Монголын ардчилсан холбоо /МоАХ/-оос 13:10 цагийн үед Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ. Уг шаардлагыг Ардчилсан намын гишүүн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, аварга Д.Дагвадорж нар хүргэж очсон бөгөөд шаардлагад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын хугацааг долдугаар сарын 6-нд явуулах нь зүйтэй гэдгийг тусгасан талаар тэрбээр СЕХ-ны удирдагуудад уншиж танилцуулсан юм. Сонгуулийн ерөнхий хороо яг одоо байрандаа хуралдаж байна. МоАХ-ны шаардлагыг энэхүү хурал дээр гардуулсан юм.
Шаардлагад дараах зүйлийг дурьджээ
-Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдлаа. Эрх баригч нам төрийн эрх мэдэл, хуулийн байгууллагыг ашиглаж, Ардчилсан намын сонгуулийн үйл ажиллагаанд халдсан хүч тэнцвэргүй сонгууль боллоо. Нэр дэвшигчдийн хэн нь ч олонх болоогүй тул хоёр дахь санал хураалт явуулахаар шийдсэн. Гэхдээ санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар шийдсэн нь ирц болон саналын үр дүнд сөргөөр нөлөөлөх зорилго агуулж байна. Тиймээс МоАх үүнийг эсэргүүцэж байна. СЕХ хуулиа биелүүлэхгүй, сонгуулийг шударга явуулж чадахгүй байна гэж үзэж байна. Учир нь С.Ганбаатарт өгсөн 20 мянга орчим санал алдагдсан. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нь МАН-ын нэр дэвшигчтэй найз нөхдийн холбоотой. Энэ талаарх бичлэг сошиалд цацагдсан. Тиймээс санал хураах өдрийг товлосон шийдвэрээ цуцалж, долдугаар сарын 6-нд болгохыг шаардаж байна. Энэхүү шаардлагын хариуг зургадугаар сарын 29-ний 11.00 цагт авах хүсэлтэй байна. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэр шилжинэ…
Ардчилсан намын гишүүн Д.Сосорбарам:
-Монгол хүн бүрийн эрх, өсөж өндийж байгаа хүүхдүүдийнхээ ирээдүйг бид өмөөрч байна. Энэ сонгууль хүч тэнцвэргүй болсон. Ялангуяа цагдаа, хүчний байгууллага эрх баригчдын даалгавраар инээмсэглэсэн дарангуйлал хийлээ. Төрийн албан хаагчдад асар их дарамт ирсэн. Үүнийг би өөрөө орон даяар явахдаа мэдэж авлаа. Урд, хойд хоёр хөршийн харилцааг дипломат харилцаагаар шийдэх ёстой. Ингэж чадах хүн бол Х.Баттулга гэж харж байгаа. Аливааг бид бодитой үнэлэхгүй байна” гэв.