Н.Мөнхзул: Шүүгчийн сонгон шалгаруулалтын босгыг өндөрсгөсөн | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Н.Мөнхзул: Шүүгчийн сонгон шалгаруулалтын босгыг өндөрсгөсөн

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Н.Мөнхзул: Шүүгчийн сонгон шалгаруулалтын босгыг өндөрсгөсөн

Бүсгүй минь гуйя

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 8-ны өдрийн 103 дугаар зарлигаар Шүүгч сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд ямар өөрчлөлт орсон талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзултай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөг­чийн зарлигаар ‘Шүүгч сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталжээ. Журам шинэчлэгдсэнээр шүүгчийн сул орон тоо нөхөгдөх хугацаа богиносож байгаа юу?

-Өмнөх журмаар сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн сул орон тоонд шүүгч томилогдох хугацаа 3-4 сараар үргэлжилж, сул орон тоо зарлагдсан шүүхийн шүүгчийн ачаалал нэмэгдэх, шүүхийн үйлчилгээний хүртээмж удаашрах зэрэг үр дагавартай байсан. Харин шинэ журмаар сул орон тоо зарлахад нэрээ дэвшүүлэх хуульчид урьдчилан бэлэн болсон байхаар зохицуулсан. Ингэснээр шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласнаас хойш нэг сарын дотор шүүгч томилох боломжтой гэж харж байна.

-Шүүгч сонгон шалгаруулах ажиллагаанд ямар өөрчлөлт гарав?

-Журмыг шинэчлэн баталснаар шүүгч сонгон шалгаруулах ажиллагаанд зарчмын хувьд нэлээд том өөрчлөлтүүд гарсан. Суурь шалгалт гэсэн шалгалтын төрөл бий болсон. Энэ шалгалт нь ‘ерөнхий” болон ‘тусгай” шалгалтаас бүрдэнэ. Суурь шалгалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй шүүгчээр ажиллаагүй байгаа нэр дэвшигч хамрагдана. Суурь шалгалтад оролцсон нэр дэвшигч хоёр удаагийн босго оноо давснаар шалгалтад тэнцэнэ. Мөн суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч ‘шүүгчийн бэлтгэл сургалт”-д бүрэн хамрагдаж байж, дараа дараагийн шалгуурт орох эрхтэй болно.

-Суурь шалгалтад ямар хүмүүс орох эрхтэй вэ. Энэ шалгалтыг хэзээ, хэрхэн зохион байгуулах вэ?

-Суурь шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллах хүсэлтэй, нэр дэвших үедээ шүүгчээр ажиллаагүй хуульчид суурь шалгалтад оролцоно. Ингэхдээ Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасан мэргэжлээрээ ажилласан жил, нас, боловсролын түвшний болзлыг болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хуульч оролцоно. Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон давж заалдах шатны шүүхий шүүгчээр ажиллах хүсэлтэй шүүгчээр ажиллаж байгаа нэр дэвшигч /шүүгч-нэр дэвшигч/ суурь шалгалтад оролцохгүйгээр зөвхөн тухайн ангиллын шалгалтад оролцохоор болсон.

-Суурь шалгалтад тэнцэж нөөцөд орсон нэр дэвшигчийн хувьд хэдэн жилийн хугацаанд шүүгчийн орон тоонд нэрээ дэвшүүлэх эрхтэй байх вэ. Эсрэгээрээ суурь шалгалтад тэнцээгүй бол дахиж шалгалт өгөх боломж бий юү?

-Суурь шалгалтад тэнцэж нөөцөд байх хугацаа нь хоёр жил. Харин шалгалтад тэнцээгүй тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр дахин суурь шалгалт зарлахад орох бүрэн боломжтой.

-Нөөцөд байгаа нэр дэвшигчдийн суурь шалгалтын онооны дараалал тухайн сул орон тоонд өрсөлдөхөд нөлөөлөх үү?

-Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээнд авсан оноогоор тухайн сул орон тоонд нэр дэвшигчид эрэмбэлэгдэнэ. Гэхдээ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ, Монголын хуульчдын холбооноос гаргасан дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагаас гаргасан дүгнэлтэд үндэслэж нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг.

-Суурь шалгалтад тэнцсэн хуульчид бэлтгэл сургалтад хамрагдана гэсэн. Энэ нь нэр дэвшигчийн хувьд бас нэгэн даваа болох уу?

-Шүүгч болох гэж байгаа хүний бэлтгэл сургалт нь шинэ журмын гол шинэлэг зохицуулалтуудын нэг юм. Багц цагийг бүрэн хангаж, тодорхой шалгуурыг давснаар сургалтыг бүрэн дүүргэсэн гэж үзнэ. Гэхдээ шүүхийн орчин, шүүгчийн ажлын байранд зайлшгүй шаардлагатай чадвар, дадалд бэлтгэхээс гадна, нэр дэвшигчийг тандан судлах бас нэг арга гэж ойлгож болно.

-Монголын хуульчдын холбоо хэдийд нь дүгнэлт гаргах вэ?

-Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн талаар Монголын хуульчдын холбоо ‘Мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд шүүгчээр ажиллах шаардлага хангах эсэх” дүгнэлт гаргана.

-Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшиж байгаа шүүгчид суурь шалгалт өгөхгүй, тухайн ангилалынхаа шалгалтыг өгнө гэж та ярьсан. Тухайн ангиллынх нь шалгалт ямар байх талаар тодруулаач?

-Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалт гурван хэсэгтэй байна. Анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллах хугацаанд дангаар хянан шийдвэрлэсэн таван хэрэг маргааны шийдвэрийг тохиолдлын журмаар сонгон авч дүн шинжилгээ хийх байдлаар шийдвэр бичих ур чадварыг нь тодорхойлно. Мөн тохиолдлын журмаар сонгон авсан анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт бичүүлэх байдлаар давж заалдах шатны шүүхээс гарах магадлал бичих ур чадварыг шалгана. Үүнээс гадна нэр дэвшигчийн гаргасан бүтээлийн чанарыг харгалзан мэргэшсэн байдлын үнэлгээ өгнө. Нэгэнт шүүгч болсон хүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллахад шаардлагатай мэдлэг, чадварыг оновчтой шалгуураар шалгадаг байхыг зорьсон.

-Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоонд нөөц бүрдүүлэх үү. Эсвэл зарлагдсан орон тоонд өрсөлдөх үү?

-Суурь шалгалтыг зохион байгуулахтай нэгэн адил анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн нөөцийг урьдчилан бүрдүүлээд явах боломжтой.

-Тэгвэл давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг анхан шатны шүүхийн шүүгчийнхтэй адил жилд хоёр удаа зохион байгуулах уу?

-Тиймээ. Жилд хоёр удаа зохион байгуулаад явж болно. Мөн хяналтын шатны шүүхийн гурван танхимын шүүгчийн сонгон шалгаруулалтыг ч урьдчилан зохион байгуулаад нөөц бэлэн болгоод явах боломжтой. Шинэ журмын дагуу эхний шалгалт ирэх есдүгээр сард болно. Бүртгэл наймдугаар сард эхэлнэ.

-Ер нь шинэ журам гарснаар шүүгч болох босго өндөрссөн үү?

-Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эгнээнд шинээр орж байгаа хуульчдын давах босго өндөрссөн. Энэ журмаар шүүгч болох өндөр босго даваад ороод ирсэн бол карьер ахих боломжийг нь уян хатан, оновчтой шалгуураар шалгадаг байхаар тусгасан нь ерөнхий шүүгчийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс авах шалгалтаас харагдаж байгаа. Харин хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлага бол яах аргагүй шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр анхлан орж ирж буй хуульчаас ялгаагүй өндөр байх ёстой учир нэлээд олон шалгалтын төрлүүдтэй байгаа. Өмнө Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад 60 оноо авсанаар тэнцдэг байсан бол шинэ журмаар бүхий л шатанд нэр дэвшигчдийн босго 70 оноо болсон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-28 202.9.43.198

Хуульчдын холбоо ч энд нээх ач холбогдолгүй юм байна даа ЗҮГЭЭР НЭГ БИЛЭГ ТЭМДЭГ ЮМ БАЙНА яагаад гэвэл бүх зүйлийг ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ГЭХ НЭРТЭЙ ТОМ БҮТЦИЙН 2 ДЭД ХЭСЭГ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЮМ ДАА ХАР УХААНДАА ЕРӨНХИЙЛӨГЧ ТҮҮНИЙГ ҮГ ДУУГУЙ ДАГАХ УЧИРТАЙ ХЭРЭВ ХЭДЭРЛЭВЭЛ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭРЭГ БОЛЖ ШҮҮХЭД ӨӨРӨӨ ОЧИХ ЮМ БАЙЛГҮЙ