5 аймгийн цахилгааныг 3 хоногт залгана

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

5 аймгийн цахилгааныг 3 хоногт залгана

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-07-28 10 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Partly Cloudy) агаарын температур: 17 хэм байна.

Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн 120 гаруй сум цахилгаангүй, хоёр дахь хоногтойгоо өнөөдөр /2017.06.30/ залгаж байна. Тодруулбал,  Архангай, Булган аймгийн хүчтэй салхи, аянга дуу цахилгаантай аадар бороо мөндөр орсны улмаас  20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдсон. Мөн  Эрдэнэтээс Булган аймаг орох 18 километрийн зайд байрлах Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хоёр хоногийн өмнө /2017.06.28/ 21.57 цагт хугаран  унаж,  ийнхүү зургаан аймгийн 125 сум цахилгаангүй болсон юм.

Үүнээс Завхан аймгийг өчигдөр /2017.06.29/ Эрчим хүчний салбарынхан шуурхай ажиллаж, цахилгаантай холбожээ. “Тайширын УЦС, Богдын УЦС-тай Завхан, Говь-Алтай аймгийн холбож, тухайн аймгийн иргэдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм. Гэхдээ Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж буйг” Эрчим хүчний яам /ЭХЯ/-ны Цахилгааны хэлтсийн дарга С.Цэрэнжамц тайлбарлав. Үлдсэн таван аймгийн цахилгааныг гэмтсэн агаар шугамуудыг засах графиктаа багтааж, гурав хоногийн дотор буюу ням гаригт /2017.07.02/гэхэд холбож дуусна гэдгийг С.Цэрэнжамц дарга ярилаа.

Хугарч унасан 14 тулгуураас одоогоор зургааг нь суурилуулжээ

Цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан мэдээлэл авангуут Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон, 24 цагийн турш ажиллаж, тог цахилгаангүй болсон аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбохоор газар дээр нь ажиллаж буй. Сэргээн засварлах ажлыг шуурхай хийж буй бөгөөд одоогийн байдлаар зургаан тулгуурыг суурилуулж дууссаныг ЭХЯ-наас мэдээлэв. Мөн шинэ тулгуурыг суурилуулах засварын ажилд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн нийт 75 инженер техникийн ажилтан, 29 машин механизм ажиллаж, Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэсэн гэлээ.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг бетон тулгуур гэхэд 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй байдаг юм байна.  Бетонон тулгуурыг 32 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суурилуулж байгаа учраас засварын ажилд багагүй цаг,хугацаа шаардлагатай байгаа аж. Байгалийн гамшигт өртөж, хугарч унасан төмөр бетон тулгууруудыг анх 1980 онд суурилуулсан бөгөөд нийтдээ 37 жил ашиглагдаж байжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж