Хуучирсан мэдээ: 2017.07.02-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч дуншиж байна. Ерөнхийлөгчөө сонгож ирсэн 24 жилийн түүхэнд анх удаа эхний шатны санал хураалтаар Ерөнхийлөгчөө тодруулж чадсангүй. Эхний шатанд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан хоёр болох МАН-ын М.Энхболд, Ардчилсан намын Х.Баттулга нарын төлөө монголчууд долдугаар сарын 7-ны Баасан гаригт ахин санал өгөхөөр боллоо. Ардчилсан сонгууль явуулж ирсэн 1992 оноос хойш нэмэлт санал хураалт тодорхой хэсгүүд дээр болж байснаас биш ингэж сонгогчид бүгд дахин санал өгч байгаагүй юм.

Дахин санал хураалт явуулж байгаа шалтгаан нь гурван нэр дэвшигчийн хэн нь ч сонгуульд оролцсон сонгогчдын олонхийн санал аваагүй явдал. Зургадугаар сарын 26-нд явагдсан санал хураалтаар хамгийн олон буюу 38.11 хувийн саналыг Х.Баттулга авч, үлдсэн хочр нэр дэвшигч ойролцоо санал авсан. Тухайлбал, М.Энхболд 30.32, С.Ганбаатар 30.19 хувийн саналыг авсан.

Сонгуулийн дүнг Сонгуулийн Ерөнхий хороо эцэслэн зарласнаас хойших зургаа хоногт олон зүйл өрнөлөө. Юун түрүүн МАХН саналаа МАН-д луйвардуулсан гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Харин МАН-ын зүгээс гүтгүүлж байгаагаа мэдэгдэж, баримтаар нотлохыг шаардан, шалгуулахад бэлэн хэмээсэн.

Харин улс төр судлаач, шинжээчид саяны сонгуулийн дүн нь сонгогчид улс төрийн намуудаас залхсан, шинэ хүнийг, шинэ хүчийг хүлээж байгааг харууллаа гэдгийг онцолж байна. Энэ удаагийн сонгуулиар гурван нэр дэвшигчийн хэнийг ч сонгоогүй 18 мянган сонгогч байсан. Энэ тоо үүнээс өндөр байх магадлалтай байсан гэдгийг Нээлттэй нийгэм хүрээлэнгээс хийсэн мониторингийн судалгаа харуулсан. Учир нь, хэнийг ч дугуйлаагүй цагаан хуудас уншуулах гэсэн олон сонгогчийг хэсэг дээр ажиллаж байсан ажилтнууд “ингэж болохгүй, заавал хэн нэгнийг сонгох ёстой” хэмээн буцаасан тохиолдол их байсныг хэлсэн. Эдгээр сонгогч намуудын нэр дэвшүүлсэн хүмүүс улс орны тэргүүн байхад хангалтгүй гэж үзсэн учраас ийм хамгийн ухамсартай сонголт хийсэн хүмүүс.

Харамсалтай нь, цагаан хуудас өгсөн сонгогчдыг тойрсон улс төр сүүлийн хэд хоногт өрнөж байна. Өөрийн дэмжсэн нэр дэвшигчийг дэмжээгүйнх нь төлөө урвагчаар дуудаж, улс орноо хагалан бутаргалаа гэсэн зэмлэл хаа сайгүй. Мэдээж монголчуудын дургүй хүндээ шууд наадаг харийнхны гар хөл бологчид гэсэн хараал зүхэл хангалттай явж байна. Ухамсартай хийсэн энэ сонголтыг сонгуульд оролцсон улс төрийн нам хүртэл ашиглаж эхэллээ. МАН-ын төрийг хэт түрий барьж байгаа байдал /төрийн албыг тэр чигээр нь дайчилж байгаа/, Ардчилсан намын ялахын төлөөх улангасан байдал /хамгийн сүүлийн жишээ нь иргэдийн өрийг тэглэнэ гэсэн попрол/, МАХН-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл нь цагаан хуудас өгсөн иргэдийн сонголт зөв байсныг нотолж байгаа юм.

Өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байх, эрүүлээр сэтгэх, бусдыг дагалдан дууриасан долдой байхгүй байх гэдэг нь хэн нэгнийг айлгах болтлоо Монголын нийгэм доройтжээ. Үүнийг ойлгох хэмжээний иргэдтэй байгаадаа уг нь Монголын төр баярлах ёстой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж