Найз минь үгүй хорвоо

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Найз минь үгүй хорвоо

ОУХМ С.Ням-Очир эхний тойргийн барилдаанд хийлжээ.

(Үгэн зул)

…Захгүй говийн үзэсгэлэн
Загийн шугуйд дулаахан
Дулаан говийн хаваржаандаа
Дуучин ээж минь суугаа даа…

Торомгор алаг нүдтэй, турьхан гоолиг биетэй тэр минь гитар тоглонгоо ийн дуулахыг сангийн аж ахуйд ажиллах охид нүд нулимстай сонсдог байлаа. Охидоо гэгэлзүүлж, гэрээ санатал нь уянгалуулан дуулдаг манай ангийн хоёр охин хоёулаа Болормаа нэртэй. Тиймээс ч бид ялгах гэж түүнийгээ Ботго хэмээн дуудна. Ботго маань угаас говь нутгийн охин, бас бидэн дундаа нуруулаг болохоор дуудах нэр нь оносон гэж жигтэйхэн.

Хоёрдугаар курсийн намар. Танилцах дадлага хийж, шинэхэн сонины сонихон үнэрийг мэдэрч, сэтгүүлчийн гал тогоонд “аяга угаагаад” ирсэн бид зуны дадлагын үеэр бичиж нийтлүүлсэн мэдээ, мэдээллээ танилцуулж, дадлагын ажлаа хамгаалах болов. Зун амрах үеэр М.Зулькафиль багшийн захисанчлан  “цэцэг усалж, дэлгүүр гүйсээр” ирэхгүйн тулд бүгд л мэрийжээ. Олонх маань нутаг нутагтаа аймгуудын сонины газарт ажилласан бол ангийн акулууд “Улаанбаатар” сонинд ажиллаж, зарим нь бүр алба ахлаад амжсан байлаа. Дадлагын тайлан  дундаас Ботгон Болороогийн маань бичсэн “Аргалчин байлаа, би”, “Шувуу өдөөрөө уйлдаг” гэх нийтлэлүүд өдгөө ч сэтгэлээс гардаггүй юм. Үг бүрчлэн санахгүй байгаа ч бага насныхаа тухай дурайтал дүрсэлсэн, 18-хан настай алдрай жаахан охиноос гарамгүй часхийсэн бүтээл байсан сан. Говь, тал нутгийн малчин түмний амьдралыг аргалгүйгээр төсөөлөх аргагүй. Хангай нутгийнхан шиг уул руугаа гараад гишүү түүж, мод унагаад ирэх боломжгүй учир говь, талын багачууд хөлд орсон цагаасаа л аргал түүж эхэлдэг. Хаа явсан газраа хуурай аргал түүж, нойтныг эргүүлдэг сонин зуршил тогтчихдог. Тиймээс тал нутгийн надад Болороогийн маань бичсэн нийтлэл хачин дотно, говь нутгийнхны амьдралыг гоёл чимэг, нэмэр хачиргүй дүрсэлсэн сайхан бүтээл байж  билээ. Тэр үеийн Дундговь аймгийн сонины шарласан хуудсыг сөхвөл найзын маань бүтээл дурайтал гарч ирэх нь гарцаагүй. Хэрэвзээ миний найз мэргэжлээрээ ажилласан бол хэнбугайг ч дагуулахгүй “дотортой” сэтгүүлч болох байсан.

Найз маань Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт сонин хэвлэлийн хөгжлийн төлөө тууштай ажилласан гавьяатай. 1998 оны нэгдүгээр сард Монголын хэвлэл мэдээллийн салбарт түүхийн шинэхэн хуудсыг эхлүүлэх үйлсэд Х.Наранжаргал багшийн хамт ханцуй шамлан орсон хүн бол миний найз.   Данийн “ДАНИДА” хэвлэх үйлдвэр гэхээр хэвлэлийнхэн төдийгүй хэвлэл уншдаг хүн бүр андахгүй. Данидаг дангаараа ноёрхож байх үеийн хүчирхэг үйлдвэрлэлийг нь алдагдуулахгүйгээр өдгөөгийн өрсөлдөөн дунд авчрах гэж хамаг л эрч энерги, сэтгэл зүтгэлээ зориулсан билээ. 

Найз маань удаан өвдсөн. Гэвч өвчиндөө шаналж, шантарч явахыг нь нэг ч удаа хараагүй юм. Хүүхэд багын л гэрэл цацартал инээдэг охин байсан сан, тэр минь. Ерээд оны шуурган жилүүд оюутнуудад тун чиг хүнд  туссан юм даг. Картын бараанд шилжиж, нэг өрөөг нэг өрхөд тооцон карт олгов. МУИС-ийн оюутны гуравдугаар байрын 210 тоот өрөөнд бид хоёр Хандмаатайгаа хамт амьдардаг байлаа. “Гурван маа” хочтой бидэн гурав байсгээд л боорцог хайрахаар Дэнжийн мянгыг зорино. Тэнд Ботгын маань нагац Жуул эгчийнх (Болороогийн ээж Монгол Улсын Гавьяат багш А.Бадамгарав эгчийн төрсөн дүү А.Отгонцэцэг) байдаг байлаа. Улсын начин Сүхбат (дунд Сүхбат) ахынд сардаа хэд хэд айлчлах шалтгаан маань өнөөх боорцог.  Гурилаа зуураад боорцгоо хайрах гээд таслаад тавьчихаар Сүхбат ахын охин Дүүрээ жижигхэн могтгор гараараа боорцогнуудыг маань нийлүүлээд базчихсан байх нь хөгжилтэй. Бөөн боорцог үнэртүүлсэн хоёр хамгийн сүүлийн автобусанд аз жаргалтай нь аргагүй дуу  аялсаар сууж, оюутны байраа зорьдог сон.

Оюутны амьдралын маань гэгээн гэрэлт бас нэгэн дурсамж бол Хулдад зочилсон намар. Хоёрдугаар курсын намар оройхон бидэн хоёр Мебелийн үйлдвэрийн машинд дайгдан Хулдад очив. Байнга л ярьдаг Байгалаа дүү нь бидэн хоёрыг гэрт орох чимээнээр орноосоо үсрэн босч ирээд эгээдээ зүүгдчихлээ. Яагаад ч юм эрхлүүлээд байхаар нь жоохон хүүхэд шиг санадаг байсан Байгалаа надад сунайсан өндөр охин харагдаж билээ. Баянаа (яруу найрагч Н.Баянмөнх) сумынхаа сургуульд бид хоёрыг урьж, оюутан насны тухай ярилцаж байсан нь саяхан мэт. Нямбуу ах намайг “Халх голын шумуулд хазуулж үзээгүй хэр нь говьд нар мандахыг үзэх гэж ирдэг охин” хэмээн шоглоно. Хожим нь Нямбуу ах манай нутагт зочлон аавтай минь танилцсан сан.

Энэ бүхнээс бидэн хоёр хувь төөргөөр учирсан найзууд гэж би хувьдаа боддог юм. Айлын ганц охин надад хань бүл нэмэхээр учирсан найз маань энэ хорвоог үүрд орхин одсон тухай гунигт мэдээг сонссон цагаас хоолой хорсож, нүд бүрэлзээд олны дунд ч нулимсаа тэвчиж чадахгүй хэд хонолоо. Насны түшиг ижий, тэрсхэн өссөн хоёр дүү, хайрт хүү, бэр, өөрийгөө өвчиж төрсөн ач охиноо үлдээгээд тэр минь буцжээ. Ингээд би Чөлөөт хэвлэл сангийн ёотон цагаан байшинг яаран яаран зорих шалтгаан үгүй болов. Учир нь тэнд найз минь байхгүй…

Найз минь үгүй хорвоод өнчрөн үлдэх юутай гунигтай…Ум сайн амгалан болтугай.

Д.Цээпилмаа


ЭМГЭНЭЛ

“Чөлөөт хэвлэл сан” хэвлэх үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Нямбуугийн Болормаа 2017 оны 6-р сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нөхөж баршгүй гарз учирлаа.

Н.Болормаа 1973 оны 04-р сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Хулд суманд төржээ. 1989 онд Дундговь аймгийн Хулд сумын найман жилийн дунд сургууль, 1991 онд Дундговь аймгийн арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1996 онд МУИС-ийн НУФ-ийг сэтгүүлч мэргэжлээр суралцан төгсөж, 1998 онд МУИС-д Нийгмийн ухааны магистрийн зэргийг амжилттай хамгаалсан байна.

Тэрээр 1998 оны 1-р сарын 20-ны өдрөөс эхлэн тухайн үеийн “ДАНИДА” одоогийн “Чөлөөт хэвлэл сан” хэвлэх үйлдвэрт Нарийн бичгийн даргын үүрэгт ажлаар ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж, 2010 оноос эхлэн Гүйцэтгэх захирал хэмээх хариуцлагатай албан тушаалд дэвшиж, хийж бүтээх бүхий л үйл хэрэгтээ өөрийн авъяас чадвар, билэг оюун, эрхэм нандин зан чанараа дайчлан ажилласаар ирсэн. Түүний бүхий л ухамсарт амьдрал, хөдөлмөр нь “Чөлөөт хэвлэл сан” хэвлэх үйлдвэр, Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт сонин хэвлэлийн хөгжилтэй нягт холбоотой билээ.

Монгол улсын эдийн засаг хийгээд байгууллагын зах зээл дэх нөхцөл байдал хүндэрсэн үед бизнесийн удирдлага, менежментийн оновчтой шийдэл гаргаж, 2013 онд зоригтойгоор үйлдвэрлэлийн өргөтгөл шинэчлэлийг хийснээр үйлдвэрлэлийн 2-р албаны үйл ажиллагаа эрчимжиж, Чөлөөт хэвлэл сангийн үйл ажиллагаа тогтворжсон нь Монгол дахь ардчилсан чөлөөт хэвлэлүүд, чөлөөт сонинуудын хэвлэлт болон эрдмийн их өргөл болсон ном хэвлэлтэнд нэгэн шинэ алхам хийсэн юм.

Түүний ухаалаг мэргэн шийдвэрийн дор нэгэн зорилгод нэгдсэн хамт олон нь Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн дунд шилдэг байгууллага нь болж, 2011 онд Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан  “Гранд экспо 2012” үндэсний бизнес фестивальд Хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын ТОП-5 хэвлэх үйлдвэрийн нэгээр шалгарсан юм.

Түүний хөдөлмөр, хийж бүтээсэн үйл хэргийг нь Монголын хэвлэл мэдээллийн салбар болон Монгол улсын засгийн газар өндрөөр үнэлж, 2006 онд Монголын хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2011 онд Нийслэлийн тэргүүний залуу алтан медаль, 2012 онд Бизнесс эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, 2013 онд Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны 100-н жилийн ойн хүндэт медаль, 2014 онд Хүнс хөдөө аж ахуйн яам хөнгөн үйлдвэрийн салбарын 80-н жилийн ойн хүндэт медаль, 2016 онд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дээд зөвлөлийн  хүндэт медаль, Монгол улсын засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагнажээ. 

Хувь хүний эрхэм чанар болсон хатан ухаан, зөөлөн сэтгэл, мэдрэмжийг ажил хэргийн нарийн мэдлэг, чадвар, мөн уйгагүй, хөдөлмөрч эрхэм чанаруудыг хослуулсан тэрээр хамт олныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулж ирсэн бүх л үйл хэргээс нь харагддаг байлаа.

Түүний Монгол улсын хэвлэлийн салбарын болон үйлдвэр, хамт олныхоо хөгжлийн төлөө зориулсан чин сэтгэл, хөдөлмөр зүтгэл, амжилт, үйлс бүхэн нь түүнийг хайрлан хүндэтгэдэг хүн бүхний сэтгэлд үүрд орших болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ажлын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

МУИС-д хамтдаа сурч, хамтдаа төгссөн найзууд нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж