Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Хөх хотын Гран-при тэмцээн өнөөдөр эхэллээ. Дэлхийн 26 орны 225 жүдоч зодоглож буй тус тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж байна.
Дээрх жинд Монголын баг тамирчдаас 10 жүдоч зодоглосноос нь долоо нь медалийн төлөө барилдахаар шигшээ барилдаанд шалгарч үлдээд байна.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглож буй ОУХМ Д.Амартүвшин, харин эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа нар аваргын төлөөх өрсөлдөхөөр болов. Харин дэлхийн аварга М.Уранцэцэг /52 кг/, Ч.Аззаяа /52 кг/, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-ын жинд Д.Алтансүх, Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдахаар тус тус шалгарчээ.
Шигшээ барилдаан 19.00 цагт эхэлнэ.
С.ЦЭЛМЭГ