.
-Өндөр гэгээн Занабазарын түүхийг өгүүлсэн хэсэг багтаж байгаа юм байна гэж бэлтгэл хийх явцаас ойлголоо?
-Өндөр гэгээн Занабазар бол Монголын хувь заяанд том үүрэг гүйцэтгэсэн соён гэгээрүүлэгч, урлаач хүн. Дэлхийд Монголыг Эзэн Чингис хаанаар, Өндөр гэгээн Занабазараар мэддэг. Тиймээс энэ хүний тухай наадмын өглөө өгүүлнэ.
Нэг зүйл хэлэхэд, бид түүхээ ер шүүмжилж болохгүй. Түүхийг засах боломж байхгүй. Хүмүүс наадмын нээлтэд Ардын хувьсгалын түүхийг харууллаа гэж шүүмжилдэг. Ардын хувьсгал болсон уу болсон. 600 мянган хүн амтай болж, улаан тарианы хүүхдүүд ихэссэн үед Ардын хувьсгал бидэнд ач гавьяагаа авчирсан биз дээ. Болоод өнгөрсөн түүхээ шүүмжилж, анализ хийх юм. Бид юун дээр алдаж, оносон бэ гэдэгт л дүгнэлт хийхээс, шүүмжилж огтоосоо болохгүй. Дараа нь 1990 оны ардчилал. Энэ мөн л түүх. Одоо монголчууд үгээ хэлэх эрх чөлөөтэй ардчилсан нийгэмд амьдарч байна. Товчхондоо базаж хэлэхэд, өнөө цагт бид юуг эрхэмлэх вэ? гэдгийг энэ жилийн наадмаар хэлэхийг зорьж, түүнийгээ хүмүүсийн зүрхэнд хүргэхээр бид ажиллаж байгаа. Хүн аавыгаа дурсаж, ээжийгээ хайрладаг байгаасай гэж хэлэхээр, харуулахаар нээлтийнхээ зохиолыг гаргасан.
-Наадмын нээлт өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад юугаараа онцлог болно гэж та хэлэх вэ?
-Өнгөрсөн жил бид илүү түүхчилсэн хэлбэртэй нээлтээ хийж байсан. Түүхээ он цагаар нь тоймлож, монголчууддаа харуулсан. Хүннүгийн үеэс эхлэн эзэн Чингис хаан, XIII зуун, тусгаар тогтнол, ардын хувьсгал гээд томоохон түүхийн үйл явцыг түүж авсан. Яагаад гэвэл, 2016 онд тэгш ойнууд тохиосон, өндөр жил байсан. Энэ жилийн хувьд өндөр жил байхгүй, 1024 биш 512 бөх барилдана. Харин энэ жил Эзэн Чингис хаан мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ой гэдгээрээ онцлогтой, түүхийн он цаг тохиож байгаа. Энэ утгаараа наадамд агуулгыг чухалчилна. Гэхдээ энэ урлаг өөрөө их түвэгтэй, хүн бүхэн хийгээд байдаг зүйл биш. Олон тооны бүжиг, дуучин, арми, цэрэг, жүжигчин ажиллаж байна. Бидэнд гайхамшигтай түүх их. Дэлхийд ганцхан наадмаа түүхээ сэргэж санах, бодож тунгаах, бахархах, огших зүйлсээ л сэргээж хийхгүй бол өөр юугаар хийх вэ. Дэлхийд 200, 300 жилийн богино түүхтэй олон улс бий. Тэд нарт бол түүх нь наашаа байж магадгүй. Монголчууд бол 3000-аад жилийн түүхтэй ард түмэн.
-Та бүхний бэлтгэлийг хэсэг ажиглалаа. “Бүүвэйн дуу”, “Дэлгэр монгол орон” дуу эгшиглэж байна. Энэ нь их сонин санагдлаа?
-“Бүүвэйн дуу” бол энэ хорвоо ертөнцийн хамгийн анхны дуу авиа. Хүн эхээ хайрлах хэрэгтэй, эндээс л бодох хэрэгтэй. Сүүлийн үед иргэд их шүүмжлэгч, хар юмыг өлгөж, тосож авдаг, цагааныг нь олж харах сэтгэл биднээс алсарчээ. Үүнийг эргүүлэн олж авах нь хайр, энэрэл, уучлал, бие биесээ дэмжих эхлэл. “Үйл бүхний дээд нь дэмжих, бүтээх, туурвих. Үнэн бүхний туйл нь төрөх, орших, үхэх” хэмээн говийн догшин хутагт Данзанравжаа хэлсэн байхад, бид яагаад харанхуй болов гэдэгт уран бүтээлчийнхээ хувьд санаа зовнин, наадмын нээлтээр дамжуулан гурван сая хүний сэтгэл гэгээн бодол тусгахыг бодолцсон.
“Дэлгэр монгол орон” дууны тухайд яагаад бид жилд ганц болдог төрийнхөө наадмаар эх орон, газар шороо, өөрөөрөө, бусдаараа, монгол хүнээрээ бахархаж болохгүй гэж.
-Бэлтгэл дээр ээжүүд хүүхдүүтэй хамт бүжиглэж харагдлаа?
-Наадмын нээлтэд Алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэнэ. Ээжүүд маань сайн дураараа оролцож байгаа. Өөрсдөө хувцсаа бэлтгэж байна. Эхийн үүргээ ухамсарлаж, наадмын нээлтдээ гар бие оролцож буй нь энэ жилийн наадмын бас нэг онцлог, үзүүштэй зүйл гэж бодож байна. Өөрсдөө цагаа тохирч цуглаад, цаг заваа зохицуулж ирээд, үнэхээр их сэтгэл гаргаж байгаа нь надад их сайхан санагдсан. Монголын үрс маш олон болтугай. Ийм сайхан сэтгэлтэй ээжүүд мянга мянга болох болтугай. Эхийн цагаан сүү дагаж, хайр биднийг ариусгадаг байгаасай гэж хүсдэг.
-Ингэхэд, хэчнээн хүүхэд наадмын нээлтийн тоглолтод оролцож байгаа вэ?
-Олимп, спорт, урлагийн том наадмын нээлтэд ч хүүхдүүд гол байр суурь эзэлдэг. Яагаад гэвэл тэд бол ирээдүй. Энэ утгаараа хүүхдүүдийн үзүүлбэрт бид онцгой анхаарч байгаа. Монгол Улсын Төрийн соёрхолт зураач, барималч Д.Амгалангийн алдарт “Ээж ээ” зургаас сэдэвлэсэн үзүүлбэрт 200 хүүхэд оролцуулж байгаа. Эх, үрийн элбэрэл гэдэг бол нандин холбоо. Мөн оюутан цэргүүд, армийн уран бүтээлчид оролцож байна. Үүргээ ухамсарлаж, эх орныхоо онц байдал, дархан хилийг манаанд зогсохын сацуу төрийнхөө наадамд зүтгэл гарган оролцож буй батлан хамгаалахын салбарынхнаараа бахархахгүй байхын аргагүй, бүгдэд нь үнэхээр талархаж байна. Онцгой байдлынхан бидэнд их том тус хүргэж байгаа. Усан оргилуур, Тулга дахь түүдэг гал гээд тэдний хийсэн ажил олон бий. Монголын урлагийн байгууллага, театрын хамт олон, уран бүтээлчдэдээ баярлалаа.
-Наадмын өглөө үзэгчдэд нээлтийн гол дуучид хэн байх нь сонин байдаг? Ямар уран бүтээлчид уригдсан бэ?
–Мэдээж төрийн наадамд шилдгүүд оролцдог. Тэр он жилд хамгийн мундаг байсан, амжилт гаргасан уран бүтээлчид сонгогддог. Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-гийн С.Амармандах нар оролцоно. Театрын уран бүтээлчид, алдартай 33 уртын дуучин, 33 морин хуурч, төв Гандантэгчилэн хийдийн лам нар мөн оролцоно.
-Наадмын нээлт, хаалтын ёслолынхон өнгөрсөн жилийн багаараа ажиллаж байгаа юу?
-Яг хэвээрээ. Наадмын ерөнхий зураачаар УДЭТ-ын зураач Т.Ганхуяг, бүжиг дэглэгчээр жүжигчин Г.Ган-Очир, хөгжийн зохиолчоор Б.Чинбат, ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндавга, продюсерээр Б.Отгонбат нар ажиллаж байна. Бас нэг нууц задалъя. Бид Бурхан халдун шүтээнтэй сайхан монголчууд. Энэ сайхан хайрхнаа ард түмэн минь удахгүй наадмын талбайдаа харж, итгэл бишрэл нь төрөх байх. Анх удаа наадмаа тайзтай болгосон.
Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ