А.Гансүхийн хэрэг буцаж, 159 сум цахилгаангүй болов

Хуучирсан мэдээ: 2017.07.01-нд нийтлэгдсэн

А.Гансүхийн хэрэг буцаж, 159 сум цахилгаангүй болов

УИХ-ын даргыг сонгосон явдлыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн МАН-ын нэрийн өмнөөс Б.Лхагважав нь Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад байгаа билээ.

News агентлаг” өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


УИХ-ын чуулган хуваарийн дагуу хуралдаж байна

УИХ-ын чуулганы хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан түр завсарлаад байсан бол өнгөрсөн долоо хоногт түр завсарлага нь дуусч, УИХ-ын чуулган хэвийн үйл ажиллагаандаа орсон юм. Үйл ажиллагааны дагуу намын бүлэг хуралдаж, байнгын хороод хуулийн хэлэлцүүлэг хийж, чуулганы хуралдаан хэвийн үргэлжилж буй. Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь Засгийн газраас өнгөрсөн зургадугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байсан юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийсэн юм.

Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Эрчим хүчний төсөл 2”-ын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурхаар болов. Энэ санхүүжилтээр  Дэлхийн банкнаас авах 42 сая ам.долларын зээлээр “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн түгээх шугам, сүлжээ, дэд станцуудыг өргөтгөн шинэчилж, эрчим хүчний төлөвлөлтийн программ хангамжийг сайжруулах юм байна. Мөн баруун бүсэд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар төлөвлөж байна.

Эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц нэгэн үйл явдал бол Монгол Улс Иран улс руу хонины мах экспортолж эхэлсэн явдал. Тус улсад нийт 4000 тонн боловсруулсан мах, халал стандартаар нийлүүлэх бөгөөд зургадугаар сарын 30-ний өдөр эхний 1000 тонн махыг ОХУ-руу ачуулсан юм. Хонины махыг экспортлохдоо ОХУ-аар дамжуулж, Иран улсад хүргэх аж. Цаашлаад мах экспортлох ажлыг нэмэгдүүлэх, хүчин чадал бүхий үйлдвэр барьж ашиглалтад оруулна.  

Байгалийн гамшиг 159 сумыг цахилгаангүй болгов

Булган аймгийн Булган, Бугат, Орхон сум, Орхон аймгийн Баян-өндөр, Жаргалант сумын нутгаар 2017 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 22:30 цагийн орчимд аадар бороо, мөндөр орж, хүчтэй салхи шуурга болсон. Үүний улмаас Булган аймгийн Орхон сумын “Залуугийн хөндий” гэдэг газар Булган-Эрдэнэт чиглэлийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр анкер багана хоёр, бетон багана 11, 6000 вольтын 31, нийт 44 тулгуур багана хугарч унасны улмаас таван аймгийн 159 суманд 70198 хэрэглэгчийн цахилгаан тасарсан.  Мөн  Булган аймгийн Орхон, Сайхан, Хутаг-Өндөр, Төв аймгийн Дэлгэрхаан, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдад нийт 80 өрх айлын гэр нурж, Архангай, Булган, Төв, Орхон аймгийн нийт 2651 толгой мал, 48 тахиа хорогдож, олон тооны хашаа нурж, байшингийн дээвэр салхинд хийсч, цонхнууд хагарсан байна. Онцгой байдлын ерөнхий газар, Эрчим хүчний яам, Зэвсэгт хүчний зарим анги, тухайн орон нутгийн аймгийн удирдлага гээд холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа гэнэ.

А.Гансүхэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтад буцаалаа

Зам тээврийн сайд асан А.Гансүхэд холбогдох шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд баасан гаригт болсон. Өмнө нь анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин мөрдөн байцаах шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас үл хүлээн зөвшөөрч, эсэргүүцэл бичээд, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Прокурорын эсэргүүцлийг шүүх хурлаар хэлэлцэж анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өөрөөр хэлбэл А.Гансүхэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Жүдо бөхийн дэлхийн чансаанд 10 жүдоч оролцож байна

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Хөх хотын Гран-при тэмцээн өчигдөр эхэлсэн. Дэлхийн 26 орны 225 жүдоч зодоглож буй тус тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж байна. Дээрх жинд Монголын баг тамирчдаас 10 жүдоч зодоглосноос нь долоо нь медалийн төлөө барилдахаар шигшээ барилдаанд шалгарч үлдээд байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглож буй ОУХМ Д.Амартүвшин, харин эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа нар аваргын төлөөх өрсөлдөхөөр болов. Харин дэлхийн аварга М.Уранцэцэг /52 кг/, Ч.Аззаяа /52 кг/, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-ын жинд Д.Алтансүх, Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдахаар тус тус шалгарчээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж