О.Баасанхүү: Халамж салалтыг хавтгайруулна

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Халамж салалтыг хавтгайруулна

УИХ-ын дарга З.Энхболдтой уулзахаар МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар дөнгөж сая албан өрөөнд нь орлоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-аар төслийн хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хуулийн үйлчлэлд 0-3 насны хүүхэд үрчлэн авсан бол хамаарахгүй болоод байна. Үүнийг яах вэ?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан: Хуулийн төслөөр төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асрах хугацаанд олгохоор заасан байгаа. 135 мянган ээж хамрагдах тооцоо гарсан.

Үрчилж авсан хүүхэд хэд байна вэ гэдэг тооцоог гаргах шаардлагатай юм байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тэтгэмжид хүүхдүүдээ олноор хамруулмаар байна. Өвчин зовлон, үхэл хагацлаас болж бэлэвсэрсэн бол халамж өгч болно, харин салсанд нь олгохоор хавтгайрсан юм болно. Үүнээс болж хуурамч салалт ихсэх вий. Мөнгө байгаа бол хамгийн түрүүнд 20 мянган төгрөгөө өгч болдоггүй юм уу. гол юмаа анхаармаар байна. Хүүхдийн 20 мянган төгрөгийг 40 мянга болгох ч юм уу. Салсан эцэг, эхийг харж хандъя гэсэн агуулгатай юм болох гээд байгаа учраас төслийг дэмжих боломжгүй.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Зарчмын хувьд төслийг дэмжиж байгаа. Үр хүүхдэд нь дэмжлэг өгөх үүднээс дэмжиж байна. Гэхдээ үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар зааж өгвөл зөв юм болов уу. Хүүхдээ зөв өсгөх, тэтгэлгийг хүүхэддээ зарцуулахад нь анхаарах ёстой гэсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

 Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж