Венесуэлийн Дээд шүүхийн барилга руу нисдэг тэрэгнээс буудсан хэрэг зургадугаар сарын 27-ны орой гарлаа. Хэрэг гарах үед Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро төрийн мэдлийн телевизийн сувгаар шууд нэвтрүүлэгт оролцож байжээ.
Хэрэг явдлыг улс орныг тогтворгүй болгох зорилготой террорист үйл ажиллагаа хэмээн Николас Мадуро дүгнэсэн байна.
Нисдэг тэрэгнээс Дээд шүүхийн байр руу буудаж, хоёр гранат шидсэний нэг нь дэлбэрчээ. Ерөнхийлөгчийн зарлигаар тэр дор нь улс даяар онц байдал зарлаж, агаарын орон зайг хянан, гудамжинд хуягт танкуудыг байрлуулжээ.
Хэргийг цэргийн офицер Оскар Перес зохион байгуулсан гэж үзэж байна. Учир нь, нисдэг тэргээр гал нээх үетэй давхцан интернэт сүлжээгээр Оскар Пересийн видео бичлэг цацагдсан байна. “Үндсэн хуулийн дэглэмийг сэргээж, засгийн эрхийг ардчилсан ард түмэнд буцаан олгох зорилготойгоор бид агаарын болон хуурай замын хүчээ нэгтгэлээ. Ерөнхийлөгч Николас Мадурог бүх сайд нарын хамтаар үтэр түргэн огцрохыг шаардаж байна. Мөн сонгууль зарлахыг шаардаж байна. Энэ бол Венесуэлийн цэргийн эсрэг тэмцэл биш. Энэ бол хариуцлага хүлээдэггүй Засгийн газрын эсрэг, дарангуйллын эсрэг, хууль ёсны эрхийнхээ төлөө тэмцсэн залуучуудыг буудан алсаны эсрэг тэмцэл юм. Энэ бол амьдралын төлөө тэмцэл. Итгэл найдварын төлөө тэмцэл” хэмээн уг бичлэгт Перес хэлсэн байна. Бичлэгт Перес нүүрээ нуулгүй үг хэлсэн бөгөөд ард зогсч байсан дөрвөн хүн харин нүүрээ халхалсан багтай байжээ.
Нисдэг тэргийг Оскар Перес өөрөө жолоодож байсан байх хэмээн таамаглаж байгаа ажээ. Нисдэг тэрэг Венесуэлийн цагдаагийн албанд бүртгэлтэй байсан бөгөөд нисдэг тэргийг булаасан гэж таамаглаж байна. Дээд шүүхийн байр руу арав гаруй удаа буудсаны дараа нислэг тэрэг үл мэдэгдэх чиглэлд нисэн алга болсон бөгөөд одоо хайж байгаа юм.
Пересийн ард хэчнээн хүн байгаа талаар тодорхой мэдээлэл байхгүй.
А.ТУЛГА