Рьян Бабел Twitter-ээс болж торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Рьян Бабел Twitter-ээс болж торгуулжээ

Английн Премьер лигийн “Ливерпуль” клубын довтлогч Рьян Бабел Twitter дэх блогтоо шүүгч Ховард Уэббийн засварласан зургийг байрлуулсныхаа төлөө Английн хөлбөмбөгийн холбооноос 10 мянган фунт стерлингийн торгууль хүлээжээ. Английн хөлбөмбөгийн холбоо даваа гаригт хуралдаж, Бабелийн ёс зүйгүй авирын талаар хэлэлцсэн аж. Тэрбээр ийнхүү Twitter-ээс болж, торгууль амссан Премьер лигийн анхны тоглогч болж байна.

Голланд довтлогч блогтоо шүүгч Уэббийг шүүмжилсэн өнгө аястай зүйл бичиж үлдээжээ. FA Cup-ын гуравдугаар тойргийн хүрээнд “Ливерпуль” болон “Манчестер Юнайтед” багуудын тоглолтыг Ховард Уэбб шүүн явуулсан бөгөөд тус тоглолтод “МанЮ”-д маргаантай торгуулийн цохилт хийх эрх өгч, удалгүй багийн ахлагч Стивен Жеррардыг талбайгаас чөлөөлсөн юм. Мерсисайдын “Улаанууд”-ын хувьд тус тоглолт шинэ менежер Кенни Далглишийн удирдлага дор хийсэн анхны тоглолт байсан бөгөөд Энфилд цэнгэлдэхдээ 1:0 харьцаатай хожигдсон билээ.

Тоглолтын дараахан Бабел Twitter-тээ “МанЮ”-гийн өмсгөлтэй Уэббийн зургийг байрлуулж, доод талд нь “Тэд Уэббийг хамгийн шилдэг шүүгчдийн нэг гэдэг билүү. Тэр худлаа шүү” гэсэн утгатай үгс бичиж үлдээжээ. Дараа нь Бабел өөрөө уучлал хүсч, тоглоом шоглоомоор хийсэн зүйл гэдгийг хэлсэн боловч Английн хөлбөмбөгийн холбооноос түүний асуудлын талаар хэлэлцэж, мөнгөн торгууль ногдуулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж