Пипл ин Нийд (ПИН) ТББ зудыг даван туулахад тусалжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Пипл ин Нийд (ПИН) ТББ зудыг даван туулахад тусалжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Пипл ин Нийд (ПИН) ТББ зудыг даван туулахад тусалжээ

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвийн санхүүгийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

Пипл ин Нийд (ПИН) ТББ нь Дорнод аймгийн 615 малчин өрх өвлийн зудыг даван туулахад тусалжээ

“Пипл Ин Нийд”(ПИН) ТББ нь 2009 оны зуднаар Бүгд Найрамдах Чех улсын ЗГ-ын тусламжийг зохион байгуулж анх Монгол улс дах үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр тус байгууллагын Монгол дахь салбар нь яаралтай тусламжаас гадна тогтвортой хөгжил, хоршоод, иргэний нийгмийн байгууллага болон орон нутгийн удирдах байгууллагуудыг чадавхижуулах, дээд, дунд боловсролын чанарыг сайжруулах, эрүүл мэнд, байгаль орчин хамгаалах зэрэг олон чиглэлээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байна.

2016 оны 10 дугаар сарын эхээр их хэмжээний цас орж хүйтэрсний улмаас Дорнод аймгийн малчин өрхүүд нь 2009/2010 оны өвөл шиг хүнд өвөл болох вий гэж санаа зовж эхэлжээ. Иймд малаа ердийн жилүүдээс  эрт тэжээлд оруулснаас болж тэжээл нэмж худалдан авах шаардлага гарч санхүүгийн хувьд хүндэрч эхэлсэн байв.  

2016 оны 12 дугаар сард “ПИН” ТББ-аас Дорнод аймгийн малчин өрхүүдээр орж, малчидтай уулзан өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хяналт-шинжилгээг  хийсэн. Эмзэг малчин өрхүүдэд хамгийн хэрэгцээтэй байгаа зүйл нь юуны түрүүнд  бэлэн мөнгө байсан бөгөөд бэлтгэсэн өвс тэжээл нь 1 дүгээр сард дуусахаар байгааг дурдаад “өвөл, хаврын хатуу улирал дуустал 2-3 сарын хугацаанд малаа тэжээх хангалттай тэжээл байхгүй” гэж байв.   

“ПИН” ТББ нь 2017 оны 3 дугаар сард малчдаас судалгаа авахад судалгаанд хамрагдсан малчдын 75-аас илүү хувь нь зээл авсан байсан бөгөөд хувцас, хоол хүнс, цагаан сар зэрэг өрхийн үндсэн хэрэглээний зардлаасаа танаж малдаа өвс тэжээл худалдан авч байгаа  тухайгаа ярьж байлаа.   

Бүгд найрамдах Чех улсын Гадаад харилцааны яам болон Чехийн иргэдийн хандиваар санхүүжүүлсэн яаралтай тусламж төслийн хүрээнд Дорнод аймгийн 11 сумын эмзэг малчин өрхөд тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд үүнд 200-аас доош толгой малтай, өндөр настан, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй гишүүн бүхий өрхийг сонгон дэмжлэг үзүүлсэн билээ.

Олон өрх үндсэн хэрэглээний зардлаа танаж өвс тэжээл авч байгааг үндэслэн “ПИН” нь бэлэн мөнгөний тусламж өгөөд зогсохгүй 2009-2010 оны зуднаар малаа алдсанаар 44.000 өрх амьжиргааны эх үүсвэрээсээ салж байсныг давтахгүйн тулд малын тэжээлийн багцын тусламжийг ч мөн үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. 2017 оны 3 дугаар сарын эхээр эмзэг бүлгийн 611 малчин өрхүүдэд 172 тн хүчит багсармал тэжээл, 600 кг амин тун тэжээлийг тараасан.

Малчид зудыг хохирол багатай давсан бөгөөд бэлэн мөнгөний тусламж авснаар нэмэлт зээл авалгүйгээр хоол хүнс, хувцас болон бусад өрхийн хэрэглээгээ хангаж чадсан гэж “ПИН” ТББ-ын багт хэлж байлаа. Түүнчлэн хүүхдийн сургуулийн хэрэгсэл, эм тариандаа болон өмнөх авсан зээлээ төлөхөд ч зарцуулсан байна.

Чанар сайтай малын тэжээл болон амин дэмийг ядарч доройтсон малд өгөхөд хурдан хугацаанд тэнхрэх, малд сүү орох зэрэг сайн талтай байсан, ялангуяа мал төллөх үед маш чухал дэмжлэг болсон гэж хэлж байлаа.   

 “ПИН” ТББ болон бусад хүмүүнлэгийн байгууллага, аймаг, сумын нөөцийн өвс, тэжээлийн багц, бэлэн мөнгөний тусламжийг цаг хугацаа алдалгүй төслийн үр шимийг хүртэгчдэд хүргэснээр мал болон малчдад нөлөөлөх зудын сөрөг нөлөөллийг бууруулж чадсан гэж үзэж байна.

“ПИН” ТББ-ын яаралтай тусламж нь малчид өвлийг хохирол багатай давах, мал сүргийг хамгаалахад тусалж хөдөөгийн хөгжил,өвөлжилтийн бэлтгэл, хүмүүний яаралтай хэрэгцээний гүүр болж өгснөөрөө онцлог юм. “ПИН” ТББ-ын тусламж нь эмзэг малчин өрхүүдэд дэмжлэг болох, цаашид ган, зуд зэрэг гамшгийн эрсдэлийг гадны тусламжгүйгээр даван туулж сурахад чиглэгдсэн болно. “ПИН” ТББ нь дараа дараагийн зуд, бусад гамшигт эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг чадавхижуулах, мэдлэг чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Пипл Ин Нийд” байгууллагын Улаанбаатар дахь салбарт хандаарай:

Утас: (+976) 70 11 15 01 

Э-шуудан: hotline.mongolia@peopleinneed.cz

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс