БНХАУ–ын Хөх хотноо болж буй жүдо бөхийн Гран–при тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг–ын жингийн медальтнууд тодорно. Манай улсаас нийт зургаан бөх барилдах бөгөөд эмэгтэйчүүдийн +78 кг–ын жинд Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн 90 кг–д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, 100 кг–д Б.Жанчивдорж, +100 кг–д Ө.Дүүрэнбаяр нар барилдана.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд нийт арван бөх барилдах бөгөөд манай хоёр жүдоч болох Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа нар ‘D’ хэсэгт багтаж, оноолт таарсан. Хоёр бөхийн ялсан нь шууд хагас шигшээд үлдэж, мөнгөн медалийн төлөө барилдах юм.
Эхний хоёр өдрийн барилдаанаас 15 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон дөрвөн алтан медаль хүртсэн бол ОХУ, Канад, БНСУ, БНХАУ, БНАСАУ–аас нэг аварга төрөөд байна. Манай улс нийт таван медаль хүртсэн амжилтаар долоодугаар байрт жагсаж байна.
Шигшээ барилдаан 19.00 цагт эхэлнэ.
Барилдааны үр дүнг: http://www.ippon.org/gp_chn2017.php-с харна уу.