Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн онцлох таван заалт

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн онцлох таван заалт

Гэхдээ Удирдах зөвлөлийг бүрдүүлэх шатанд зарим гишүүд нэрээ татахыг хүссэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Улмаар уг хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн билээ. Тус хуулийн онцлох таван заалтыг хүргэж байна.

  1. Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болсон нь уг хуулийн хамгийн гол өөрчлөлт. Эхнэрээ нэг цохиод авсан ч хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн л бол баривчлагдана. Энэхүү шинэчлэлтээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан. Мөн хуулийн зургадугаар зүйлийн 6.5-д Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй хэмээн заажээ.

  2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэгдсэн дуудлагыг цагдаа байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очно гэсэн шинэ заалт оруулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй ямар нэгэн аргаар хууль сахиулах байгууллагад мэдэгддэг ч зарим тохиолдолд цагдаа нар дуудлага авсан даруйдаа ирдэггүй байсныг ийнхүү хуулиар зохицуулжээ.

  3. Гэр бүлийн хүчирхийлэгчийн зорчих эрхийг хязгаарладаг болсон. Эрүүгийн болон Хууль сахиулах тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохицуулах вэ гэдгийг заасан байна. Заасан хязгаараас давсан тохиолдолд буюу хүчирхийлэгч, хохирогч хоёр ойртсон үед дохио өгдөг бугуйвч зэргийг зүүлгэхээр заасан байна. Ингэсэн тохиолдолд цагдаа ирж арга хэмжээ авах аж.

  4. Хүүхэд хууль ёсны төлөөлөгчийнхөө хүчирхийлэлд өртсөн бол цагдаа тэдгээр хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзалгүйгээр хүүхдийг хамгаална гэсэн заалт шинээр оруулсан байна. Хүүхдийг хууль ёсны төлөөлөгч гэж эцэг эх, ах эгч нар, хүүхэд асрах төвийнхөн, халамжийн төвийнхөн, үрчилж авсан хүмүүсийг хэлнэ.

  5. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэнд Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага тооцохоор болсон байна.

Т.ДАЛАЙ

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж