Эрүүгийн хуулийг хэрэглэх шүүгчдээс их зүйл хамаарна

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийг хэрэглэх шүүгчдээс их зүйл хамаарна

27 сая фунт стерлингийн төсөвтэй батлагдсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслол орон нутгийн цагаар баасан гаригийн үдэш 21.00 цагт эхлэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Одоо мөрдөж байгаа хуулиас шинэ хуулийн үзэл баримтлал юугаараа өөр, хэргийн оролцогчдын эрхийг хэрхэн хангасан талаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаатай ярилцлаа.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэдхэн хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Процессын гол хуулиа хэрэгжүүлж эхлэхэд шүүгчид бэлэн үү?

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг долдугаар сарын 01-нээс хэрэглэж эхлэхэд бэлэн боллоо. “Шинээр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим болон онолын талаар шүүгчид хэлэлцэж, нэгдсэн ойлголттой болох зорилготой уг хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн шүүгчид оролцсон.

Уг хэлэлцүүлгийн ач холбогдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж “2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх гэж байгаа Эрүүгийн хууль, тогтоомжоор шүүх засаглалын, шүүгчдийн хэрэглэдэг хуулийн том шинэтгэл эхэлж байна.  Энэ том шинэтгэлийн хувь заяа эрүүгийн хэргийн шүүгчдээс шууд хамаарна. Хуулийг зөв хэрэглэж, хэвшүүлэх нь шүүгчдийн өмнө тулгарч байгаа хамгийн чухал асуудал. Шүүгчийн өмнө маш том хариуцлага тулгарч байна” гэж дүгнэж байна. Н.Лүндэндорж профессорын хэлсэнчлэн хуулийг хэрэглэх шүүгчдээс их зүйл хамаарна. Тэгэхээр дор бүрнээ хариуцлагатай байгаа гэж ойлгож болно.

-Одоо мөрдөж байгаа хуультай харьцуулахад ямар гол өөрчлөлтүүд орсон бэ?

-Яллагдагч, хохирогч бол эрүүгийн хэргийн гол субъект байдаг. Эдгээр оролцогчдын эрхийг өргөн хүрээнд хангасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциудад заасан яллагдагч, хохирогчийн эрхийг хэрхэн хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар хуульд тусгасан. Хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлд илүү дэвшилттэй хууль болсон гэж үзэж байна. Ийм хуулийг хэрэглэх болсондоо шүүгчийн хувьд сэтгэл хангалуун байгаа.

-Тухайлбал, хохирогчийн эрхийг хэрхэн хангасан бэ?

-Хохирогчийн тухайд зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хамгийн гол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, барагдуулахад хуулийн байгууллагууд ямар үүрэгтэй оролцох, шүүх хэрхэн анхаарч ажиллахыг хуульчилж өгсөн.

-Тэгвэл хуулиар яллагдагчийн эрхийг яаж хамгаалж байгаа вэ?

-Одоо мөрдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлээр л яллагдагчийн эрхийг хуульчилсан. Харин шинэ хуулиар яллагдагчийн эрх тусдаа бүлэг болж орсон. Бүлэг болгож байгаа нь яллагдагчийн эрхийг өргөн хүрээнд авч үзэж байна гэсэн үг. Бүлэг дотроо хэд, хэдэн зүйлтэй. Зүйл тус бүрт яллагдагчийн эрхийг тусгайлан зааж өгсөн.

Өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах, өмгөөлүүлэх эрхээр хангагдах зэрэг асуудлыг нэг бүрчлэн зааж өгсөн. Мөн өмгөөлөгчийн эрхийг өргөн хүрээнд ойлгож, тайлбарлах үзэл санаа хуульд бий.

Шинэ хуулиар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр болж байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр ямар асуудал хэлэлцэх вэ. Тэр нь яллагдагч, хохирогчид ач холбогдолтой юу?

-Яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдол эсвэл шүүгчийн өөрийн санаачилгаар цөөнгүй асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хуульчилсан. Тухайлбал, өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлт,  яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлтийг хэлэлцэж болно. Мөн яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй тухай гомдол, шүүх хуралдааны товын талаар санал, хүсэлт, шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаархи прокурор, оролцогчийн санал, хүсэлт, шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтийг шийдвэрлэнэ. Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэх гомдол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн зэрэг талуудын гомдлыг хэлэлцэнэ. Ихэвчлэн яллагдагч, түүний өмгөөлөгчийн асуудал байгаа гэсэн үг.

-Яллагдагч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох уу?

-Оролцох эрхтэй. Мэдүүлэг, тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгчийн туслалцаагаа өргөн хүрээнд авна.

-Яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлт,  яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх тухай хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж болно гэж та ярилаа. Энэ тохиолдолд яллагдагчид ямар ач холбогдолтой вэ?

-Гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлсөн, хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн тохиолдолд шүүгдэгчдэд оногдуулах ял шийтгэл хөнгөрөх хуулийн зохицуулалт байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ч, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаанд ч хэрэгжих боломжтой. Шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж байх үед ч хэрэгжүүлэх боломж бий.

-Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэнэ гэдгийг тайлбарлаач?

– Өмнөх хуульд  байсан энэ ойлголт. Гэхдээ энэ хуульд бүрэн агуулгаараа туссан. Өмнөх хуульд Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон этгээд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тохиолдолд шүүх хэргийг хүсэлтээр нь хялбаршуулсан журмаар шийдэх тухай заасан. Харин энэ хуулиар Эрүүгийн хуульд заасан 8 жил хүртэл хорих ялтай хэрэгт хялбаршуулсан журмаар шийдэж болохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдэх боломжтой болсон гэсэн үг. Хүрээ, хязгаар нэмэгдсэн гэж ойлгож болно.

-Хялбаршуулсан журмаар шийдэх нь хэргийн оролцогчдод ач холбогдолтой юу?

-Хэргийг богино хугацаанд шийдэх тухай л ойлголт.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх хуралдаан үргэлжилж байгаад ял сонсгохын өмнө 5 хүртэл хоног завсарлаж болохоор болсон. Энэ ямар учиртай юм бэ?

-Гэм буруугийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирлоо төлье, эд хөрөнгөө зараад хохирогчийн төлбөрийг барагдуулъя, хугацаа олгооч гэж хүсэлт тавьж болно. Энэ тохиолдолд шүүх зөвлөлдөөд түр хугацаагаар завсарлана. Дараагийн хуралдаанаар ял оногдуулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан завсарлаж ял оногдуулахыг түр хугацаагаар хойшлуулна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, шүүгчдэгчид хохирлоо нөхөн төлөх боломж олгож байгаа хэрэг. Энэ нь нэг талаасаа хохирогчийн эрхийг хамгаалж байгаа. Хохирогч хохирчоод хохирлоо авч чаддаггүй. Нөгөө хүн нь ялаа аваад явчихдаг. Харин шинэ хуулийн зохицуулалтаар шүүгдэгчид хохирлоо төлөх боломжийг бүх шатанд олгож байгаа гэсэн үг.

-Хохирлоо төлснөөр шүүгдэгчид ашигтай байдал үүсэх үү?

-Шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн тохиолдолд ял оноох тал дээр шүүгчдэгчид ашигтай байдал үүснэ.  Өөрөөр хэлбэл, хохирлоо барагдуулснаар хөнгөн ял шийтгүүлэх боломжийг олгож байгаа гэсэн үг. Үүнээс гадна хохирлыг тодорхой хугацаанд төлөхөө шүүгдэгч илэрхийлж болно. Тогтоосон хугацаанд төлөхгүй бол шүүх эргээд хариуцлага тооцдог зохицуулалт ч хуульд бий.

Та хохирлоо төлчих юм бол, төлөхөө илэрхийлээд түүндээ хүрчихвэл таны ял шийтгэл хөнгөрнө гэсэн боломжийг л хуулиараа шүүгдэгчид олгож байгаа юм.

Өмнө нь хохирлоо төлсөн ч, төлөхөө илэрхийлсэн ч хуульд заасан ялыг оноодог байсан. Шүүгдэгч “Би хохирлоо төлсөн ч, төлөөгүй ч энэ ялыг авах юм байна гэсэн ойлголтоор ханддаг” байсан бол одоо хохирогчийг гомдолгүй болгох эрмэлзлэлтэй болгож байгаа гэсэн үг.

-Шүүх хуралдаан олон хойшлох нь хохирогчийг нэмж хохироодог асуудал болсон. Энэ байдлыг шинэ хуулиар зохицуулсан болов уу?

-Шүүх хуралдааныг олон хойшлуулахгүйн тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг шинэ нэр томъёо гаргаж ирсэн. Талуудыг оролцуулаад цугласан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой эсэхийг шийднэ. Боломжгүй бол талуудын хүсэлтээр прокурорын шатанд буцаана. Урьдчилсан хэлэлцүүлгээр талууд нотлох баримтыг гаргаж өгөөд шүүх хуралдааныг хийх боломжтой боллоо гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдаанаа зарлана. Тэгэхээр шүүх хуралдаан олон удаа хойшлох ойлголт байхгүй болно гэж үзэж байгаа.

Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж