Сонгуулийн дараа ханш унажээ

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн дараа ханш унажээ

Сүүлийн жилүүдэд манай улс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого барьж, багагүй хөрөнгө мөнгө зарах болсон.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль  өнгөрөгч даваа гаригт (VI.26) орон даяар болж, санал хураалтын дүнгээр парламентад суудалтай гурван намуудын нэр дэвшигчид буюу  М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатарын хэн ч 50+1 хувийн санал авч чадаагүй.

Өөрөөр хэлбэл,  сонгуульд гурван нэр дэвшигчээс хэн нь ч 50 хувиас дээш санал авч чадаагүй тул дахин санал хураалтыг долдугаар сарын 9-нд буюу наадмын өмнөх өдөр зохион байгуулахаа Сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн юм.  

Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч тодроогүй, санал хураалтын дахин явуулахаар болсон нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын уул уурхайн компаниудын хувьцааны ханш төдийгүй Монголын бондын ханшид ч сөргөөр нөлөөлжээ.

S&P Global Ratings олон улсын байгууллагаас Монголын эдийн засгийг энэ онд 0.2 хувиар агших таамгийг дэвшүүлжээ. Хэдхэн жилийн өмнө Монгол улсын эдийн засаг жилд 10 гаруй хувиар өсөлттэй явж ирсэн юм.

Монголын Засгийн газар  Оюутолгой алт, зэсийн ордод олборлох үйл ажиллагаа явуулж буй “Рио Тинто” группээс далд уурхайн бүтээн байгуулалтад 5.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээс гадна Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах болсон нь эдийн засгийг тогтворжуулна хэмээн найдаж байгаа. Олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс ч Монгол улсын эдийн засаг сэргэлтийн дунд үедээ явж байгааг ойлгож, Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн анхаарал хандуулж байгааг Bloomberg онцолжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Монголын бондын хувьцааны ханш Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 1.03 центээр буурч 109.7 ам.доллар болсныг Bloomberg мэдээлжээ. Энэ нь Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сард Хонгконгийн хөрөнгийн бирж дээр бонд арилжааж эхэлснээс хойших ханшийн хамгийн том уналт аж.

Bloomberg сайтын мэдээлснээр компаниудын хувьцааны ханш (VI.27) хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна. “Turquoise Hill” компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 0.17 центээр унаж 2.52 ам.доллар, Торонтогийн бирж дээр 0.23 центрээр буурч 3.32 ам.доллар болжээ. Түүнчлэн “Aspire Mining” компанийн хувьцаа 5.26 хувиар буурсан бол “Erdene Resource Development” 2.80 хувь, “Mongolian Mining Corporation” 13.86 хувь, “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш 2.50 хувиар тус бүр унасан байна.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж