“Ганцаардмал чоно” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

“Ганцаардмал чоно”

1990-ээд оны сүүлээр “Тополиный пух”, “Беги”, “Реви” зэрэг олон уран бүтээлээрээ монголчуудыг байлдан дагуулсан Иванушки International хамтлагийн дуучин Олег Яковлев өчигдөр Москвагийн цагаар 07.05 цагт 47насандаа энэ хорвоог орхин одлоо. Түүнийг уушгины хатгалгаа туссан нь нас барах гол шалтгаан байсан гэж эмч нар ярьж байна.  Гэхдээ энэ нь тодорхойгүй байгаа аж. Оросын урлагийн ертөнцийнхөн ирэх долдугаар сарын нэгэнд Олег Жамсараевич Яковлевтай салах ёс хийх гэж байна. Харин түүний гэргий Александра Куцевол Олегийг оршуулахаас татгалзаж, чандарлана гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Тэр “Иванушки International” хамтлагтайгаа Монгол Улсад тоглолтоо хийж байх үеэр төрсөн нутагтаа ирэх сайхан байгааг онцлон хэлсэн удаатай. Улмаар тэрээр монголчууд хайр, хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болсон билээ.

Олег Жамсараевич Яковлев нь 1969 оны арван нэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төржээ. Тухайн үед эцэг эх нь Монгол Улсад томилолтоор ажиллаж байв. Түүний ээж нь орос хэл, уран зохиолын багш мэргэжилтэй буриад эмэгтэй, аав нь узбек гаралтай цэргийн хүн байсан гэдэг.

Олег нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа “Миний ээж 42 настай, хоёр охинтой Монгол Улсад ажиллахаар ирсэн байдаг. Энэ үед Чойбалсан хотод 18 настай аавтай минь танилцсан гэдэг. Тэд хоёроос гурван удаа л уулзсан байдаг. Дараа нь аав минь эх нутаг руугаа явчихсан. Харин ээж минь намайг төрүүлсэнд би маш их баярладаг. Үнэндээ 15 нас хүртлээ буриад цустай гэдгээсээ ичдэг байлаа. Харин одоо бол үгүй. Би буриад цустай гэдгээрээ бахархдаг. Монголын нутагт дахин нэг очих юмсан” гэжээ.

Олег дунд сургуулийн нэгдүгээр ангиа төгстлөө Улаанбаатарт амьдарч байсан. Улмаар тэдний гэр бүл Эрхүү хот руу нүүж, Олег хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурийн ангид элсэж, пионерын хоор дууны дугуйланд дуулдаг байв. Мөн тэрээр хүмүүнлэгийн ухааны хичээлд сонирхолтой байсан гэдэг. Хүүхэд байхдаа дуучин эсвэл төгөлдөр хуурч болно гэж мөрөөддөг байсан тул ээжээсээ байнга төгөлдөр хуурч авч өгөхийг хүсдэг байв. Хожим нь Олег театрын урлагт дурлаж, Эрхүүгийн театр урлагийн сургуульд элсэж, улаан дипломтой “хүүхэлдэйн театрын жүжигчин” мэргэжлээр төгссөн аж. Гэхдээ түүнд дэлгэцний цаана байх нь таалагддаггүй байв.

Иймээс Москва явж, Оросын театрын урлагийн дээд сургуулийг төгсөж, Армен Жигарханяны театрын жүжигчин болсон. Олег Жигарханяныг хоёр дох эцгээ хэмээн хүндэлж явдаг байлаа. Тэр “Казахи”, “12 шөнө”, “Лев Гурыч Синичкин” зэрэг жүжигт тоглохын зэрэгцээ радиод ажиллаж, сурталчилгааны зураг авалтанд ордог байв. Мөн энэ үед тэрээр хэсэг хугацаанд хашаа цэвэрлэгчээр ажиллаж байсан удаатай.

Олег Яковлев урлагийн ертөнцийн оргилд өөрийн хүчээр хүрсэн. Тэрээр “Иванушки International” хамтлагийн “Кукла” дууны клип, Алла Пугачевагийн дууны клипэд тус тус тоглосон ажээ.  Хожим нь продюсер Игорь Матвиенко “Иванушки International” хамтлагт шинэ гишүүн хайж байгааг дуулсан Олег өөрийн дуулсан дуутай кассетийг илгээв. Ингээд Олег хамтлагийн гишүүн болов.

Тэр “Иванушки International” хамтлагтай 1998-2013 он хүртэл 15 жилийн хугацаанд ажиллахдаа таван цомог гаргаж, олон арван тоглолтын ард гарсан. Тэрээр “Иванушки International хамтлагийг телевиз, радиогоор маш бага гаргадаг. Гэхдээ тэд олон хит дуутай, сая сая шүтэн бишрэгчидтэй, гайхалтай хамтлаг байсан” гэж ярьжээ.

2013 оноос Олег бие даасан уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлж, улмаар хамтлагаа орхисон ч төдийлөн амжилт олж чадаагүй билээ.

Энэ үед ээж, эгч нар нь түүнийг орхин, энэ хорвоогоос явсан байдаг. Мөн олон жил ганц бие явсан нь урлаг судлаачдын дунд “Ганцаардмал чоно” хэмээх хоч авахад хүргэсэн. Гэхдээ тэрээр  2013 оны тавдугаар сард сэтгүүлч, жүжигчин Александра Куцеловтой гэрлэсэн, хосууд хоёр өргөмөл хүүхэдтэй ажээ.

Бие даасан уран бүтээл нь төдийлөн амжилт олоогүй тул тэрээр хамтлагийнхаа хоёр гишүүнтэй эргэн нэгдэж, шинэ уран бүтээлийн клипийн зураг авалт дээр ажилласан байсан тухай “Иванушки International” хамтлагийн зүгээс мэдэгдэв. Бүтэн хагас жилийн туршид эрч хүчээр дүүрэн байсан түүний бие нь өвдөж байсан гэдгийг Кирилл, Андрей нарын хэн ч анзаараагүй ажээ.  Оросын урлагийн ертөнцийнхөн хүртэл түүнийг үргэлж инээмсэглэдэг, сайн сайхан зүйлийг их ярьдаг, гэгээлэг, даруу, эерэг хүн байсан гэж дурсан санаж байна.

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2017-06-30 122.201.24.129

Um ma ni bad me hum

Зочин 2017-06-30 178.115.128.195

урьд насных нь мөрөөдөл биелж монголд сайн хүн болж төрөөсэй Ум сайн амгалан болтугай

Иргэн 2017-06-30 202.70.42.102

Дэлгэцийн хүн дэлгэцдээ үлддэг нь сайхан юм даа Тайван нойрсдоо Ум мани бад ми хум

Зочин 2017-06-30 124.158.94.35

Ум мани бад ми хумв Монгол нутагтаа эргэн төрөөрэй