–Дөрвөн аймгийн зургаан суманд түймэртэй байна–
Улаанбаатар хот бүхэлдээ түймрийн утаатай байна. Энэ нь Төв аймагт хоёр ч түймэр асч байгаатай холбоотой аж.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нийт зургаан суманд ой хээрийн түймэр асч байна.
Нийслэлийн орчимд ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймэр бүрэн унтраагүй байгаа аж. Улсын хэмжээнд өчигдөр /2016.06.27/-ийн байдлаар 14 түймэр асч байсан бол гал сөнөөгчид нэг шөнийн дотор ой хээрийн найман түймрийг цурманд оруулжээ.
Ой хээрийн түймэртэй байгаа газрууд
- Булган аймаг Бугат сум
- Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сум
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум
- Төв аймгийн Мөнгөнморьт сум
Цурамд оруулсан түймэр
- Булган аймгийн Тэшиг суманд хоёр түймэр
- Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр нэг түймэр
- Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр нэг түймэр
- Хэнтий аймгийн Батширээт суманд нэг түймэр
- Дорнод аймгийн Чойбалсан суманд нэг түймэр асч байна.
Түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллагаас 166 албан хаагч, 16 автомашин, орон нутгаас 168 иргэн, 15 автомашинтай нийт 334 хүн, 31 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна.
Улсын хэмжээнд он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртжээ.
Д.УУДАМ