Хоёр жонон ба Ойрхи Дорнод

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Хоёр жонон ба Ойрхи Дорнод

Аялал гэж мэдэхээс спортын түвшинд хөгжсөн, улсын цол зэрэг олгогддог болтлоо хөгжсөн гэж мэдээгүй турьхан сэтгүүлч миний бие энэ удаагийн УАШТ-ий аяны богцыг задлан сийрүүлнэм.

Зүүн талаас Саудын Арабын хаан ширээг залгамжлагчаар тодорсон Мухаммад бин Салман, Катарын эмир Тамим бин Хамад Аль Тале нар.

-Саудын Арабын эрх мэдлийн шилжилт, Трампын Эр-Риядад хийсэн айлчлал, Катарт өрнөж буй үйл явц хоорондоо ямар холбоотой вэ?-

Өнөөгийн Саудын ван, 81 настай Салман бол Саудын улсыг үндэслэгч бөгөөд эрх баригч овгийн эцэг Абдул-Азиз Аль-Саудын амьд сэрүүн үлдсэн ганц хүү нь юм. Мөн угсаа залгамжлагч ван.

Өдгөөгөөс наяад жилийн өмнө Абдул Азиз англичуудын дэмжлэгтэйгээр язгууртны хоорондын тэмцэлд ялж, Арабын орны хаан ширээнд суусан юм. Түүний гэрээслэлд хаан ширээг насны эрэмбийн дагуу хөвгүүд нь залгамжилна гэж заасан юм.

Тэр дагуу Абдул-Азизын хөвгүүд өнгөрсөн далаад жилийн хугацаанд Саудын Араб гэх чинээлэг улсыг толгойлж иржээ. Гэхдээ гучаад жилийн өмнө Абдул-Азизын хөвгүүдийн нэг, хаан ширээг залгамжилсан дөрөв дэх хүү Фахд нь хаан ширээг захирч байх үед амьд сэрүүн үлдсэн түүний дөрвөн дүү нь хоорондоо нэгэн чухал тохиролцоо хийсэн байдаг. 1980-аад онд бүгд 60 насны босго давсан байсан тул Фахдаас хойш хойшдоо шууд хаан ширээ залгамжлах хүн амьд сэрүүн байх магадлал тун бага учир тэр цагт том ахынх нь хүү улс орноо удирдахаар тохиролцжээ.  Товчхондоо бол Абдул-Азизын хөвгүүд хорвоогийн жамаар таалал төгсөж, шууд угсаа залгамжлах хүн үлдээгүй үед Абдул-Азизын ууган хүүгийн хүү буюу ач хүү нь хаан ширээг залгамжлахаар болсон юм.

Фото: © Court/Handout/File Photo via REUTERS

Гэтэл Саудын ван Салман 30 жилийн тэртээ ах нартайгаа хийсэн тохиролцоогоо зөрчиж, өөрийн хүү Мухаммад бин Салманыг угсаа залгамжилна хэмээн хэдхэн хоногийн өмнө албан ёсоор зарлав. Фахдаас хойш түүний дүү Абдулла, дараа нь Салман амьд сэрүүн байсан тул хаан ширээнд суусан юм. Одоо харин тэр хүүдээ хааны албыг шилжүүлэхээр шийдэж.

Мухаммад өөрөө ч эцгийнхээ том хүү нь биш, тэгээд ч тохиролцоо ёсоор бол Мухаммадын үеэл буюу Салман хааны том ахынх нь хүү Мухаммад бин Наиф хаан болох ёстой байв.

Тохиролцоо зөрчигдсөн ч өвөг эцгийнхээ гэрээслэлийг баримталсан гэж ван тайлбарлав. Хааны зөвлөл цуглаж, олонхийн саналаар Мухаммад бин Салманыг угсаа залгамжлагчаар өргөмжилсөн юм. Нэг ёсондоо бол хааны ордонд эргэлт гарсан гэж болно. Шинэ ван хаан ширээг залгамжлуулах өөрийн гэсэн журмыг шинээр бий болгох нь гарцаагүй.

Фото: © Xinhua/Photoshot/REPORTER

АРАБЫН ЕРТӨНЦИЙН ШИНЭ ЛИДЕР

Өдгөө 31 настай Мухаммад бин Салман Саудын вангийн хоёр дахь эхнэрээс нь төрсөн хүү юм. Хүүхэд байхаасаа хүссэнээ авч сурсан, өндөр боловсрол эзэмшсэн Мухаммад өөртөө маш итгэлтэй, нүдэнд дулаахан, хүмүүсийг татаж чаддаг, амбиц ихтэй, ухаалаг нэгэн гэгддэг. Тэрбээр  вант улсынхаа ажил хэргийг эртнээс ярьж ирсэн нэгэн. Өнөө цагийн вантны гэр бүлийнхнээс эдийн засаг ярьдаг цорын ганц хүн юм.

Саудын мөнгөөр  оршин тогтнодог гэж болох NBC телевизид тэр саяхан ярилцлага өгөхдөө “Мухаммад бин Салманы 100 жилийн төлөвлөгөө” гэгчийг танилцуулсан. Төлөвлөгөөний гол санаа нь Саудын Араб цаашид нефтиэр амьдрахгүй гэдэг зүйл. Төлөвлөгөөний биелэлтийг 100 жилээр зарласан болохоор үе дамжуулан хэрэгжүүлэх санаатай байх.

Хаан  ширээ залгамжлагч жонон Батлан хамгаалах яамыг толгойлох болсноор цэрэг, улс төрийн талбарт үнэнчээр хүчин зүтгэх болжээ. Тэрбээр хөрш Йеменд цэргээ оруулж, “Араб хавар”-аар гарч ирсан засгийн газар, Ерөнхийлөгч Хадийн бослого гаргасан хоусист шииттэй хийж буй дайныг дэмжсэн.

“Араб хавар”-ын дүнд хаан ширээнээс буух шахсан Бахрейны II Хамадын оршин тогтнох баталгаа нь Саудын арми болж байгаа. Сирид олон бүлэглэл саудчуудын шууд ба шууд бус дэмжлэгийг авдаг. Араб ертөнцийн чухал бүрэлдэхүүн Египет ч мөн эдийн засгийн тал дээр Саудаас олон тэрбумын дэмжлэг хүлээдэг. Салж бутарсан Ливид хамгийн хүчтэй гэгдэх генерал Хафтерыг дэмжиж, Саудын ирээдүйн ван нефть, байгалийн хийгээр баян тэр орныг өөрийнхөө ивээлд авч байгаа.

Фото: © AA/ABACA/EAST NEWS

ТРАМПЫН АЙЛЧЛАЛ

АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар Дональд Трамп анхны гадаад айлчлалаа Саудын Арабт хийсэн нь залуу залгамжлагчийн хувьд том алхам болсон юм.

Гэрээ хэлцэл хийх, протоколын бүхий л үйл явцад залуу жонон Мухаммад бин Салман эцэг вангийнхаа, мөн хүндэт зочдын дэргэд байлцав. Энэ айчлалаар АНУ-ын төрийн тэргүүн ойрын арван жилд хэнтэй холбоотой байх таамаг төсөөлөл авсан нь мэдээж хэрэг. Трампын айлчлалын үеэр Египетийн Ерөнхийлөгч Ас-Сиси болоод өөр араб ба мусульман орны лидерүүд уригдсан нь ердийн нэг хэрэг биш.

Хаан ширээ залгамжлагчийн өвөө Абдул-Азиз Аль-Сауд 1945 оны хоёрдугаар сарын 14-нд АНУ-ын Ерөнхийлөгч Рузвельттэй хийсэн түүхэн уулзалтаар Саудын нефтийг олборлоход АНУ давуу эрхтэй болсон, хариуд нь Арабын нутаг дэвсгэрт залуу ван Америкийн дэмжлэгийг хүлээсэн билээ. “Хар наймаа” гэж нэрлэдэг энэ тохиролцоо ёсоор нэг талаас нефть, нөгөө талаас цэргийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон юм. Тэрхүү дэмжлэг ч цагаа олсон зүйл байсан. Араб ертөнцийн бусад гол орнууд Египет, Сири, Ливи, Алжир, Йемен бүгд найрамдах улс болсон бол Саудын Араб вант улс хэвээр үлдсэн юм.

Харин өнөөдөр Саудын ирээдүйн ван Мухаммад бин Салман далайн чанадын АНУ-ын нөмөр нөөлөг дор зөвхөн Саудын төдийгүй араб ертөнцийн хаан ширээнд титэмлэгдэж байна. Баталгаанд нь Трамп АНУ-ын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт 110 тэрбумаар үнэлэгдэх гэрээг авч одов. Ийм их хэмжээний зэвсгийн наймаа нь бин Салман цэргийн салбарт ихээхэн хүч хаях сонирхолтой болохыг нь баталсан гэж болно.

Фото: © AA/ABACA/EAST NEWS

ЭНД КАТАР ЯМАР ХАМААТАЙ ВЭ?

Ирээдүйн залуу вангийн төлөвлөгөөг нураах нэг эрхэм бий. Тэр нь Мухаммад бин Салманаас таван насаар ах, бараг л үе чацуутан. Мөн л араб вангийн хүү. 2013 онд эцгээсээ тайван замаар хаан ширээг залгамжлан авсан тэрбээр бас л бүс нутгийнхаа бодлогод нөлөөлөхийг оролддог.

Тэр бол Катарын эмир Тамим бин Хамад Аль Тале. Катар “Араб хавар”-ыг дэмжиж, одоо ч нөлөөгөө явуулсаар байгаа. Дотооддоо АНУ-ын цэргийн том баазтай. Гэхдээ АНУ-аас гадна өөр түншүүдийг хайдаг.

Эмирийн мэдэлд “Аль-Жазира” хэмээх медиа холдинг бий. Британид өндөр боловсрол эзэмшсэн, спортод хорхойтой, эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ч авч чадсан. Санхүүгийн боломжийн талаар ярих зүйлгүй. Улс орноо байгалийн хийн худалдааны хамаарлаас чөлөөлөх стратеги баримталж байгаа.

Бүс нутгийн хэмжээнд ийм өрсөлдөгчтэй байх нь Саудын залуу ванд мэдээж хүндрэлтэй байх нь гарцаагүй.

Одоо дүрэлзэн асч байгаа  тэдний сөргөлдөөн бүс нутгийн орнуудыг хэдийн талцуулаад эхэлжээ. Трамп Саудын Арабт үр ашигтай айлчлал хийгээд буцмагц нь вант улс Катартай дипломат харилцаагаа тасалсныг зүгээр нэг тохиолдол гэж боломгүй. Шалтгаан олныг тоочиж болно. Ирантай түншилсэн, шийтийн “Хезболлах”, “Ан-Нурса” хөдөлгөөн, цаашлаад “Исламын улс”-ыг дэмжсэн гэх мэт. Гэхдээ яагаад заавал тэр өдөр гэж? Трамптай гар барьсан нь энэ сөргөлдөөнийг өдөөсөн хэрэг үү? Тэдний бойкотыг Египет, Эмиратын нэгдсэн улс, Бахрейн, Ливи… бүгд дэмжив.

Араб ертөнцөд ойрын хэдэн жилд эрх дураараа, амбиц ихтэй залуу хоёр жонон сөргөлдөх нь гарцаагүй болж байна. Нэг нь нефтийн, нөгөө нь байгалийн хийн орон. Харамсалтай нь, залуу ноёдын сөргөлдөөний золиосонд Арабын цаашлаад дэлхийн хувь заяа өртөх вий.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж