Ж.Чулууны нэрэмжит IX уралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Ж.Чулууны нэрэмжит IX уралдаан эхэллээ

Өнөөдөр Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, орчин цагийн хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, удирдаач, хөгжмийн зохиолч, хийлч, сурган хүмүүжүүлэгч Жамъянгийн Чулууны нэрэмжит “Өсвөрийн хөгжимчдийн улсын IX уралдаан” эхэллээ. Тус уралдааныг  2002 оноос анх Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг болжээ. МУУГЗ дэд профессер, Чулуун сангийн тэргүүн, ХБК-ийн багш Ч.Чинбат уралдааны ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм байна. Уралдаан дөрөвдүгээр сарын 6-наас 12-ныг дуустал Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимд “В”, “С”, “А” ангиллаар болох юм байна. Уралдаан өнөө өглөө найман цагт арван гурван насны оролцогчдын Утсан хөгжим  “В” ангилал I тур шалгаруулалтаар эхэллээ. Уралдааны шагналтнууд дөрөвдүгээр сарын 13-нд Улсын Филармонид болох шагнал гардуулах ёслолын Гала концерт дээр тодрох юм.
Эхний шалгаруулалтдаа оролцоод дөнгөж тайзнаас бууж ирсэн нэгэн оролцогч охинтой хэсэг хором ярилцлаа.
-Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Зоригтын Тэмүүлэн гэдэг. 11 настай.
-Анх хэдэн настайгаасаа хийлээр хичээллэж эхэлсэн бэ? Хэн багшийн шавь бэ?
 -Таван настайгаасаа анх хийлээр хичээллэж эхэлсэн. Одоо зургаа дахь жилдээ хичээллэж байна. Манай багш бол соёлын тэргүүний ажилтан Энхтуяа.
-Хөгжмийн бусад төрлөөс яагаад хийлийг сонгов?
-Надад хөг аялгуу нь их гоё санагддаг.
-Энэ тэмцээнд хэд дэх удаагаа орж байгаа вэ?
-Анх удаа орж байна.
-Сая чи тайзан дээр тоглоод бууж ирлээ. Сэтгэгдэл ямар байна?
-Гараад алдчих болов уу гэж  айсан. Тоглоод эхлэнгүүтээ хөгжим лүүгээ анхаараад гайгүй болчихсон.
-Уралдаанд өөрийгөө хэр оролцсон гэж бодож байна?
-Гайгүй л байх гэж бодож байна.
Уралдаандаа амжилттай оролцоорой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж