“Саудын Арабын Трамп”

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Саудын Арабын Трамп”

“Саудын Арабын Трамп”

Саудын Арабын хаан Салман бин Абдель Азиз Аль Сауд угсаа залгамжлах хунтайжаа албан ёсоор солиод хэдхэн хонож байна. Тэрбээр өөрийн 13 хүүхдүүд дотроосоо хайртай, хамгийн нөлөө бүхий, 31 настай Мухаммед бин Салманыг ирээдүйн Саудын Арабын удирдагчаар сонголоо.

Мухаммед бин Салман нь 1985 онд Эр-Рияд хотод төрсөн. Түүний ээж нь Саудын Арабын хааны гурав дахь гэргий нь билээ. Тэрбээр тус улсын батлан хамгаалахын сайд бөгөөд нэгдүгээр дэд ерөнхийлөгчийн үүргийг давхар гүйцэтгэхээр болж байна. Түүний төрсөн ах Турки бин Салман нь “Saudi Research and Marketing Group” группын тэргүүн ажээ.

Хунтайж Мухаммед бин Салман нь Саудын хааны нэрэмжит их сургуулийг хуулийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсмөгцөө тэрбээр хэдэн жил хувийн компанид ажиллаж байв. Дараагаар нь тэрбээр эцгийнхээ туслахаар томилогджээ.

Залуу хунтайж эцэгтэй хувийн болон хувьсгалын асуудлаар маш ойр харилцаатай. Амбицтай, адал явдалд дуртай хунтайж өнөөдөр гайхалтайгаар арав гаруй албан тушаалыг хашиж байна. Өнөөгийн Саудын Арабын хаан 81 настай. Иймээс тун удахгүй Саудын Арабыг шинэ ирээдүй хүлээж байна гэж хэлж болно.

Учир нь Мухаммед бин Салман нь гэр бүлийнхээ гишүүдээс өөр нэгэн. Түүнийг хэвлэл мэдээллийн хүн гэж хэлж болно. Мухаммед байнга ярилцлага өгдөг, Billboard-ийн жагсаалтад хүртэл нэр нь байх магадлалтай эсвэл телевизийн нэвтрүүлэг орчихсон явж байдаг хүн. Энэ бүх үйлдэл нь түүнд ард түмний дунд нэр хүнд, чансаагаа өсгөх боломжийг олгож байдаг билээ.  Тэр “шинэ хүн”-ий дүрийг бүтээж буй  нэгэн.

Ирээдүйн удирдагч Саудын Арабд ардчилалыг бий болгохыг төлөвлөж байгаа аж. Тодруулбал, тэр эмэгтэйчүүдэд жолооны эрх олгох, гудамжинд чөлөөтэй зугаацаж байх боломжийг олгох зэрэг чөлөөт нийгмийг бий болгохоор зорьж байна. Мөн шашны цагдаа нарын бүрэн эрхийг хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Гэхдээ хунтайж исламын ертөнцийн үнэ зүйлийн суурийг гээгдүүлэхгүй нь ойлгомжтой билээ. Энэ мэтчилэн хунтайж Саудын Арабын консерватив үзлээс ухарч, шинэ замыг сонгож буйгаа өөрийн жишээ дээр үлгэрлэдэг. Жишээлбэл, Саудын Арабд олон эхнэртэй байх нь элбэг. Харин хунтайж цорын ганц эхнэртэй. Түүнийг нь гүнж Саре бинт Машхур бин Абдальазиз Аль Сауд гэдэг. Тэд дөрвөн хүүхэдтэй: хунтайж Салман, Машхур, гүнж Фахд, Нура.

Мөн тэрбээр “Инстаграм”-д @special_royal гэсэн албан ёсны аккаунтай бөгөөд 40 мянган дагагчтай. Түүний инстаграм голдуу хунтайжийн улс төрийн амьдралыг өгүүлдэг.

 

Саудын Арабын эдийн засгийн шинэчлэл

Өнөөдөр Саудын Араб газрын тос нийлүүлэлтээрээ дэлхийн хоёрт бичигдэж байна. Байгалийн энэ баялагийн ачаар тус улс хэдэн арван жил амьдарч байгаа билээ. Гэхдээ ирээдүйн удирдагч газрын тосны экспортоос хараат бус байхаар төлөвлөж байгаа ажээ. Тэр “Vision-2030” эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд эдийн засгийг солонгоруулж, төрийн өмчийг хувьчлахаар зорьж байна. Түүний энэ хөтөлбөрийг хэт амбицтай ч газрын тосны экспортоос хараат бус байна гэх зорилтыг нь шинжээчид дэмжиж байгаа ажээ.

Шийдэмгий, хүч чадлаа гайхуулж буй байдал, сэтгэл хөдлөл, дипломат ёсзүйн арга барил байхгүй гэдгээр нь дэлхийн нийт түүнийг “Саудын Арабын Трамп” гэж нэрлэх болжээ. Энэ ч үүднээс хунтайж АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байна. Тэрбээр “Ойрх Дорнодод НАТО байгуулах” америкийн санаачилгыг дэмжиж байгаа билээ.

Ойрх Дорнодод Саудын Араб ганцаараа ноёрхох хүсэлдээ хөтлөгдсөн Мухаммед Йеменд дайн дэгдээгээд амжсан төдийгүй Иран, Турк, Катартай зөрчилдөөн үүсгэсэн билээ. Мухаммед бин Салман өмнөх угсаа залгамжлах хунтайж Наифыг бодвол хөршүүдтэйгээ тааламжтай харилцаатай бус. Тэр энхийн замаар асуудлыг шийдэхийг хүсэхгүй байна.

Гэхдээ удахгүй арабын ертөнцийн хурцадмал байдал намжина гэж ажиглагчид харж байгаа ажээ. Тэд Мухаммедыг залуу, омголон, халуун цустай байна, нас ахих тусам юу хийж байгаагаа ойлгох болно гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж