Хөршүүд, хөрөнгө оруулагчиддаа хаягдсан Монгол

Хуучирсан мэдээ: 2017.06.30-нд нийтлэгдсэн

Хөршүүд, хөрөнгө оруулагчиддаа хаягдсан Монгол

ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Бразилийн Фелипе Китадафайтай барилдахаар сугалаа таарчээ.Д.Төмөрхүлэг

Хоёр хөршийн харилцаа улам гүнзгийрч, эдийн засгийн түншлэл нь илтэд  сайжирсаар байгааг харуулж, ирэх долоо хоногт Москва хотноо  айлчлах Хятадын удирдагч Си Жиньпинийн  айлчлалын хүрээнд 10 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр зурагдана гэсэн мэдээлэл цацагдаж байна. 

Сүүлийн жилүүдэд хөршүүд эдийн засгийн түншлэлээ эрчимжүүлж,  одоогоос гурван жилийн өмнө 2014 онд Оросын “Газпром”, Хятадын CNPC компаниуд 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Энэ  нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэнд хамгийн өндөр өртөгтэй төслөөр нэрлэгдэж буй.  Орос улс гэрээний дагуу жилдээ 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш Хятад руу нийлүүлнэ. Төслийн зүүн чиглэл болох Эрхүү-Якут руу 800 км, Якут-Хабаровск-Владивосток руу 3200 км хоолой татах  нэг их наяд рублийн өртөгтэй бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж, Хятадын хилд хүргэхийн тулд Амар мөрөн доогуур хоолой татах усан байгууламжийн барилгын ажлыг өнгөрсөн онд дуусгажээ.

Москвагаас Бээжин хүрэхэд хоёрхон хоног зарцуулах хурдны төмөр зам 2 жилийн дараа ашиглалтад орох гэнэ. Дэлхийн хоёр том эдийн засаг худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэхээр зорьжээ.

Ийнхүү  биднийг сонгуулийн солиоролд автаж, эрлийз хурлийзаараа хэнээтэх зуур Монголыг тойроод хөршүүд уулзаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, эдийн засгаа эрчимжүүлэхэд анхаарч байна. Стратеги, эдийн засгийн түншлэлээ улам бүр ахиулах  хөршүүдийн хамтын ажиллагаанаас бид юуг анхаарах ёстой вэ. Бид юуг анзаарч харах хэрэгтэй вэ?

Монголын үе, үеийн эрх баригчид өмнөд, хойд хөрштэйгөө өч, төчнөөн гэрээ хэлэлцээр үзэглэдэг чүнэндээ ажил хэрэг болгосон нь  тун цөөхөн. Аргаа барахдаа хөршүүд ч, хөрөнгө оруулагчид ч танай монголчуудтай юу ч яриад юу ч бүтдэггүй гэж халаглаж,  шүүмжилж суух вэ. Манай дарга нарын очсон улс болгон нь өөдөөс нь та нар өөрсдөө ярьсан тохирсноо хийхгүй байна гэх гомдол тавьдаг болсоор удаж байгаа. Аргагүй л дээ, нэг намын дарга нь нэг зүйл яриад ирдэг, нөгөө нам нь  өмнөхөө үгүйсгээд тэс өөрийг ярьдаг болохоор хөршүүддээ ч, хөрөнгө оруулагчиддаа ч Монгол үнэлэмж хийгээд үнэ цэнэгүй болж байна.

Одоогоос гурван жилийн өмнө ОХУ-ын удирдагч В.Путин, Хятадын дарга Си Жиньпин нар Монголд айлчилж, олон арван санамж бичиг, гэрээ байгуулсан ч өнөөдөр ажил хэрэг болсон нь цөөн. Яг л сонгогчдоо хулхидаад сурсан шигээ Монголын улстөрчид хөршүүддээ ч хулхидаад залхаачихаж. Тийм болоод л хөршүүдийн хамтарсан том мөнгөн дүнтэй том төслүүд Монголын тойроод хэрэгжиж байна. Бид зодолдож, тэд хөгжсөөр. Ядахнаа л улс төрийн хэрүүлдээ хоёр хөршөө татан оролцуулж, дэлхийгээр нэг цацаад байхаар хэн бидэнд итгэх юм бэ? Уг нь ‘Гэрийн хэрүүлийг гэртээ’ гэдэг дээ.

Монголчуудын бодлогогүй талцаан хөршүүдийг ч хөрөнгө оруулагчдыг ч болгоомжлоход хүргэснийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулах болсон гэх мэдээллийн дараа гадаад зах зээлд үүссэн доргилт харуулж байна.  

Монголын Засгийн газрын бондын ханш ганцхан өдрийн дотор унаж, сүүлийн гурван сарын хамгийн доод төвшинд хүрчээ.  Тэрчлэн Монголд үйл ажиллагаа явуулдаг, “Эрдэнэ ресурс”, “Оюутолгой”, “Аспайр майнинг”, “Туркойз хилл”, “Монголиан майнинг корпорейшн”, “Занаду майнз”-ын хувьцаанууд уналт үзүүлснийг Торонто, Хонгконгийн хөрөнгийн биржийн хувьцааны графикаас харж болно.

Энэ бол өнгөрсөн нэг сарын хугацаанд эдийн засгаараа бооцоо тавьж, улсаараа талцан байлдсны үр дагавар. Хөршүүд, хөрөнгө оруулагчидгүйгээр амьдарч чадна гэж манай эх орончид, популистууд орилох байх л даа. Даяаршлын энэ эрин зуунд дангаараа Монгол хаа хүртэл явж чадах юм бэ.

Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй шиг, улс орон хөршөө сонгодоггүй.  Газар нутгаа аваад, ачааллаад нүүх чадахгүйгээс хойш ядаж л хөршүүдээ муулахаа больё. Тохирсон, ярьсан, хэлсэндээ байх нь бүр байг гэхнээ шүү дээ.

Дэлхийн хоёр том эдийн засаг улам нягтарч, улам найзлах тусмаа Монголд л ашиггүй юм даа.  Дээр нь  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаа үргээчихвэл ч…?!

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж