Хуульч Д.Миеэгомботой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа хоёр дахь шатны санал хураалттай болж байна. Энэ удаагийн сонгуулийг та юу гэж дүгнэж байгаа вэ?
-Дараагийн санал хураалт болж байгаагийн шалтгаан бол гуравдагч хүчний нэр дэвшигч анх удаагаа нөгөө хоёр намын саналыг хуваах хэмжээнд санал цуглуулснаас үүдэлтэй. Ийм хэмжээний санал авахад МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар гэдэг хувь хүн, нам нь, бас МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хувь хүний нөлөө тус тус байгаа. Гэвч энэ үйл явдал МАХН эсвэл С.Ганбаатар гэдэг нэр дэвшигч сайн гэхээс илүү МАН, АН гэдэг хоёр том намын одоогийн байгаа байдалд сонгогчдын тавьсан дүн гэж бодож байна. Ерөөсөө Монголын улс төрийн намуудад шинэтгэл нэн даруй шаардлагатай болсон гэдгийг харуулж байгаа юм. Түүнчлэн энэ удаагийн сонгуулийг сонгогчид “Сонголтгүй сонголт” гэж дүгнэсэн. 18 мянган сонгогчийн цагаан хуудас, дахин санал хураалтад цагаан хуудасны давалгаа үүсгэе гэх уриалгын цаад санаа нь сонголтгүй сонгууль байна гэж үзэж байгаагийн илрэл. Сонголтгүй байна гэдгийн цаад утга нь улс төрийн намууд ард түмэнд таалагдахгүй эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгчид тэнцэх хэмжээний нэр дэвшигч нэр дэвшүүлж чадахгүй байна гэсэн үг. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэдэг болохоор нэг нэр дэвшигч нь сонгогдох л байх. Энэ удаагийн сонгууль шударга болсон эсэхийг өнөөдрийн байдлаар дүгнэхэд учир дутагдалтай, эрт байна.
-Сонгуулийн сурталчилгаа хар пи-араар дүүрэн байсан гэдгийг хэлэх хүмүүс маш олон байна. Хэр шударга өрсөлдөж чадсан бэ, нэр дэвшигчид?
-Сонгуулийн сурталчилгаа бүхэлдээ бохир заваан, утга учиргүй болж өрнөсөн. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, чадвараараа өрсөлдөхийн оронд утга учиргүй зүйлээр хөөцөлдөж байгаа нь наанадаж ёс зүйгүй үйлдэл. МАН бол хүндээ хөнгөнөөс өгсөн. АН-ын тухайд ч тэр. Бие биенийхээ харыг гайхаж, гүтгэж, ёс зүйгүй, хүний мөсгүй зүйлүүдийг хийж байгаа нь Монголын улс төрийн өнгийг тодорхойлж байгаа хоёр намын өнөөдрийн байж байгаа царайг харуулж байгаа. Юун яасан судалгаа, төлөвлөлт, бодлого…
-Улс төрийн намуудыг шинэчлэх, тэд шинэчлэгдэх ямар гарц байна вэ?
-1992 оны Үндсэн хуульд улс төрийн намыг төрийн байгуулалтын эрэг шураг болсон интитуцийн хувьд нь тохируулсан зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, нам гэдэг нь ямар зорилготой, ямар байгууллага байх, үзэл санаа нь юу юм, гишүүнчлэл нь ямар байх эсэх утгаар байдаггүй. Зөвхөн хүний эрх, эрх чөлөө гэх хэсэгт “Хүний улс төрийн эрх, эрх чөлөө’-г томъёолохдоо улс төрийн нам эвсэл, олон нийтийн байгууллагууд нэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхтэй гэж дам илэрхийлсэн байдаг. Төрийн байгуулалтын гол эд эс гэдэг утгаар нь томъёолоогүй. Ингэхээр одоо улс төрийн намыг нэг талд нь гаргаж, Үндсэн хуулиас эхлэн эрэмбэлж, эрх зүйн орчныг нь тодорхой болгох шаардлага байна. Үзэл баримтлалтай, бодлоготой байх чиглэл рүү яаж хөгжих ёстой вэ гэдгийг бид юуны түрүүнд ярих ёстой. Намуудын мөрийн хөтөлбөрийг харахад сүүлийн 13 жил яаж олонд таалагдаж, саналыг нь хамах вэ, үүний тулд үнэн, худал нь хамаагүй юу гэж худлаа амлах вэ гэдэг шалгуураар уралдаж, амлаж ирсэн. Тэгэхээр үүнийг цэгцлэх ёстой. Уг нь 2008 онд УИХ-аас баталсан ‘Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, 2010 онд баталсан ‘Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал’ гэх баримт бичгүүдийг Монгол Улс дагаж мөрдөх учиртай юм. Эд бол Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улс ямар хөгжилд хэзээ, ямар арга замаар хүрэх вэ гэдгийг сайн томъёолсон бодлогын баримт бичгүүд. Харин эдгээрийг боловсруулж батлахад 1992 оны Үндсэн хууль шиг нийгмийн зөвшилцлийг хангах шаардлагатай байсан болов уу гэж би боддог. Эдгээрийг нэлээд өргөж, нийгмийн анхаарлыг хандуулж оролцуулж батлах, хэрэгжүүлж сахихад анхаарах ёстой байв уу гэж. Нийгмийн зөвшилцлийг хангаж чадаагүй учраас л Үндэсний хөгжлийн цогц бодлого баталсан УИХ-ын тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Тэр баримт бичгийн агуулгаар бол улс төрийн намууд сонгуульд оролцохдоо ч, ялалт байгуулаад гарч ирсэн намын Засгийн газар ч тэр, Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх дээр л уралдах учиртай, амлах учиртай. Тэгэхдээ Үндсэн хууль, аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд. Одоо хэн ч ярихгүй, хэрэгжүүлэхээр зорихгүй байгаа нь Монголын төрийн өнөөдрийн өнгө төрх. Хууль биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, хүлээлгэдэггүй хэрнээ дандаа сайн сайхан зүйл ярьж, амална. Одоо ч оройтоогүй, хоёр том нам бусад намуудыг оролцуулаад тодруулахыг нь тодруулаад, ард иргэдэд зөв ойлгуулаад шийдвэр гаргаад хэрэгжүүлэх ёстой. Үүнийг л шинэ ерөнхийлөгч хийх ёстой.
-Улс төрийн намууд сонгууль бүрийн дараа шинэчлэл ярьж эхэлдэг. Гэхдээ тэр шинэчлэл нь дарга солих, намын удирдлага солих төдий болоод өнгөрдөг. Сонгогчид ч энэ хоёр намд итгэхгүй байгааг сүүлийн жилүүдийн сонгуулийн ирцээс харж болохоор. Тэгэхээр намууд шинэчлэлийг юунаас эхэлж, яаж хийх ёстой юм бэ?
-Шинэчлэлийн томъёолол байдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоогийн байгаа нөхцөл байдлаа таньж оношилж зөв, үнэн дүгнээд, ирээдүйгээ тодорхойлж төлөвлөх нь улс үндэстний хувьд ч, төрийн хувьд ч, улс төрийн намын хувьд ч адилхан туйлаас чухал байна. Намууд шинэтгэлийг доторх албан тушаалаа дахин хуваарилахтай андуураад байна. Гэтэл өнөөдөр нийгэм энэ шинэтгэлээс цоо шинэ зүйлийг хүсч, хүлээж байна. Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал ч үүнийг шаардаж байна. Бүр үндэстнээрээ бодож үзвэл өнөөдөр Монгол үндэстэн салаа замын уулзвар дээр байгаа болов уу гэж би боддог. Яагаад гэвэл, дэлхий дээр үлдсэн сүүлчийн нүүдэлчид бид. Суурьшиж, иргэншиж эхлээд 100 жил ч хүрээгүй. Иргэншлийн түүхээр бол богино настай үндэстэн. XX зуунд иргэнших, түүний дэг журмыг тогтоож хэвшүүлж авахдаа тогтоосон хандлага, сэтгэлгээний хэв маяг маань хуучин оросоос авсан, гажуудалтай, өөрийгөө үгүйсгэсэн ийм зүйл байдаг. Нэг талд нь уламжлалт нүүдлийн ахуй, нөгөө талд нь хүн төрлөхтний жишиг дагаж яваа иргэншил хэмээх хоёр зүйлийн хосолсон хэлбэрийг Монгол Улс хайж байх шиг. Энэ хоёрынхоо хооронд гацсан байдалтай байгаад байгаа. Угтаа бол энэ хоёрыг зөв зэрэгцүүлэх боломж байгаа эсэхийг эрэлхийлж, шийдлийг нь олохгүйгээр бид цаашаа явахгүй нь. Түрүүний ярьсан, социализмаас өвлөсөн, одоо ч амь бөхтэй оршиж байгаа сэтгэлгээний хэв маягаа хэрхэн яаж өөрчлөх вэ, гэтэл өөрийн ахуй соёлоо харьшуулж сольж алдсан тэр орон зайгаа яаж нөхөх вэ, үүнд чиглэсэн ямар судалгаа, ирээдүйд хандсан ямар бодлого, төлөвлөгөө байна вэ гэхээр өнөөдрийн нам гэдэг институци дэндүү сул, хүчгүй байна. Намаар дамжуулж бусниж байгаа төр, төрийн албаны ухаан мохоо, нүд сохор, чих дүлий, ой охор байна. Цаашид Монгол үндэстэн энэ янзаараа яваад байвал ард иргэд нь хүмүүжилгүй, өвчний эрэндэг болсон, боловсролгүй, сэтгэлгээ нь эрлийзэжсэн ийм л үндэстэн болж хувирч байна. Ийм янзаар байвал бидний нас их богино. Гэтэл дэлхий, хүн төрөлхтөн өөр гаригт нүүхээр зэхэж ирээдүй бидний мэдэхгүй ямар түвшинд очсон байгааг ч бид мэдэхгүй л сууж байна. Ийм байхад санаа зовох ч багадна. Нөгөөтэйгүүр яг одоо бидний энэ үе бол золиосны үе гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол үндэстэн түүхэндээ хаанаас гарсан хэн байгаад өнөөдөр хэн болов гэдгээ дүгнэх, цаашид хэн байх вэ гэдгээ тодорхойлоод ямар арга замаар хүрэх вэ гэдгээ зөв томъёолоод, түүнийхээ төлөө эв нэгдэлтэй, үнэнч шударга хөдөлмөрлөх шуудхан хэлэхэд үхэн хатан зүтгэх шаардлагатай байгаа юм.
-Энэ бүгдийг хэн хийх юм бэ. Яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Бид бүгд хийх ёстой. Ялангуяа улс төрийн намууд оройлон оролцох ёстой. Харамсалтай нь энэ бүгдийг засч, залруулах хандлага байхгүй байгаад л учир байна. Нийгмийн үнэ цэнэтэй зүйл гэж үзээд байгаа мөнгө, эд баялгийн хуваарилалт, түүнд ямар хялбар аргаар уралдаж хүрэх вэ гэдэг уралдаанд л улс төрийн намууд ханцуй шамлан орчихсон. Үүнийгээ өөрсдийнхөө зорилго гээд харчихсан байгаад л гол асуудал байгаа юм. Ард түмэн өөр зүйл хүсээд байгаа ч намууд нь ‘тулга тойрч цаг нөхцөөсөөр’. Өөрөөр хэлбэл, ард түмэн мэдрэмжээрээ, үйлдлээрээ биш байна аа гэдгийг мэдээд, дүрвээд байхад л намууд нь бахь байдгаараа бодлого, хүний хувьд сонголтгүй сонголтоо тулгасаар байна. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл бидний хэн нь ч хүсээгүй үр дагавар гарах бус уу!? Үүнээс гарах гарц нь бид сэтгэлгээний өөрчлөлт, ухамсрын төвшингөө ядаж нэг алхам урагшлуулж нүдээ нээх, үндэстнээрээ сэхээрч нэгдэх туйлаас чухал. Ардчиллыг хөгжүүлэхэд иргэншил зайлшгүй шаардлагатай. Мөн хүний эрх, эрх чөлөө, өөрийгөө үнэлэх үнэлэмж итгэл үнэмшил, боловсрол, хөрөнгө чинээ ч хэрэгтэй юм байна. Ийм суурьгүйгээр ардчиллын тухай ярихад учир дутагдалтай юм шиг байгаа юм. Хуурамч ардчилал бол дарангуйллын өрөөсөн гутал гэж тодорхойлсон нь бодитой дүгнэлт гэж бодож байна. Ийм байдалтай байгаа үндэстэнд юу хэрэгтэй вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Үүнийг, өнөөдрийн энэ цагийн өнгөн дээр төрийн бодлогыг тодорхойлж байгаа, улс төрийн намуудад зонхилох байр суурь эзэлж байгаа нийгмийн сэхээлэг хэсэг харах, бодох ёстой.
–Намууд ийм алхам хийж чадах уу?
-Ер нь намууд энэ бүхнийг өөрчлөхийн тулд төрийн удирдлагыг оновчтой үр нөлөөтэй болгохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж эхэлсэн байх. Үндсэн хуулийг өөрчлөх Засгийн газрын ажлын хэсэгт, дараа нь зөвлөлдөх санал асуулгад тусалж одоо УИХ-ын дэд ажлын хэсэгт би ажилласан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөс наана бодох, хийх зүйл олон байна, түүний агуулгыг би дээр илэрхийлсэн болов уу гэж бодож байна. Гүнзгий бодол, судлагаагүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд хандаж хөнгөн хуумгай хэдхэн хүний дур зоргоор өөрчлөх, 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн өнгийг өөрчлөөд нүд хуурсан өөрчлөлт хийх вий гэсэн болгоомжлол надад байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай авч үзэх, ард түмэн ч шаардлагаа тавих ёстой.
-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан нам шинэчлэгдсэн, намын даргаа, нэр дэвшигчээ гишүүдээсээ сонгосон гэж байгаа. Энэ бүхэн шинэчлэл мөн үү?
-Өөрсдийнх нь хувьд шинэчлэл гэж бодож байж магадгүй. Би хувьдаа шинэчлэл гэж огт харахгүй байна. Ер нь өнөөдрийн улс төрийн намууд үзэл баримтлал, үнэт зүйлтэй, тэр гишүүд нь үнэт зүйлдээ итгэдэг, итгэж үнэмшиж байгаа зүйлийнхээ талаар тодорхой мэдлэг, мэдээлэл, байр суурьтай байгаа гэдэгт ч итгэхгүй байна. Энэ тал дээр МАН-д ч, АН-д ч итгэхгүй байна. Тиймээс бүх гишүүдээс гарч ирж байгаа гэдэг үгээр ам таглах гэж байгаа бол нүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэг.
-Намын гишүүнчлэл байх ёстой юу. Ялангуяа сонгуулийн үеэр намын гишүүнчлэл асуудал дагуулдаг. Жишээлбэл, ах дүүс намаас болж талцах явдал гарч байсан гэдэг шүү?
-Намын гишүүдэд тодорхой шалгуур тавих ёстой. Намууд өөрсдийгөө үзэл баримтлал, итгэл үнэмшилтэй гэдэг. Намын үзэл баримтлал нь итгэл үнэмшил нь болсон гишүүн энэ хоёр том намд гарын арван хуруунд багтахаар л байгаа. Байвал их юм. Тэгэхээр намын гишүүн зөвхөн итгэл үнэмшил, үзэл баримтлалд итгэгч байх ёстой. Магадгүй нэг итгэл үнэмшилтэй хүн байлаа гэхэд түүнийг нь итгэл үнэмшилгүйгээр сохроор дагаж байгаа хүмүүс нь дэмжигчид л биз дээ. Гишүүн биш. Үнэхээр намууд үнэт зүйл, үзэл баримтлалаараа шалгуур тавиад үзвэл МАН арван гишүүнтэй, АН найман гишүүнтэй, МАХН нэг гишүүнтэй л болох байх.
-Нэр дэвшигч С.Ганбаатар 400 мянга гаруй сонгогчийн санал авсанд МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүний нөлөө байсан гэдгийг зарим судлаачид хэлж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр үнэхээр сайн улстөрч учраас нөлөөтэй байгаад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Н.Энхбаяр бол хувь хүнийхээ хувьд сэтгэлийн их хүчтэй хүн юм. ‘Оймсоо гозолгойсноос’ хойш сэтгэлийн хүчээ биеийн хүч болгож, өөрийгөө удирдан залж явах чадавхи тэр хүнд ямартай ч байна. Гэхдээ зорилго нь юу юм, үнэнийг яагаад ярихгүй, өнөөх л хуйвалдаан руугаа яваад байна вэ гэдэгт гайхаж байна. Улс төрийн нөлөө гэдгийг нь Ерөнхийлөгчийн интитуцитэй холбож яримаар багаа юм. Яг үнэндээ манай ихэнх улстөрчид эрүүгийн нормыг хангачихсан хүмүүс. Тендер будлилуулдаг, авлига авсан өгсөн, эсвэл ядаж л татварын өртэй гээд. Үүнийг Ерөнхийлөгч хууль, хүчний байгууллагыг удирдаж байгаагийн хувьд ийм хувийн байдалтай улстөрчид дээр хувийн тоглолт хийх боломж нөхцөл байгаад байгаа юм. Тэгэхээр энэ эрх мэдлээр дамжуулж өөртөө хүч олж авч байна. Ерөнхийлөгчид АТГ, Прокурор, Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулдаг эрх байна. Түүнээс хувь хүний суу заль буюу бусдыг дагуулах чадварт биш, бусдаас мэргэн, хурц оюун ухаанд нь ч биш гэж бодож байна. Зарим улстөрчдийн хувьд ‘хар дэвтэр’-т нь л тэр хүний хүч оршиж байгаа нь нууц биш. Түүнийгээ үе үе дэлгэдэг улстөрч ч байж л байдаг. Бие биенийгээ барьцаалаад, нэг нь хөдлөх гэхээр боолтоо чангалчихдаг. Ийм.
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал шийдэгдэж магадгүй гэж харах хүмүүс бас байна. Та юу гэж бодож байна?
-Өнөөдрийн байгаа улс төрийн намуудын явуулдаг үйл ажиллагаа, тэдний байгаа царай, өнгөрсөн хугацаанд хийсэн ажилд нь дүгнэлт хийвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарна гэж тааварлаж болно. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах одоогийн төсөлд байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодруулах, танах зүйлүүд байгаа. Ер нь бол Ерөнхийлөгчийн институцийг зайлшгүй тодруулах, хаана байх ёстой вэ гэдэг асуудлыг шийдэж эрх мэдлийн хуваарь дунд зөв байранд нь тавих ёстой. Гэхдээ энэ бүгдийг судалгаатай, үндэслэлтэйгээр шийдэх ёстой болохоос сонгуулийн үр дүнгээс хамаарч өөрчилж болохгүй. Одоо байгаа хандлага бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс хамаарч өөрчлөлт хийж магадгүй байна.
-Дахин санал хураалтын ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол байна. Баяр наадам, амралтын улирал таарч байгаа гээд олон шалтгааныг хэлж байх шиг байна?
-Хуульд ирцийн шаардлага байхгүй. Нийт сонгогчдын 50 хувь сонгуульд оролцож байж Ерөнхийлөгчийн сонгууль хүчинтэй болно гэдэг заалтыг сонгуулийн хуулиас олж хараагүй. Хуульд “Санал хураалтад оролцсон сонгогчдын олонхийн саналыг авсан байх ёстой” гэсэн босго байгаа. Хоёр дахь санал хураалтад хоёуланд нь энэ босго хамаарна.
-Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр дахь шатны санал хураалтын ирц 50 хувиас дээш байж хүчинтэй болно гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Сонгуулийн ерөнхий хороо яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна. Би тэр заалтыг олж хараагүй. Хуульд бол санал хураалтад оролцсон сонгочдын олонхи л гэж заасан байгаа.
-Хоёр дахь шатны санал хураалтыг хүчингүй болгож, дахин сонгууль болгоё гэх хандлага маш их байна. Энэ хэр зохимжтой юм бэ?
-Одоо нийгэмд хоёр дахь шатны санал хураалтыг дахин сонгууль болгох цагаан хуудасны уриалга явж байна. Тэр хүмүүсийн буруу биш л дээ. Тэр хүмүүс сонголтгүй байгаа учраас хэн ч олонхийн санал авахгүй байлгаж, дахин сонгууль явуулах хандлага явж байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо болоод, хэн нэг нь сонгогдож л таарна. Харин энэ бүх үйл явдлаас гарч ирж байгаа хамгийн том дүгнэлт бол улс төрийн намууд зайлшгүй шинэчлэгдэх шаардлага байна, улсын хувь заяа бүрхэг байна, үндэстний өмнө асуудал байна гэдэг тэр оюун дүгнэлт.
-18 мянган сонгогч цагаан хуудас уншуулсан. Хоёр дахь шатны санал хураалтаар ч хэнийг ч сонгохгүй байя гэсэн хандлага, уриалга гарах болж. Ирц хүрэхгүй байх эсвэл нэр дэвгшигчдийн хэн нь ч олонхийн санал авахгүй байх нөхцөл үүсэх үү?
-18 мянган сонгогч гэдэг бол нийт санал өгсөн сонгогчийн нэг хувь. Энэ нэг хувь өслөө гэхэд хоёр дахь шатны санал хураалт хүчингүй болох хэмжээнд хүрэхгүй байх. Гэхдээ олон нийтийн сүлжээгээр цагаан хуудас уншуулсан хандлагад улс төрийн намууд, улстөрчид зөв дүгнэлт хийх ёстой. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг харах ёстой. Яг үнэндээ бол одоогийн улс төрийн намд, институцид нь найдаад ямар ч үр шим гарахгүй гэж би бодож байгаа. Найдлага хувь хүмүүс дээр л байна. Шинэ ерөнхийлөгч дээр. Жишээлбэл, МАН-ын У.Хүрэлсүхээс, Ж.Энхбаяраас л горьдоно шүү дээ, АН-аас Алтанхуягаас ч юм уу… Энэ хүмүүсийн хувь хүнийх нь хандлага, дээрх бүх асуудалд өгч байгаа дүгнэлт, нам дотроо явуулах үйл ажиллагаанаас шууд хамаарна. Нийгмийн ийм захиалга байгааг энэ намуудын удирдлага, энэ хүмүүс мэдэхгүй биш мэдэж байгаа. Тэнэг улс биш шүү дээ, энэ хүмүүс чинь. Ганцхан үүнийг жанжин шугамаа болгож, үг, үйлдэл, бодол санаагаараа чиглэж ирээдүйг тодорхой байдлаар өөрчлөхөд зориулах уу, үгүй юү гэдэг л байна.