УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар ирэх үед нь дараах тодруулгыг хийлээ.
-Бүлгийн өргөтгөсөн хуралдаан хийж сонгуулийн дүнг хэлэлцэхэд МАН дотроо хоёр хуваагдлаа гэдэг мэдээлэл сошиалаар цацагдаж байна. Яг юу болоод байна вэ?
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Улс төрийн хүчнүүд сонгуулийн үр дүнгээ дүгнээд хуралддаг. МАН-ын Удирдах зөвлөл УИХ дахь бүлэгтэй хамтарч хуралдсан. Өөрсдийн нам дотроо хагарч болно, хүний намыг битгий хагал гэж хэлмээр байна. Сошиалаар зохион байгуулалттай худал зүйл цацаж байгаад харамсаж байна.
-Хувьцааны ханш буурсан нь үнэн үү?
-Засгийн газрын хувьцаанд өөрчлөлт орж байгаа. Аж ахуй нэгж байгууллагуудын үнэ ханш ч тодорхой хэмжээгээр буурч байна.
Шадар сайд У.Хүрэлсүх:
-Ажиглаад байхад сонгууль их хар болж байна. Манай хурлаар долдугаар сарын 7-нд болох санал хураалтаар яаж ажиллахаа ярьсан. Ерөнхий сайд бид хоёр хоорондоо хатуу хөтүү үг шидэлцсэн зүйл байхгүй. Тиймээс тайван амгалан байцгаах хэрэгтэй.
-Хариуцлагын асуудал яригдсан уу?
-Сонгууль дуусаагүй байна. Сонгуулийн үр дүн гарсны дараа хэлэлцэнэ.
Г.ДАРЬ