Сонгуулийн дүн техникийн тооллоготой мөргөв

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дүн техникийн тооллоготой мөргөв

Малчдын хүүхдийг цэцэрлэгт хамруулан сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд ахуйн нөхцөл боломж тааруухан байдаг.

“Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний 100 гаруй ажиглагч зургадугаар сарын 26-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт, тооллогын  дүн гаргах болон техникийн тооллого хийх үйл явцад хяналт тавьж, ажиллажээ.

Энэ талаараа өнөөдөр /2017.06.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хяналтыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн 50 хэсгийн хороонд явуулсан байна.

Мониторингоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн хүрээнд болж өнгөрсөн ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэсэн дүгнэлт гарчээ. Гэхдээ цаашид сайжруулах шаардлагатай ажлууд байгааг тэмдэглэв.

Энэ тухай тоймлон хүргэе.

Мэдээлэл дутмагаас 2000 саналын хуудас хүчингүй болов

Ажиглалтад хамрагдсан 50 хэсгийн хорооноос 86 хувьд санал тоолох үйл ажиллагааг бүхэлд нь ажиглаж болохуйц нээлттэй ил тод байжээ.

Санал хураах ажиллагаа 49 хэсгийн хороодод завсарлаагүй бөгөөд хуульд заасан журмын дагуу хэвийн явагдсан аж. Хэсгийн хороод ерөнхийдөө хуульд заасан цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн. Зарим газарт санал тоолох төхөөрөмжийг угсрах, ажиллуулах зэрэгт их цаг зарцуулсны улмаас хожимдож эхлүүлсэн тохиолдол гарчээ.

Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байснаас үүдсэн зарим хүндрэл ажиглагдсан гэнэ.  Тухайлбал, сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх мэдээлэл дутмагаас болж 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон, 51 хувьд нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад хүндрэлтэй байжээ. Үүний улмаас сонгогчийн саналын нууцлал алдагдах, бусад хүмүүст харагдах тохиолдлууд гарч болзошгүй байжээ. Мөн сонгогч хэсгийн хороогоо мэдэхгүй андуурсан 95 болон түүнээс дээш тохиолдол гарсан аж.

Заавал нэг нэр дэвшигчийг дугуйлах шаардлага тавьжээ
 

Сонгуулийн тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд хоосон саналын хуудас уншуулсан иргэдийг заавал аль нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөхийг шаардах тохиолдлууд гарчээ. Мөн сонгогч нэгээс олон нэр дугуйлах тохиолдлууд ч гарсан байна.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гарсан зөрчлийн хувьд оршин суух харьяалал мөн боловч сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй 18 тохиолдол, хаяг дээр байхгүй хүнийг нэрийн жагсаалтад бүртгэсэн 58 тохиолдол бүртгэгджээ.

Сонгогчийн хувьд бэхэн тэмдэглэгээг эсэргүүцсэн 45, өндөр настны өмнөөс хамт яваа хүн бөглөсөн 28 тохиолдол (итгэмжлэлийг шалгаагүй), саналын хуудасны зураг авах, сонгогчид хоорондоо ярилцах гэсэн зөрчлүүд ажиглагдсан байна. 

 

Саналын нууцлал алдагдах магадлал өндөр байна

Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал, сонгогчийн бүртгэл дээрх зургийг нийтэд үзүүлэх дэлгэцийг бэлдсэн зэрэг хэсгийн хороодын зохион байгуулалт сайн байсан ч дараах дутагдлууд ажиглагджээ. Үүнд:

Санал авах хэсгийн 25 хувьд сонгогчийн бүхээгүүдийг хэт ойр зайтай байрлуулсан нь сонгогч саналаа нууцаар бэлтгэх боломж бага, саналын нууцлал алдагдах магадлалтай байв

Тэргэнцэртэй иргэдийн зорчих налуу замыг хэсгийн 68 хувь нь урьдчилан бэлтгээгүй

Сонгинохайрхан дүүргийн 1779 хэсэг дээр санал тоолох машин руу камер чиглэсэн байдал ажиглагджээ.

Саналын хуудсаа хавтастай хийж, автомат машиныг гацаав
 

Ажиглагчдаас ирүүлсэн мэдээллээс үзвэл хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой хүндрэлүүд гараагүй. Хэсгийн хороодын 91 хувь нь сонгогч тус бүрийн хурууны хээг уншуулан таниулж, иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулгаж нягталсан. Зарим хэсгийн хороод хурууны хээ уншиж буй тохиолдолд, иргэний үнэмлэх шаардаагүй байна. Мөн долоовор хурууны хээ таниагүй тохиолдолд хэсгийн хороодын 90 хувь нь бусад хуруунуудыг уншуулсан.

Санал тоолох машин гацах, эвдрэх тохиолдол харьцангуй бага байсан. Гэхдээ зарим хэсгийн хороод дээр иргэд төхөөрөмжинд саналын хуудас уншуулахдаа хавтастай нь хийсний улмаас төхөөрөмжийг гацаах, гэмтээх  тохиолдол гарчээ. Үүний улмаас төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг засахад дээд тал нь 60 минут хүртэл хугацаа зарцуулах, нэг төхөөрөмжтэй нэг хэсгийн хороо санал авах ажиллагаа завсарлахад хүрсэн тохиолдол гарсан аж.

Төхөөрөмжийн эвдрэл гэмтэл бүрт тэмдэглэл хөтлөх шаардлагатай боловч нийт хэсгийн хороодын 50 хувьд энэ тэмдэглэлийг хөтлөөгүй аж.

Санал тоолох төхөөрөмжинд гэмтэл гарсан тохиолдлуудад мэдээллийн даамал тухай бүр нь засварлаж, шийдвэрлэжээ.

Санал тоолж, хэвлэх үед цаас нь дуусчээ

Санал тоолох үйл явц хуулийн дагуу 22.00 цагт эхэлсэн байна. Хэсгийн хороодод санал тоолох ажиллагаа завсарлалгүй шууд явагдсан ч зарим хороодод санал тоолж хэвлэх үед цаас нь дууссан, зааварчилгаа хүлээсэн, техникийн тооллого явагдах эсэхийг хүлээсэн зэрэг шалтгаанууд гарчээ.

Нийт хэсгийн хороодын 95% нь саналын хуудасны дүнг ажиглагчдад хэвлэж өгсөн ба 95% нь дүнг уншиж сонгон, 92% нь нэн даруй буюу дунджаар 10-30 минутын дотор мэдээлжээ. Мөн 98% нь саналын хуудасны зурган файлыг ажиглагчдад CD дээр хуулж өгсөн бөгөөд техникийн мэдлэг болон бэлтгэл хангалтгүй, зурган файлыг хуулж авах хүсэлтээ бичгээр гаргах, заавал DVD авчрахыг шаардсанаас зарим хэсгийн хороо ажиглагчид мэдээллийг авч чадсангүй.

Хэсгийн хороодын гишүүдийн мэдээлэл дутмагаас хуулиар заасан тэмдэглэлүүдийг цаг тухайд нь хөтлөөгүй болон санал авахад зарцуулаагүй үлдсэн саналын хуудасны хуудсыг баруун дээд буланг хайчлалгүй битүүмжилсэн тохиолдол байна.

Техникийн тооллого автомат машины дүнтэй таарчээ
 

Хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын ирүүлсэн мэдээллээс үзэхэд техникийн тооллого явагдах үйл явц Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нээлттэй болсон.

Техник тооллого дунджаар 1 цаг 30 минутын дараа эхэлсэн ба дунджаар 3-8 цаг үргэлжилжээ.

Техникийн тооллого хийгдсэн хэсгийн хороод дээр санал тоолох машины дүн болон гараар хянаж тоолсон дүнгийн зөрүү гараагүй байна. Нэг хэсгийн хороо дээр саналын хуудас болон санал авах машины санал зөрөх тохиолдол гарсан аж. Энэ нь нэр дэвшигчийн өмнөх тойруулан тэмдэглэсэн байдал, мөн хэсгийн хороодын ажилчид олон цаг ажилласны улмаас алдаж тоолсонтой холбоотойг тогтоосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж