АНУ-ын Нью-Йорк хотноо Бронкс дахь эмнэлэгт зэвсэгтэй эрэгтэй гал нээж, нэг хүний амийг хөнөөн, өөр зургаан хүнийг хүнд шархтуулжээ. Зэвсэгт этгээд өмнө нь тус эмнэлэгт ажиллаж байсан эмч Хенри Белло гэгч бөгөөд халдлагын үеэр амиа егүүтгэсэн аж.
1000 ортой Bronx-Lebanon эмнэлэгт орон нутгийн цагаар 14.45 цагт энэ хэрэг гарсан байна. Хенри Белло 2015 онд тус эмнэлгээс халагдсан аж.
Тэрбээр цэргийн зориулалттай М16 буугаар эмнэлгийн 16 болон 17 давхарт гал нээжээ. Халдлага үйлдэхдээ тэрбээр эмчийн цагаан халаадаа өмссөн байжээ.
Нью-Йорк хотын дарга Билл де Бласио энэ хэргийг террорист халдлага гэхээс илүү ажлын байртай холбоотой хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА