Б.Цогтгэрэл: Овоолсон шороонд хүү төлж байгаа

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэл: Овоолсон шороонд хүү төлж байгаа

Монголын хөрөнгийн бирж өчигдөр /долдугаар сарын 27/ 4267 тоот арилжаагаар 12 компанийн нийт 20 сая 745 мянга гаруй төгрөгийн 67,078 ширхэг хувьцаа арилжлаа.

Ерөнхий сайдын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд олон жилийн турш маргаан дагуулж буй төмөр замтай холбоотой асуудалд тодорхой хариулт өгөхийг хүсэв.

Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл: 267 км замд 197 сая ам.доллар зарцуулсан байгаа. Санхүүжилт нь Чингис бондоос хийгдсэн. Овоолсон шороонд хүү төлөөд сууж байгаа. Хөгжлийн банкнаас авсан мэдээллээр сар болгон 1.85 сая ам. доллар төлж байгаа. Төмөр замыг яаж барихгүй байх вэ гэдэг ажлыг хийсэн.  Холболтын цэгийг зөрүүлсэн. Өндөршлийг зөрүүлсэн. Холбоё гэвэл 5.8 км гүүр барих шаардлагатай. Баръя гэхэд зардал өндөр. 100 төгрөгийн ажлыг 600 төгрөгийн өртгөөр хийсэн овоолсон шороо болсон.

Сэргээн босгоод цааш ажил үргэлжлүүлээд явахын тулд ус бороонд идэгдсэнийг засахад эхний ээлжинд 26 сая ам.доллар шаардлагатай, цаашдаа томоохон санхүүжилт хийгдэхээр явж байна. Зам тээвэр, хөгжлийн яам нь бүх түвшинд уулзаад явж байна. Өмнөх удирдлагын үед харилцааны асуудал үүссэн, түвэгтэй нөхцөл байдал үүссэн байсан. Одоо нааштайгаар хүлээж авч байна.

УИХ-ын гишүүн Т.Гантулга: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгыг хамаатан садан, найз нөхдөөрөө дамжуулан 39 орд газрын лиценз эзэмшиж байна гэсэн мэдэгдэл хийгээд элдвээрээ гүтгүүлээд сууж байна. Засгийн газарт түүний лицензтэй холбоотой мэдээлэл байна уу?

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат: Х.Баттулга гэж хүний хамаатан садан болох Х.Цэндбаяр, түүний нөхөр Моломжамц, төрсөн эгчийнх нь хүү Дамдинсүрэн, хүргэн Лхагвадорж зэрэг хүмүүсийн нэр дээр нийтдээ 39 лиценз авсан байсан.

Олон компанийн нэр дээр лиценз эзэмшиж байгаад заримыг нь арилжаалсан байгаа.

Лицензүүдийн байршлыг нэрлэвэл Баянхонгор аймагт 10, Сэлэнгэд тав, Дундговьд тав, Төвд 4, Увсад хоёр, Хөвсгөлд нэг гэх мэтчлэн эзэмшиж байна.  

Асуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин дүгнэж  үг хэлэв. Тэрбээр Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байсан юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: ОУВС-гийн хөтөлбөрт орох хүсэлтийг хоёрдугаар сарын дундуур гаргасан. Тэрнээс хойш ямар ажил хийсэн юм бэ, эдийн засагт ямар үр дүн гарсан юм бэ гэдгийг сонсоё гэсэн.  

Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхдээ сэхээн амьдруулах тасгаас ердийн тасагт шилжлээ гэсэн. Үндэслэл нь юу юм бол гэж сонирхоод байсан, үр дүн гарчээ.

2012 оноос хойш төсвийн орлого тасарч ирсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 504 тэрбумаар давсан. Долларын ханш 2600 хүрч байсан бол 2350 болсон байна.

Цаашдаа валютын ханш өсөх үндэс байхгүй, буурна гэдэг тайлбарыг Монголбанк, Сангийн яамнаас хийж байна. Бодлогын хүү буурсан. Эдийн засгийн өсөлт 4.2 хувь хүрсэн байна, том өсөлт.

Ашигт малтмалын борлуулалтаасаа нэлээд хэмжээний орлого олж, бага хугацаанд ажилласан ч чамлахааргүй амжилт.

ОУВС-гийн зорилт гэдэг бол хөдлөшгүй зүйл биш. Тэр хүрээн дотроо бүтээлчээр ажиллах юм бол боломжууд байна.

Төсөв дээр 400 гаруй тэрбумын хэмнэлт бий боллоо гэлээ. Гарч байгаа өсөлт нь айл гэрийн хаалгаар орсон л байх ёстой. иргэн хүний халаасанд тэмтрэгддэг байх л учиртай. Гэр хороололд өнөөдөр байдал хүнд байгаа. Ургамлын тосоо грамлаж, төмсийг ширхэгээр нь авч байна. Өр тавьж авч байна. Төсвийн орлого даваад байгаа бол ийм өрх рүү чиглэх ёстой.

Тэтгэврийг нэмэх асуудлыг олон удаа ярьсан, хүүхдийн мөнгө хасагдсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хойшлуулсан.

Боломж байгаа бол эргэн харж үзээч ээ гэж хэлдэг байсан. Боломж гараад байгаа бол хүүхдийн мөнгөний хүрээг өргөн болгож, 70 хувьд хүргэх талаас арга хэмжээ аваач ээ гэж хүсэх байна гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж