Хаврын чуулганыг хаах уу, үргэлжлүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганыг хаах уу, үргэлжлүүлэх үү?

“Лондон-2012” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сугалаа өнөөдөр болно.

УИХ-ын хаврын ээлжит чуулганы завсарлагын хугацаа дуусаж, гишүүд өнөөдрөөс ажилдаа орлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор 14 хоногийн хугацаанд хууль тогтоогчдыг тойрогтоо ажиллах боломжоор хангасан байсан юм.

УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуультай жил хаврын чуулганыг хугацаанаас нь өмнө түр завсарлуулдаг нь УИХ-д тогтсон дэг юм.

Хуульд зааснаар хаврын ээлжит чуулганыг жил бүрийн долдугаар сарын 1-нд хаадаг. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагч тодроогүй, санал хураалтыг дахин зохион байгуулах нөхцөл байдал үүссэн нь хаврын ээлжит чуулганыг хугацаанд нь хаах уу, үргэлжлүүлж хуралдах шийдвэр гаргах уу гэдэг одоогоор тодорхойгүй байна. Хэлэлцэх асуудлаасаа хамаарч УИХ-ын хаврын чуулганыг үргэлжлүүлж 14 хоногоор хуралдуулах боломж бий.

Гол нь хийх ажлынхаа дийлэнхийг нугалсан хууль тогтоогчдын хувьд ард нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт хүлээж, УИХ-ын дарга нь тус сонгуульд даагаа нэхэх болчоод байхад чуулганыг үргэлжлүүлж хуралдуулах шийдвэр гаргана гэж хэлэхэд бэрхтэй. Тиймээс өнөөдөр, маргааш хоёр хуралдчихаад ирэх долоо хоногийн даваа гаригт хаврын чуулганыг хаавал гайхах зүйлгүй. Ээлжит бус чуулган зарлаж, тав дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулахаар шийджээ гэж ойлгож болох юм.

Хоёр хоногт амжуулах ажлын хуваарийг нь сонирхвол Төрийн албаны тухай хуулиудаа үргэлжлүүлэн хэлэлцэж батлах чиг барьж буй бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхлэхээр хуваарьт төлөвлөжээ.

УИХ хаврын чуулганаараа хэд, хэдэн чухал шийдвэр гаргасны нэг нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн явдал. Хэдийгээр долоон төрлийн татвар нэмснээрээ амлалтаасаа ухарсан гэх ялд Засгийн газар, УИХ унасан ч эрх баригч хүчин хэн байхаас үл хамаарч, Олон улсын валютын сангаас тавьсан нөхцөл шаардлагыг хүлээн авах л байсан. Ийм шийдвэрийг цаг алдалгүй гаргахгүй бол татвар нэмэхээс илүү аюултай нүүр тулах учраас гаргах ёстой шийдвэрээ л УИХ гаргасан гэж хэлж болно. Чухамхүү энэхүү бодит үнэнээ  ард түмэндээ ойлгуулж чадаагүй нь сая болж өнгөрсөн сонгуулийн үр дүн харуулав уу гэлтэй.

Хэдийгээр Олон улсын валютын сан(ОУВС)-гийн санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийн нөхцөл чанга, ард түмний хариу эргээд хатуу бууж байгаа ч эдийн засагт тодорхой үр дүнгүүд гарч эхэлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан тавдугаар сарын мэдээ бэлэхнээ харуулна. Төсвийн алдагдал өмнөх жилийнхээс хоёр дахин буурсан, эдийн засаг өсөлттэй гарсан, гадаад худалдааны алдагдал буурсан, төсвийн орлого өссөн, валютын ханшийн өсөлт саарч, монгол төгрөг чангарч эхэлснээс харж болно.

Монголбанк бодлогын хүүгээ хоёр пунктээр бууруулж, 12 хувьтай болгосон нь зээлийн хүү буурах бодит бололцоог бий болгоод байна.  

Нөгөө талдаа гадаад эх үүсвэрээс жилийн 2 хувийн хүүтэй зээл татах боломж нээгдсэнээрээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүн гэж ойлгож болно. Одоо гол нь авсан зээлээ, авах зээлээ үр дүнтэй ашиглах нь чухал байгаа.

Мөн УИХ хаврын чуулганаараа хууль эрх зүйн салбарт холбогдох Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталснаар хүний эрхийг хангах зарчим бүрэн утгаараа сууж өглөө.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чиглэл барьж байсан ч УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэнчлэн долоо хэмжиж, нэг огтлох зарчим баримтлахаар болж, олон нийтийн хэлэлцүүлэг хийж, санал асуулгыг нь сонсохоор болж, шийдвэрлэсэн.

Мөн УИХ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг тодорхой цаг хугацаа заасан, өөрийн дэгтэй хуулиудыг ч гараасаа гаргаж амжсан.

Хөдөө аж ахуйн салбартай холбогдох хуулиудыг баталснаар тус салбарыг хөгжүүлэх бодит суурийг тавиад байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж