Хамгийн дуулиантай улс төрийн аллагууд

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хамгийн дуулиантай улс төрийн аллагууд

Америкт эмч нар Төлөөлөгчдийн танхмын гишүүн эмэгтэй Габриэль Гиффордсийн амьдралын төлөө тэмцэж байна. Ардчилсан намын конгрессвуменыг төрлөх хотдоо олны өмнө үг хэлж байхад нь шархдуулсан юм. Зургаан хүн алуурчны суманд амиа алдсан ба Гиффордс азаар амь гарсан байна. Сум толгойг нь нэвтлэн гарчээ. Эмч нар түүнийг өнгөрсөн ням гаригт хиймэл амьсгалын аппаратаас салгасан ба Габриэль Гиффордс одоо гар хөлөө хөдөлгөж, биеийн байдал нь сайжирч байгаа ажээ. 

Гитлерийн «Майн кампф» ба Марксийн «Эв хамт намын тунхагт» дуртай 22 настай  Жаред Ли Лофнер гэх алуурчинг шууд барьсан ба түүнд хуулийн дээд хэмжээ өгч магадгүй.

Улстөрчийн мэргэжил бүхий л он цагуудад аюултайд тооцогдож иржээ. АНУ-д улс төрийн нэртэй зүтгэлтнүүд мэдрэлийн гажигтай хүмүүс болон хэсэг бүлгийн хохирогчид болох нь их. Америкаас хурцатмал байдалтай орнуудын талаар юу ч ярих билээ. Ер нь бол ийм хэргээс хамгийн тайван оронд ч баталгаатай хамгаалалт үгүй.

Хамгийн дуулиантай улс төрийн халдлагууд:

Жон Кеннеди. АНУ-ын 35 дахь ерөнхийлөгчийг хөнөөсөн хэрэг өнөөг хүртэл ХХ зууны гол таавруудын нэг хэвээр үлдээд байгаа. Кеннеди Техас мужид эхнэр Жаклины хамт задгай бүхээгтэй машинаар Даллас хотын гудамжаар яваж байхдаа винтов буугаар буудуулжээ. Хичнээн өргөн цар хүрээтэй мөрдөн байцаалт  явуулаад Холбооны мөрдөх товчоо хэргийн сэжигтнээр Ли Харви Освальд гэдэг ганцхан хүнийг олсон нь олон нийтэд итгэл үнэмшлийг төрүүлээгүй билээ.


Авраам Линкольн. Ер нь бол Кеннеди ганцаараа алуурчны гарт үрэгдсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч биш. Үүнээс нэгэн зууны өмнө жүжигчин Жон Уилкс Бутын бууны суманд тус улсын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн үрэгдсэн юм. Иргэний дайн дуусаад тав хонож байхад Линкольн театрт жүжиг үзэхээр ирэхэд нь Бут түүнийг сахин хүлээж байлаа. Домгоор бол бузар хэргээ хийгээд жүжигчин-алуурчин “Дарлагч нарт дандаа ийм байх болно” хэмээн латиниар хэлсэн гэдэг.


Улоф Пальме. «Улоф Пальмег хэн алсан бэ?» гэдэг нь Европын томоохон таавар. Шведийн ерөнхий сайдыг Стокгольмын төвд 1986 онд буудан хөнөөжээ. Тэрээр ямар ч хамгаалалтгүй  энгийн хүмүүс шиг л кино үзэж явжээ. Түүний алуурчинг олоогүй ба тэр нь ТТГ-ын буюу КГБ-ийн урт гар гэсэн яриа гарч байлаа.

 Анна Линд. Амгалан тайван, баян Шведэд ийм хэрэг гармааргүй мэт санагдавч Пальмегийн аллагаас хойш 17 жилийн дараа сайд нар нь ажлаа тарахаар энгийн иргэн болдог хуультай Шведын Гадаад хэргийн сайд Анна Линд дэлгүүрт явж байгаад хутгалуулан амиа алдав. Сербийн цагаачдын хүү  Михайло Михайлович ийм хэрэг хий гэсэн дууг тэнгэрээс сонссон гээд бүх насаараа хоригдох ял эдэлж байна.

Беназир Бхутто. Лалын орны түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд байсан тэрээр 2007 онд улс төрийн хөөгдмөл байдлаас буцан ирээд сонгуулийн компанийг явуулан Пакистаны ерөнхий сайдын тушаалд гурав дахь удаагаа суудгийн даваан дээр анхны халдлагад өртсөн ч амьд гарав. Үүнээс хоёр сарын дараа лалын хэт даврагч амиа золиослогч санаснаа гүйцээн Беназир Бхуттог хөнөөлөө.

Рафик Харири. Ливаны ерөнхий сайдаар хоёр ч удаа ажиллаж, иргэний дайны дараа Ливаныг сэргээсэн хөгжүүлсэн гэгдэх тэрээр 2005 онд террорист халдлагаар алагджээ. Мөрдөн байцаалт өнөөг хүртэл үргэлжлэн эсрэг талууд бие биенээ буруутгасаар ирэв.  «Хезболла» нь Израилийн «Моссад» л үүнийг хийсэн гэдэг бол бусад нь хэргийн буртуутан «Хезболла» гэцгээдэг.


Санжаасүрэнгийн Зориг. Монголын түүхэн дэх хамгийн учир битүүлэг аллагуудын нэг. Монголын ардчилсан хувьсгалын удирдагч, Дэд бүтцийн сайд байсан түүнийг 1998 оны аравдугаар сарын 2-ны орой гэртээ ирэхэд нь алуурчид гэрт нь орчихсон хүлээж байжээ. Онцын хэрцгийгээр түүнийг хөнөөсөн хэргийн буруутнаар ганц ч хүнийг ололгүйгээр өнөөг хүрчээ.

II Александр. Шинэчлэгч хаан, газрын эздээс хамжлагатуудыг чөлөөлөгч тэрбээр 1881 онд бөмбөг дэлбэлэгч Игнатий Гриневицкийн хаясан бөмбөгт амиа алджээ. Тэрээр шинэ либерал Үндсэн хуулиа нэг мөр баталгаажуулж амжаагүй юм. Хааныг хөнөөгч дэлбэрэлтээр авсан шархнаасаа тэр оройдоо нас баржээ.


Франц Фердинанд. Австрийн эрцгерцогыг 1914 онд хөнөөсөн нь хамгийн аймшигтай үр дагаварыг авчирсан юм. Сербийн оюутан Гаврийл Принципийн үхэлд хүргэсэн буун дуу Дэлхийн  I дайныг эхлүүлэх шалтгаан болжээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж