АНУ-д улстөрчдөд халдсан нь. 1963-2011 он

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

АНУ-д улстөрчдөд халдсан нь. 1963-2011 он

2011 он нэгдүгээр сарын 8:  АНУ-ын конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Габриэль Гиффордс Тусон хотноо сонгогчидтойгоо уулзаж байх үеэр гэмт хэрэгтэн  түүнийг эхэлж буудаад дараа нь цугларсан олны зүг гал нээсэн юм. Гиффордс толгойдоо сумны шарх авч, зургаан хүн алагдсан байна.

2008 оны аравдугаар сарын 22: 
Теннеси мужид арьсны өнгөөр гадуурхагч 20 настай Дэниэл Коварт, 18 настай Пол Шлесселман хоёр ерөнхийлөгчид нэр дэвшигч Барак Обамаг хөнөөхөөр бэлтгэж байгаад баривчлагджээ. Тэд хар арьстнуудаас 88 хүнийг хөнөөх, мөн 14 хүний толгойг нь авахаар төлөвлөсөн байснаа цагдаад хэлсэн байна.

2008 оны дөрөвүгээр сарын 4:
  Энэ өдөр Лос-Анжелес хотын оршин суугч 50 настай Чарльз Мадридыг баривчилсан байна. Тэрээр утсаар ярьж байхдаа бага Жорж Бушийг хөнөөнө гэж хэлжээ.

Билл Клинтон шиг олон удаа халдлагад өртөж байсан ерөнхийлөгч АНУ-ын тусгаар тогтнож ирсэн хугацаанд байсангүй. Зөвхөн найман сарын дотор буюу 1993 оны есдүгээр сараас 1994 оны тавдугаар сарын 23-ны хооронд түүний амь насанд дөрвөн удаа халдсан гэдэг. Зарим мэдээгээр Клинтоныг хөнөөхөөр 30 удаа оролдож байсан ба дээрх хэргүүдээр 80 хүн баригдсны ихэнх нь мэдрэлийн гажигтай хүмүүс байжээ.

1981 оны гуравдугаар сарын 30:
  Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн хурал дээр үг хэлээд Вашингтоны  "Хилтон" зочид буудлаас гарч ирсэн ерөнхийлөгч Рональд Рейганыг диск-жокей 25 настай Жон Хинкли бууджээ. Сум чээжинд нь тусахдаа зүрхнээс нь хоёр см-ийн зайтай өнгөрч уушгинд нь үлдсэн байжээ. Дөрвөн цагийн мэс заслын дараа сумыг авчээ. Рейганаас гадна Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч, нууц албаны туршуул ба цагдаагийн ажилтнууд хүнд шархадсан байлаа. Шүүх эмнэлгийн эмч нар Хинклийг сэтгэцийн гажигтайг тогтоон албадан эмчилгээнд оруулжээ.

1975 оны есдүгээр сар:
  Ерөнхийлөгч Жеральд Фордын амь насанд халдах хоёр оролдлого хийгджээ. Чарльз Мэнсоны террорист дээрэмчдийн бүлгийн гишүүн Линетт Фромм есдүгээр сарын 5-ны өдөр Калифорни мужийн Сакраменто хотноо ерөнхийлөгч Фордыг буудсан боловч буу нь гацжээ. Есдүгээр сарын 21-нд Лос-Анджелес дэх зочид буудлаас ерөнхийлөгч Форд гарч ирэнгүүт зүүний хөдөлгөөний идэвхтэн эмэгтэй Сара Жейн Мур буудсан юм. Түүний 38 калибрийн гар бууны сум ерөнхийлөгчөөс нэг метрийн зайд өнгөрчээ.

1974 оны хоёрдугаар сарын 22:  Балтимор хотноо ерөнхийлөгч Ричард Никсоны амь насанд халдахаар оролдлоо. Гар буугаар зэвсэглэсэн гэмт хэрэгтэн "Дельта" компанийн нисэх онгоцонд дайрч орон онгоцыг зорчигчдын хамт дэлбэлнэ гэж сүрдүүлэн нисгэгч нарт Цагаан ордны зүг нисэхийг тушаав. Тэрээр ерөнхийлөгч Никсоныг хөнөөнө гэжээ. Холбооны мөрдөх товчооны  тусгай ангийнхантай буудалцсны дараа гэмт хэрэгтэн амиа егүүтгэсэн байлаа. Түүний цүнхэнд гар хийцийн бөмбөг байсан юм.

1972 оны тавдугаар сарын 15:
  Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнийг Мерилендад явуулж байх үеэр Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигч Жорж Уоллесийн амь насанд халджээ. Шархадсаны улмаас тэрээр бүх насаараа хөдөлгөөнгүй болсон байна. Энэ хэргийн буруутнаар Милоукийн зочид буудлын үүдний харгалзагч Артур Бременыг тооцон түүнд 53 жил хоригдох ял өгчээ.

1968 оны зургадугаар сарын 5:  Лос-Анжелес хотноо ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч, сенатор Роберт Кеннеди алагдав. Тэрээр Лос-Анжелесийн "Амбассадор"  зочид буудалд үг хэлэхээр индэрт гарах үеэр түүнийг бууджээ. Мөрдөн байцаалтын явцад Кеннедийг Израилийг дэмжлээ гээд өшөө авсан гэх Сирхан Сирхан гэдэг палестин хүн алуурчнаар тогтоогджээ.

1968 оны дөрөвдүгээр сарын 4:  Мемфис хотын "Лоррэйн" гэх  автын зорчигчдын зочид буудлын тагтнаас үг хэлж байхад нь хар арьстан лам, Америкийн хар арьстнуудын иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийг буудан хөнөөсөн байна. Түүнийг винтов буугаар Эрл Рэй гэгч буудсан ба түүнийг Англид баривчлан Теннесси мужид шилжүүлэн авчраад 99 жил хорих ялаар шийтгэжээ.

1965 оны хоёрдугаар сарын 21:  Нью-Йоркийн Гарлем дүүрэгт цугларсан олны өмнө үг хэлэх гэж байхад нь Америкийн хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч, "Исламын үндэстэн" ба "Лалын сүм" олон нийтийн хөдөлгөөний үзэл сурталч  Малкольм Иксийг (жинхэнэ нэр нь Литтл) хөлсний алуурчин хөнөөжээ.

1963 оны арваннэгдүгээр сарын 22:  Даллас хотноо АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди алагджээ. Албан ёсны хувилбараар түүнийг десантын цэрэг байгаад хэдэн жил Зөвлөлтийн Минскт амьдарсан Ли Харви Освальд гэх ганц бие алуурчин хөнөөсөн гэдэг. Үүнээс хоёр  хоногийн дараа алуурчинг шоронд хүргэхийн өмнө цагдаагийн байранд Жек Руби гэгч ерөнхийлөгчийн төлөө өшөө авч байна хэмээн буудан алсан байна. Энэ хэрэг ХХ зууны томоохон таавар хэвээр байгаа юм.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж