К2 уулыг зорьсон уулчин Г.Өсөхбаяртай иридиум сансрын холбоогоор холбогдож авсан шинэ мэдээллийг хүргэе.
Дөрөв хоногийн өмнө К2 оргилын авиралтын үндсэн баазад ирж /5300 метр/, цаг агаар сайжрахыг хүлээж байсан уулчид өнөөдрөөс 6000 метр орчимд авирч, нэгдүгээр кэмп буюу отгоо байгуулна.
Энэ удаагийн авиралтад уулчин Г.Өсөхбаяраас гадна олон улсын дөрвөн багийн уулчид оролцож байгаа. Үндсэн баазад цугласан уулчдын хувьд өчигдөр /2017.06.28/ чухал шийдвэрийг гаргасан байна. Энэ нь дээш авирах замын маршрут ба тэдний хувьд авиралтын хувь заяаг шийдэж болохоор хамгийн хүнд сонголт юм.
Энэ талаар Г.Өсөхбаяр “Өнөөдөр маш хүнд сонголт хийсэн өдөр боллоо. Учир нь хамт авиралт хийж байгаа дөрвөн баг хоёр хоёроороо хуваагдаж, хоёр өөр замаар авирахаар боллоо. Нэг зам нь цасан нуранги ихтэй, нөгөө нь сүүлийн жилүүдэд хүн гарч чадаагүй зам. Миний хувьд сүүлийн жилүүдэд хүн гараагүй замыг сонголоо. Одоо дээш явж, нэгдүгээр отог байгуулахад бэлтгэж байна” гэсэн мэдээлэл өглөө.
Өндрөөрөө Эверестийн дараа ордог /8611 метр/, дэлхийн хамгийн эрсдэлтэй уул К2 оргилын авиралтаа эхлүүлэхээр тэрбээр зургадугаар сарын 16-нд Монголоос хөдөлсөн билээ.
Б.ЭНХ