Сургуулийн дотуур байр нь хүүхдийн хувьд гэр орон шиг нь байх ёстой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сургуулийн дотуур байр нь хүүхдийн хувьд гэр орон шиг нь байх ёстой

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Сургуулийн дотуур байр нь хүүхдийн хувьд гэр орон шиг нь байх ёстой

Харин аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр 102 дугаартай хээр азарга хурдалсан байна.

“Сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал” сэдвээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхимийн багш, судлаач нар өргөн хүрээтэй судалгаа хийжээ. Энэ судалгааны урьдчилсан дүнгийн талаар судалгааны багийн гишүүн магистр Б.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Энэ судалгааг хэзээнээс хийсэн бэ? Судалгааны урьдчилсан тойм дүгнэлт ямар гарч байна вэ?

-Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтраад манай Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхимийн судлаачид  “Сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал” сэдэвт судалгааг 2017 оны эхний хагас жилд багтааж хийж дуусгалаа. Судалгаанд нийтдээ 20 аймгийн 386 сургуулийн дотуур байр хамрагдсан гэдэг утгаараа улсын хэмжээний нийт дотуур байрны 75,2 хувийг хамарсан өргөн хэмжээний судалгаа болсон. Судалгаанд  Боловсролын Их Сургуулийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхимийн багш нараас гадна, сургуулиудын нийгмийн ажилтан, дотуур байрны багш нар гэх мэт мэргэжлийн олон нийт хамтран ажилласан. Судалгаанд мэдээж дотуур байрны хүүхдүүдээс гадна, дотуур байрны удирдлага, багш, ажилчин албан хаагчид, эцэг эх гэх мэт мэргэжлийн болон үйлчилгээ хүртдэг олон нийтийн төлөөлөл бүгд хамрагдсан. Энэ нь судалгааны үнэн бодит байдал, өнөөгийн орчин нөхцлийг үнэлэхэд маш их түлхэц болж байгаа  юм.

-Судалгааг ямар аргачлалаар хэчнээн асуумжаар авсан бэ?

-Аргазүйн хувьд нийтдээ 5 аргаар асуумж авсан. Тухайлбал, эхний ээлжинд улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн орчинд үнэлгээ хийсэн. Сургуулийн дотуур байрны талаар 5 хууль тогтоомж өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байна. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, НҮБ-ын Хүн амын сан, Норвегийн тусламжийн байгууллага гэх мэт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудаас үндэсний хэмжээнд хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. Үүнд бид үнэлгээ хийсэн. Түүнчлэн цахим аргаар хийгдсэн судалгааг бид авч үзсэн. Түүнчлэн анкетын болон ганцаарчилсан ярилцлагуудыг сургуулийн захирал, дотуур байрны багш ажилтнууд, дотуур байранд хүүхдээ өгч байгаа эцэг эх, гэр бүлийн гишүүд, урьд нь дотуур байрны талаар судалгаа хийж байсан гадаад дотоодын судлаачид, бүр цаашилбал оршин суугчдыг хүртэл хамруулж хийсэн.

-Судалгааны бүтэц ямар байсан бэ?  

-Судалгааг сургуулийн дотуур байрны  орчин нөхцөл, хүний нөөцийн чадавхи, хүүхэд хамгааллын орчин, дотуур байрны хамтын ажиллагаа, дотуур байранд шаардлагатай байгаа хүний нөөцийн хэрэгцээ гэсэн бүтэцээр хийсэн.

Дотуур байрны орчин нөхцөл гэдгийг бид нар бодит орчин, хүүхэд хамгаалал болоод нийгэм сэтгэлзүйн орчин гэдэг талаас нь авч үзсэн. Мэдээж дотуур байрны орчны хувьд материаллаг болоод материаллаг бус орчнууд байгаа. Манай орны хувьд анх сургууль үүссэн үеэс дотуур байр бий болж малчид хүүхдээ сургуульд явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд дотуур байрны асуудалд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Дотуур байрны байдлыг авч үзэхэд ихэнх нь буюу 74 хувь нь 1990 оноос өмнө баригдсан, 26 хувь нь 1990 оноос хойш баригдсан байна.

Сургуулийн дотуур байранд хүүхдийг зөвхөн амьдруулах төдийгүй хүүхдийг хөгжүүлэх талд илүү чиглэж байна. Судалгаанаас харахад нийт дотуур байрны 50-иад хувьд нь хүүхэд хөгжлийн төвүүд ажиллаж байна. Харин хүүхэд чийрэгжүүлэлтийн төв харьцангуй цөөн буюу 24 хувьд нь байна. Нийт дотуур байрнуудын 50 хувь нь номын сантай байна. Дотуур байранд амьдарч байгаа хүүхдийг насны байдлаар авч үзвэл 6-8 насныхан 18 хувийг эзэлж байна.

Сүүлийн үед дотуур байранд гарч байгаа нэг дэвшил бол бага 6-8 настай хүүхдийг дагаад зарим олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд асрагч багшийг ажиллуулж эхэлсэн. Ингэснээр асрагч багш нар 6-8 настай хүүхдүүдэд хэрэгцээтэй үйлчилгээг нь үзүүлж гэртээ байгаа юм шиг байх боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн. Хүйсийн хувьд охид, хөвгүүдийн тоонд зөрүү байхгүй байна.

Хүчин чадлын хувьд дотуур байрнууд харьцангуй боломжоороо ажиллаж байна. Харин баруун бүсийн аймгуудын хувьд дотуур байрнуудад ачааллаасаа хэтэрсэн үзүүлэлтүүд ажиглагдаж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 45 хувь, Увс аймагт 48 хувь, Ховд аймагт 71 хувь, Дорнод аймагт 50 хувь тус тус ачаалал хэтэрсэн байна.

Хэдийгээр ачаалал нь хэтэрсэн ч гэсэн Норвегийн Тусламжийн Байгууллагын “Хүүхдийн эрх-хамгаалал” төслийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудын дотуур байруудад хүүхдийн эрхийг хангасан үйл ажиллагааг явуулснаар жишиг дотуур байруудыг бий болох нөхцлийг бүрдүүлжээ.

Бид нар судалгаа хийхдээ дотуур байранд хүүхдийн амьдрах орчинг гадна талбай, хоолны өрөө, ариун цэврийн өрөө байгууламжуудаар тус тусад нь гаргаж үзүүлсэн. Ер нь манайд дотуур байрны үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага байгаа. Энэ шаардлагад заасны дагуу дотуур байранд ямар нэгэн байдлаар арай илүү анхаарлаа хандуулж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, хоолны дээжийг шалгаж  байна. Хоолны чанарын талаар сурагчдаас сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна. Гэхдээ орчин үеийн стандартад тохирсон илчлэг калорийг тооцох юм уу эсвэл хүүхдийн насанд тохирсон ч юм уу мэргэжлийн шинж чанартай хяналтууд харьцангуй бага, гэхдээ 58 хувьд нь тийм шалгалтууд оруулж байгаа нь харагдсан.  

Нийгэм сэтгэл зүйн орчинг тодорхойлоход дотуур байранд чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотойгоор тайлбарлаж болно. Нийт дотуур байрны 67.6 хувьд нь хүүхдийн тоглоом амралтын өрөөтэй, 49 хувь нь номын сантай, 66.8 хувь нь хүүхэд хөгжлийн танхимтай, 11.4 хувь нь  алжаал тайлах чийрэгжүүлэх өрөөтэй байна.Энэ нь хүүхдийг ямар нэг байдлаар өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлсэн гэсэн үг. Хүүхэд хөгжлийн танхимаараа дамжуулж хүүхдүүдэд сургалтууд явуулж байна. Хамгийн их хийгдсэн сургалтуудаас дурдвал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, архи тамхины хэрэглээ хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, компьютер тоглоомд донтолт, цахим орчноос урьдчилан сэргийлэлтийн талаархи сургалтууд 50-80 хувьтайгаар зохион байгуулагджээ. Амьдрах ухааны чадвар, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын үндсэн асуудлуудтай холбоотой сургалтууд нийт сургалтын 30 хувийг эзэлсэн байна. Үүнээс үзэхэд хүүхэд хамгааллын асуудалд манай дотуур байрууд жигд анхаарч байна. Гэхдээ энэ чиглэлээр цаашид үйл ажиллагааг тогтмолжуулах шаардлагатай. Явуулж байгаа сургалтандаа тулгуурлаад үйлчилгээнүүдийг үзүүлэх шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна.

Дотуур байранд чиглэсэн хөгжлийн үйл ажиллагаанууд нь охид, хөвгүүдийн аль алинд нь чиглэгдэж байна. Гэхдээ насаар нь ялгах юм уу өсвөр насныханд чиглэсэн ялгаа нь харагдахгүй байна. Дийлэнхэд нь өсвөр насныханд чиглэгдсэн нь ажиглагдсан. Дотуур байрны цагийн хуваарьт тодорхой хүүхэд хөгжлийн тогтсон хуваариуд байгаа нь судалгаагаар ажиглагдсан. Хамгийн өндөр хувиар тусгагдсан ажил бол 76.9 хувь нь  сургалт байна. Хүүхэд хөгжүүлэх цаг гэдэг хуваарь байна. Үүнд хүүхдийн тоглоом, алжаал тайлах бүх зүйлүүд энэ хуваарийн дагуу гарсан байна. 6-8 настнуудын тоглоомын цагийг 65.1 хувь гэж хуваарьтай оруулсан бол 59.6 хувь нь ганцаарчилсан зөвлөгөө авах бас өгөх гэсэн цагийг оруулж өгсөн. Энэ нь манайд ямар нэг байдлаар ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэсэн арга зүй явагдаж байна гэсэн үг юм.  

Бид нарын бас нэг судалсан зүйл бол дотуур байрны багш нарын үйл ажиллагаа, ажлын ачаалал, ажил дээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эсэх гэсэн хүний нөөцийн хөгжлийн асуудлыг авч үзсэн. Үүнээс дотуур байрны багш нарын ажлын ачаалал, орчин нөхцөл гэдгийг судалсан. Багш нар ачаалал маш өндөр байна. Дотуур байрны багшид тавигддаг шаардлагын дагуу багш мэргэжлийн хүн ажиллана гэсэн байгаа. Энэ шаардлагыг 86.6 хувь нь хангажээ. Үлдсэн хувь нь нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид байна. Тэдгээр хүмүүсийн 80-аас дээш хувь нь дээд боловсролтой байна. Хэдийгээр дотуур байрны багшаар багш мэргэжлийн хүн ажиллана гэсэн ч хүүхэд хамгааллын чиглэлээр зайлшгүй мэргэших шаардлагатай байна. Хэдийгээр багш мэргэжилтэй байгаа боловч дотуур байр маань хүүхдийн гэр бүлийн орчин, гэр бүлтэй нь адил амьдрах орчин болдог утгаараа тэднийг чадваржуулах шаардлагатай. Дотуур байрны багш нарын хамгийн их хэрэглэдэг зүйл бол дотуур байрны багшийн дэвтэр гэж байдаг. Бүх багш нар түүнийг хэрэглэж байна. Дотуур байрны багш нар хэд хэдэн хэрэгцээтэй зүйлээ бидэнд тодорхойлсон. Ажиглалт юм уу ямар нэг судалгаа хийх, арга зүй боловсруулах, өдрийн тэмдэглэл хөтлөх, шаардлагатай онцгой тохиолдлын тэмдэглэлийн хуудас нэмэх, хүүхдийн ирцийн бүртгэлийг кодлох зэрэг ахуй нөхцөлтэй тохирсон арга зүйг оруулах шаардлагатай гэсэн хүсэлт гарсан.  

-Дотуур байрны багш нарын ажилласан жил ямар байв?

-Ер нь дотуур байрны багш нарын 50-иас дээш хувь нь 35-аас дээш насныхан. Энэ нь хүүхдийг асрах туршлагатай багш нар  байгаа гэсэн үг. Ажилласан жилийн хувьд дийлэнхи нь 1-3 жил байгаа нь дотуур байрны багш нар удаан хугацаанд тогтвортой ажиллахгүй байгааг илэрхийлж байна. Нөгөө талаасаа богино хугацаанд ажиллаж байгаад өөр ажилд шилжих нь элбэг байгааг харуулж байна.

-Дотуур байрны багш нарын ажлын ачааллын талаар?

-Дотуур байрны багш нар маш их ачаалалтай ажилладаг. Заримдаа хүүхэд асрах хэрэгцээнүүд их гарч ирдэг. Зарим үед хүүхдүүдээ сахиад хонох явдал ч их байдаг. Энэ нь дотуур байрны багшийн ажлын ачаалал их байгааг харуулж байна. Дотуур байрны багш бол эмч, асрагч, жижүүр гээд маш олон үүргийг давхар гүйцэтгэж байна. Энэ маань өөр ажлын байрны нарийвчилсан тодорхойлолтуудыг гаргах, дотуур байранд шинээр үүргээсээ хуваалцах боломжтой ажлын байруудыг бий болгох хэрэгцээг бий болгох хэрэгтэй гэсэн үг. Тухайлбал, нийгмийн ажилтнуудыг дурьдаж болно.

Дотуур байранд байнга удаан хугацаанд байдаг хүүхдийн нийгэм сэтгэл зүйн үнэлгээг хийхдээ тухайн нөхцөл байдлын үнэлгээн дээр тулгуурлаад мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн сан дээрээ тулгуурлаад хамгааллын сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ их байдаг. Энэ нь сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагаатай бас холбоотой. Тэгэхээр мэдээллийн сан бүрдүүлэхэд хэд хэдэн мэргэжилтнүүд ажиллаж болно гэсэн үг.

Норвегийн Тусламжийн Байгууллагын “Хүүхдийн эрх-хамгаалал” төслийн хүрээнд туршилтын журмаар эмч нарыг дотуур байранд байрлуулж ажиллуулж үзжээ. Энэ нь үр дүнтэй байсан байна. Тухайлбал дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон эмийн сангийн үйлчилгээг 24 цагийн турш авах боломж нөхцлийг бүрдүүлсэн байна. Наад зах нь сургуулийн эмчид хандах дотуур байрны хүүхдүүдийн хамрах хүрээг нэмэгдүүлж байна.  

– Та түрүүн дотуур байранд асрагч багш ажиллаж эхэлсэн тухай дурдсан. Судалгаагаар ямар дүр зураг гарсан бэ?

-Дотуур байрны хүний нөөцийн хэрэгцээнд асрагч багш шаардлагатай байна. Манай судалгаанд хамрагдсан дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн дийлэнхи нь төрсөн ах, эгчтэйгээ хамт амьдардаг хүүхдүүд байна. Зургаа, долоо, найман настай хүүхдүүдийн ихэнхи нь төрсөн ах, эгчтэйгээ хамт амьдарч байна. Бүүр байг гэхэд хамаатныхаа ах, эгч нартайгаа хамт амьдардаг учраас бие биенээ дэмжиж асраад байна.

Гэтэл бидний судалгаагаар ганцаараа амьдарч байгаа зургаан настай хүүхэд 276, долоон настай хүүхэд 627, найман настай хүүхэд 410 байна. Энэ нь нийт судалгаанд хамрагдсан хүүхдийн 23 хувь нь ганцаараа амьдарч байна гэсэн үг. Тэгэхээр 6-8 насны гурван хүүхэд тутмын нэг нь ганцаараа амьдарч байна. Үүнээс харахад асрагч багш зайлшгүй шаардлагатай байна. Манай судалгаанд хамрагдсан нийт дотуур байрны 20.3 хувь нь 6-8 насны хүүхэдтэй ажилладаг асрагч багш байсан. Асрагч багш нарын 70 хувь нь хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар сургалтанд хамрагдсан байгаа. Мөн дотуур байранд амьдарч байгаа 6-8 насны хүүхдийг хэрхэн дотуур байранд амьдрах вэ гэсэн тусгайлсан сургалтанд хамруулсан байна.

Асрагч багшийн талаар 6-8 настай хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 45.7 хувь нь нэн шаардлагатай, 33.6 хувь нь шаардлагатай гэж хариулсан. Дээрх хоёр дүнгээс харахад асрагч багш авч ажиллуулахыг 80 хувь нь дэмжиж байна гэсэн үг. Үүнээс үзэхэд бодлогын түвшинд дотуур байранд амьдардаг 6-8 настай хүүхдүүдийн дунд асрагч багш, нийгмийн ажилтан мөн эмч шаардлагатай байна. 

-Хүүхэд хамгааллын асуудлаар?

-Манай судалгаанд хамрагдсан дотуур байрны 30 хувьд нь хяналтын камер ажиллаж байсан. Харин камержуулалт, камерийн нэгдсэн систем нь сургуулийн захиргаа, орон нутгийн удирдлагатай холбогдсон байх шаардлагатай байна. Нэгэнт дотуур байрыг камержуулсан тохиолдолд түүнийг хэрхэн яаж ашиглах талаар дүрэм журам гаргаж мөрдүүлэх ёстой. Дотуур байр бол хүүхдийн гэр болдог учраас хаана камер байрлуулах вэ гэдэг дээр анхаарч хүүхдийн орон зайд халдахгүйгээр хэрхэн яаж байрлуулах талаар бодох ёстой. Ер нь цаашид камержуулах систем үнэхээр хэрэгтэй байгаа.

Судалгааны дүнгээс харахад хүүхэд хамгааллын талаар хамтарсан багууд дотуур байртай хамтарч ажиллаж байгаа нь сайшаалтай.   

Г.Энхбаатар

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Амар 2017-06-30 202.179.27.34

Дотуур байр гэж нэргүй шорон байгаа шүү Үүнийг заавал засах ёстой

лхагвадулам 2017-06-30 103.242.47.230

ийм хачин сэтгэхүйтэй ямар хүн байнаа шорон байхдаа яахавдээ таны хүүхэд та өөрөө гэсэн сэтгэлээр хандаад үзээч арай ч дээ дотуур байрны багш нар тэгээд шоронгийн хянагч болж таарах нуу та өөрөө ямар ядуу сэтгэлтэй хүмүүс байдаг байнаа яаж хандана яг тэр үзэл нь өөрөө та юм байна шорон шиг байранд хоригдол шиг хүүхэд чинь хянагч шиг багштай байдаг юм уу ингэж ярьдаг хүмүүс хүүхдийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй байдаг байхдаа эвий гэж өрөвдчихлөө байз \n