Хөлбөмбөг: Авлигын шинэ дуулиан | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хөлбөмбөг: Авлигын шинэ дуулиан

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг: Авлигын шинэ дуулиан

“Apple” корпораци зургадугаар сарын сүүл хүртэлх гурван сарын хугацаанд 8.8 тэрбум.ам долларын цэвэр ашигтай ажиллажээ.

2010 онд болсон FIFA-гийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Катарт олгосон юм. Тэр хурлаас 2018 оны эрхийг мөн ОХУ-д олгосон билээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авахын тулд Катар FIFA-гийн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн дуулиан дэгдлээ. Германы Bild сонин энэ эрхийн төлөө Катар FIFA-гийн албан тушаалтны 10 насны охиных нь данс руу хоёр сая ам.доллар шилжүүлсэн гэж мэдээлэв. Цаашид ч илүү нарийн, дэлгэрэнгүй бөгөөд баталгаатай мэдээллийг дэлгэхээ дурдсан байв.

Bild сонины онцолсон мэдээлэл нь:

  • 2018 ба 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах орнуудыг тодруулахын өмнө FIFA-гийн Удирдах зөвлөлийн гурван гишүүн Катарын хөлбөмбөгийн холбоонд харьяалагдах хувийн онгоцоор Рио-де-Жанейрод очиж, үдэшлэгт оролцсон.

  • Катарын Aspire Academy нь санал өгөх эрх бүхий FIFA-гийн гишүүдэд шийдвэр гаргахад нь нөлөөлсөн гэсэн байв.

Катарын авлигын дуулиан шинэ зүйл биш. Өмнө нь энэ талаар хангалттай хардлага, сэрдлэг гарч, FIFA-гийн ёс зүйн асуудлыг хариуцсан Майкл Гарсия гэгч эрхэм 2014 онд энэ үйл явцыг шалгаж, тайлан бичсэн байдаг. Гарсия тэр жилийн арванхоёрдугаар сард FIFA дахь албан ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн, ингэхдээ Олон улсын хөлбөмбөгийн холбоо “удирдлагын хэмжээнд боловсон хүчний хомсдолд орсон” гэж онцолж байв. Тэр үед FIFA-гийн удирдлагууд түүний тайлангаас зөвхөн тодорхой хэсгийг л нийтлэн, нийтэд дэлгэхийг санал нэгтэй зөвшөөрсөн юм.

42 хуудас тайланд Катар авлигын хэрэгт холбоогүй гэж тодорхойлсон байв.

Харин Bild сонин Гарсиягийн 403 хуудас бүхий тайланг бүрэн эхээр нь гартаа оруулсан, цаашид нарийвчлан дэлгэх болно гэж мэдээлсэн юм.

Тайланг олж авсан гэх Bild сонины сэтгүүлч Петер Россберг “2018 ба 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг наймаалцаагүй гэх баталгаа тайланд байгаагүй” гэж Фейсбүүктээ бичжээ. Мөн тэрбээр тайланг “бүх хэсэг нь бүрдсэн цагт л гол учир нь тайлагддаг эвлүүлдэг тоглоом шиг зүйл” гэж тодорхойлсон байв.

Bild сонины мэдээлэлтэй холбогдуулан FIFA одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Ажлаа өгөхийн өмнө Майкл Гарсия FIFA-гийн нийтэд дэлгэсэн тайланд “хэд хэдэн зүйл дээр дутуу, төөрөгдүүлсэн мэдээлэл” нийтлэгдсэн гэж хэлж байлаа.

Эсэргүүцэлтэй тулгарахдаа ажлын өгсөн Гарсиягийн тайлан спортын түүхэн дэх нууц нь үл тайлагдах учир битүүлэг зүйлсийн нэг болоод өнгөрсөн гэгддэг.

Катарын улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, хөрш орнуудтайгаа таарамжгүй харилцаатай байгаа, мөн 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулах ОХУ-ын хөлбөмбөгчид сэргээшийн асуудалд холбогдсон зэрэг нь 2010 оны санал хураалтыг авлига, хээл хахуультай холбогдсон, луйврын шинж чанартай болсон гэж итгэдэг хүмүүсийг улам бүр хүч оруулсан гэж болно. Одоо энэ асуудлаар Швейцарь болон Францад хэргийг шалгасаар л байгаа юм.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс