Сонгуулийн дүн ба намуудын байр суурь

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

VS

Сонгуулийн дүн ба намуудын байр суурь

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болж, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан саналын тоог зарласан ч зарим улс төрийн хүчний хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Иймд энэ асуудлыг VS буландаа хөндөж, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нарын байр суурийг онцоллоо.

С.Эрдэнэ
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Сонгууль тэгш бус нөхцөлд боллоо, төрийн албаны хаагчдыг дайчлан оролцуулсан, хашиж байгаа албан тушаалаар нь барьцаалах, гар утсаараа саналын хуудасныхаа зургийг авчирч үзүүлэхгүй бол ажилгүй болсон гэж бодоорой гэдэг ч юм уу. Нэг төрийн албан хаагч таваас доошгүй хүний саналыг өгүүлэх ёстой гэхчлэн төрийн албан хаагчийг маш ихээр дарамталсан үйлдэл гаргалаа.

Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор асар их мөнгө тараасан, сүлжээ бий болгосон. Энэ асуудлыг зүгээр орхихгүй, төрийн байгууллагад асуудал тавьсан, албан ёсны хариуг шаардаж ажиллана.

Цөөн тооны сонгуулийн хэсгийн хорооны дүнг шөнөжингөө барьж, илт харсаар байтал эрх баригч намаас нэр дэвшиж байгаа хүний саналын тоо маш хурдтай өсөж, нөгөө хоёр хүний санал маш удаашралтай өсөж байсан. Зориуд зохион байгуулалттай хийсэн байх магадлал харагдаж байгаа.

 

Ц.Шаравдорж
МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж

Сонгуулийн ерөнхий хороо МАН, Ардчилсан намын нэр дэвшигчийг илтэд дээш татлаа. Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан үүргээ биелүүлж чадахгүй байна. Мөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна. Сонгуулийн дүнг МАХН хүлээн зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн явц байдлыг дэлхий нийтээрээ ажиглаж байсан. Гэтэл иргэний сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдсанд харамсаж байна. Эрх мэдлийн төлөө улайран тэмцдэг байдал ардчиллыг гутааж байна. Шөнийн 24 цагийн байдлаар нийт 1.327634 хүн санал өгсөн байна гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн. Гэтэл өнөөдөр мэдээлэхдээ М.Энхболд 411748, Х.Баттулга 517478, С.Ганбаатар 409899 санал авсан гэж мэдээлсэн. МАНАН-д ашигтай илэрхий луйвар боллоо. Тиймээс дахин санал хураалт явуулахыг шаардаж байна.

Баруун аймагт Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга тэрбум 80 сая төгрөг тараах гэж байсан нь баримтаар нотлогдсоор байтал арга хэмжээ аваагүй. Сонгуулийн луйварт төрийн албан хаагчийг айлган сүрдүүлж өөрсдийн сурталчилгаанд ашигласан. Сонгуулийн ерөнхий хороо улстөрчдөд худалдагдсан тул бүрэн бүрэлдэхүүнээр огцруулж, татан буулгахыг шаардаж байна.

 

М.Энхболд
МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд

Сонгууль нэр дэвшигчээ гутаан доромжилсон, эвлүүлэг хэрээс хэтэрсэн, иргэдийг элдэв бусын зүйлд уриалсан, орон нутаг руу тэрбум, тэрбумаар нь мөнгө тээвэрлэсэн, гадаадаас сая, саяар нь хандив авсан сонгууль болж өнгөрлөө. Харамсаж байгаа. Ийм ч болсноос дараагийн санал хураалт хийхээс аргагүй боллоо гэж ойлгож байгаа.

Сонгуулийн үйл ажиллагааны дараа МАН руу дайрах үйлдлийг удаа дараа гаргадаг. Аль ч сонгуулийн үед бид хууль дүрмээ барьж, Сонгуулийн ерөнхий хорооноос тавьж ирсэн шаардлагыг биелүүлж ажилладаг соёлтой улс төрийн хүчин. Буруу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг бидэн рүү дайрсан, санал луйвардчихлаа гэсэн хэвлэлийн хурал хийлээ гэж сонссон.

Хардлага сэрдлэг байгаа бол Сонгуулийн ерөнхий хороог шалгаж, саналын хуудсыг тоолж болно. 10 мянгаад саналын зөрүүтэй явж байгаад яагаад минийх дээр нь гарчихсан юм гэдэг дээр эргэлзээ байгаа бол хамтраад шалгасан ч болно. Сонгуулийн ерөнхий хороо санал хуудасны 50 хувийн тооллогоо хийсэн, асуудал гараагүй гэж мэдээлж байна лээ.

УИХ-аар 2015 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хууль хэлэлцэж байхад МАН саналын хуудсыг 100 хувь гараар давхар тоолъё гэдэг санал гаргаж байсан улс төрийн хүчин. Тухайн үеийн эрх баригч хүчин “Саналын хуудсыг 100 хувь гараар тоолох шаардлагагүй, 50 хувь хангалттай. Тэр бүү хэл хяналтын тооллого хэрэггүй, техникийн тооллого хийхэд л болно” гээд хуулийг баталсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж