ОУВС-гийн тусламж бидэнд тус болохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн тусламж бидэнд тус болохгүй гэв

Улс орнуудын байгалийн баялгийн засаглалыг үнэлдэг дэлхийн хэмжээний индексд Монгол Улс авч болох 100-аас 64 оноо авснаар хамрагдсан 89 орноос 15 дугаар байрт жагсчээ. Байгалийн баялгийн индексээр манай улсын уул уурхайн салбарын ил тод байдал сайжирсан ч хариуцан тайлагнах асуудалд ахиц гараагүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тухайлбал “Эрдэнэс Монгол” компани санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой голлох мэдээллийг нийтэлдэггүй зэрэг ил тод байдлыг хангах үндсэн асуудлуудаар дутагдалтай байна гэж судлаачид дүгнэсэн байна.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн /Natural Resource Governance Institute/ Монгол Улс дахь менежер Н.Дорждарь индексийн үр дүнг тайлагнахдаа “Индексийн ерөнхий оноо хангалттай гэсэн дүнтэй байгаа хэдий ч Монгол Улс нь уул уурхайгаас хараат бөгөөд түүхий эдийн үнээс хэт хамааралтай байна. Үнэ доогуур байх үед засгийн газрын өрийн хүүг төлж чадахгүйд хүрч байна. Энэ асуудлыг шийдэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол зах зээл тогтворгүй хэвээр байх учраас Олон Улсын Валютын сангийн тусламж ч бидэнд тус болохгүй. Уул уурхайн салбарын өсөлт, уналтын мөчлөгийг сөрөх Засгийн газрын арга хэрэгсэл болох төсвийн дүрэм, төсвийн тогтворжуулалтын санг бодитой сайн хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд Засгийн газарт хүндрэл учрах бүрд өөрчилж халдахгүй байх нь чухал” гэлээ.

Дээр дурдсанчлан манай улс 100-аас 64 оноо авч хангалттай гэсэн үнэлгээг авсан ч энэ нь ердөө ерөнхий оноо. Баялгийн засаглалын индексийг дотор нь гурав хувааж тус бүрт нь оноо өгсөн байна. Тухайлбал Үнэ цэнэ хүртэх байдлаар 63, Орлогын менежмент 54, дэмжигч орноор 73 оноог тус тус авсан байна. Үүнээс харахад орлогын менежмент 54 оноо байгаа нь хангалтгүй буюу сул байна. Тухайлбал Монгол Улс нь үндэсний баялгийн сан бүрдүүлэх, орлогын бэлэн мөнгөн шилжүүлэг хэлбэрээр хуваарилах зэрэг баялгийн орлогын менежментийн хэд хэдэн бодлогыг боловсруулсан боловч сүүлийн үед түүхий эдийн үнийн уналтаас хамаарч өрийн хямралд орсон. Үүний үндсэн шалтгаан нь төр засгийн зүгээс төсвийн дүрмүүдийг буюу тусгай шаардлагуудыг тэр бүр сахиагүйтэй холбож байна. Энэ хэсгийн сул үзүүлэлт нь баялгийн засаглалын бусад асуудлаар хангалттай сайн оноо авсантай харьцуулахад ихээхэн ялгарчээ.

Уг судалгааг жил гаруйн хугацаанд 150 судлаачид 149 нэн чухал гэсэн асуултад хариулж, 10 мянга орчим холбогдох баримт бичгийг судлах замаар боловсруулдаг бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа гаргажээ. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь байгалийн баялагтай улс орнуудын иргэд нь баялгийнхаа өгөөжийг хүртэхэд туслах гэсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг ашгийн болон төрийн бус олон улсын байгууллага юм байна.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж