Хойд Солонгос улсад хандаж ирсэн Вашингтоны олон жилийн стратегийн тэсвэр алдарч, шийдвэртэй хариу өгөх цаг ирснийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзсаны дараа хамтарсан хэвлэлийн хурлын үеэр “Бид хамтдаа аюул заналхийлсэн, бурангуй дэглэмтэй тулгараад байна” хэмээн Хойд Солонгосыг шүүмжлэв. Дональд Трамп Пхеньянд хандан аль болох хурдан илүү дээр замыг сонгохыг уриалж, АНУ-ын зүгээс цаашид Хойд Солонгосыг тэвчихгүй гэдгийг анхааруулсан байна. Тэрбээр АНУ өнгөрсөн хугацаанд Пхеньяны аюул заналхийллийн эсрэг Өмнөд Солонгос, Япон болон бусад олон оронтой дипломат, аюулгүй байдал, эдийн засгийн арга хэмжээг авч ирсэн хэмээжээ.
Харин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Пхеньяны удирдлагуудтай энхийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн боловч Сөүл өөрийгөө хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлсээр байх болно гэдгийг онцлон мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА