Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт болсон ч дахин санал хураалт болохоор болсон. Сонгуулийн үйл явцын талаар Улс төр, менежментийн академийн ерөнхий захирал, судлаач Д.Уламбаяртай ярилцлаа.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулийг Та юу гэж дүгнэж байна?
-Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас хэд хэдэн өөр зарчимтай сонгууль болсон. Нэгд, ард түмэн төр засгаа түвшин байж, гурван нэр дэвшигчээс сайн хүнийг сонгох юмсан гэсэн мөрөөдөлтэй байгаа нь ажиглагдсан. Улс төрөөс залхсан ийм цаг үед нийт сонгогчдын 66 хувь нь санал өгснөөр энэ байдал илэрхийлэгдэж байгаа юм. Хоёрт, 18 мянган хүн хоосон саналын хуудас уншуулсан. Энэ нь иргэд төрийн хэрэгт оролцож, саналаа өгөх хүсэл байгаа ч намууд зөв нэр дэвшигчээ гаргаж ирж чадаагүй байна гэсэн үг. Намууд энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа мөнгөний шалгуур тавьж, бүлэглэл фракцийн эрх ашгийг урьтал болгосон байна гэсэн санаа. Түүнээс гадна сонгуулийн үеэр ажиглаж байхад санал өгөх хүсэл эрмэлзэлтэй олон хүн байсан ч нэр дэвшигчдийн алийг нь ч нэмэргүй гэж үзсэн, мөн нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, бодлогоор өрсөлдөхгүй, зөвхөн бие биенийхээ мууг үзсэн сурталчилгаатай болсонд нь дургүйцэж, саналаа өгөхгүй гэж шийдвэр гаргасан хүмүүс их байлаа. Мөн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нийт сонгогчдын 30 орчим хувийн саналыг авч байгаа нь ард түмний олонх хэсэг МАН, АН л биш бол хэн ч яахав гэсэн хандлагаар саналаа өгсөн байна гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байхад нийт сонгогчдын 30 хүрэхгүй хувийн санал авч байгаа нь ард түмний итгэл алдарсан байгааг харуулж байна гэж хэлж болно. Харин энэ удаагийн сонгуульд ажиглагдсан нэг давуу тал бол хэрэв сонгогчид тараасан гээд байгаа мөнгийг авсан бол саналаа өгөхдөө түүнд хөтлөгдөөгүй байх магадлалтай байсан явдал. Мөнгө авсан ч сонголтоо өөрөөр хийж байна гэдэг нь сонгогчдын сонголт хийх чадвар, үндэсний эрх ашгаа дээдлэх чадвар өмнөх сонгуулиас эрс нэмэгдэж, хариуцлагатай болж байна гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.
-Дахин санал хураалт болохоор боллоо. Дахин санал хураалтын ирц хүрэхгүй байх гэсэн болгоомжлол байна?
-Дахин санал хураалтад энэ удаагийн санал хураалтад оролцсон бүх хүн оролцох ёстой, хуулиараа. Дахин санал хураалтаар нийт сонгогчдын 50-иас дээш хувь санал өгөхгүй бол энэ сонгууль бүр болиод, цоо шинээр сонгууль зарлагдах хуультай. Ингэвэл дараагийн шатны сонгууль ирэх ёс, аравдугаар сар хүрэх магадлал байна. Ард иргэд хэр бодож байгаа юм, мэдэхгүй байна. Миний хувьд дахин санал хураалтын ирц хүрнэ гэдэг хүндрэлтэй. Зуны улирал, Үндэсний баяр наадмын өмнөх өдөр гээд олон зүйл нөлөөлөх байх. Хүмүүс санал авах өдрөө итгэж, найдаж олноороо санал өгсөн, түүнийг нь унтаад босоод ирэхэд нь өөрчилсөн гэх мэт тааварлашгүй нөхцөл үүсгэсэн учраас одоо ирц хүрнэ гэхэд хэцүү.
-Дахин санал хураалт ирц хүрэхгүй бол сонгуулийг шинээр зохион байгуулна гэсэн үг. Тэгэхээр нэр дэвшигчид ч гэсэн өөрчлөгдөж болно, тийм үү?
-Хуулийн дагуу дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол энэ удаагийн сонгуулийг хүчингүйд тооцож, дахин сонгууль зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, санал авах өдрөөс тодорхой хугацааны өмнө нэр дэвшигчээ тодруулах, бүртгүүлэх гээд хуулийн дагуу өнгөрсөн процессиуд үргэлжилнэ гэсэн үг. Нэр дэвшигчээ тодруулах, бүртгүүлэх, сурталчилгаа гээд бүх зүйл шинээр явна.
-Дахин санал хураалтыг долдугаар сарын 9-ний өдөр явуулахаар Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэсэн. Зарим намын зүгээс дахин санал авах хугацааг наашлуулах санал ч тавьж байна. Энэ хугацаа тохиромжтой юу?
-Сонгуулийн ерөнхий хороонд өөр санал авах өдөр байгаагүй байх. Наадмаас өмнө байгаа хамгийн боломжтой өдөр гэж тооцоолсон байх. Улстөрчид, намуудын хувьд наадмаараа төрөө солигдсон байгаасай гэж хүсч байгаагийн илрэл болов уу гэж бодож байна. Магадгүй хэт их яарвал бүр ч долоон дор байдалд хүргэж магадгүй.
-Дахин сонгууль болохоор бол сонгогчийн хүсч байгаа шиг нэр дэвшигч орж ирэх боломжтой юу?
-Дахин санал хураалтад МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас Х.Баттулга гэсэн хүн нэр дэвшигч өрсөлдөнө. Дахин санал хураалтын ирц хүрээд, хэн нэг нь олонхийн санал авч чадвал сайн байна. Ирц хүрэхгүй бол дахин сонгууль болно. Магадгүй өмнө нам дотроо өрсөлдөөнд орж байсан Р.Амаржаргал, Ц.Нямдорж, хуульч С.Нарангэрэл гэх мэт нэр дэвшигчдийг оруулж ирж болно. Бараг энэ нь ч ард түмэнд ашигтай болов уу гэж хувь хүнийхээ хувьд бодож байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрсэн ч хэн ч олонхийн санал авч чадаагүй байна гэдэг нь сонгогчоос улс төрийн намуудад өгч байгаа том сургамж. Та нар хэт их бүлэглэж, фракцын эрх ашгийг бодож, хэтэрхий их ард түмний саналыг мөнгөөр худалдаж авахыг хичээх юм бол, хэтэрхий их хар луйврын сүлжээнд оролцсон хүмүүсийг нэр дэвшүүлэх юм бол ард түмэн дургүйцлээ илэрхийлж, саналаа өгөхгүй шүү гэсэн сануулга гэж бодож байна.
Сонгуулийн зардал бол сайн Ерөнхийлөгчтэй болох сургалтын төлбөр
-Дахин санал хураалт эсвэл дахин сонгуулийн үр дүнд тав дахь Ерөнхийлөгч сонгогдоно. Түүний дараа улс төр, эдийн засаг, улс орны хэмжээнд ямар томоохон өөрчлөлт болох вэ. Ялангуяа Ерөнхийлөгч хэн болохоос Үндсэн хуулийн өөрчлөлт явах эсэх нь хамаарч байх шиг байна?
-МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Ерөнхийлөгч болох юм бол Үндсэн хуульд ёс төдий өөрчлөлт орно. Өөрөө хэлбэл, хэн нь том дарга болох, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хэн нь том байх вэ гэдгийг л хийх байх. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгч болсон тохиолдолд тэр хүний итгэл үнэмшил нь зарчмын томоохон өөрчлөлтийг нэр төртэйгээр хийе гэсэн хүсэл эрмэлзлэл байх юм бол Үндсэн хууль нилээн том зарчмын өөрчлөлт оруулаад, үнэт зүйл, эрхэм зорилгоосоо эхлэх болов уу гэж бодож байна. Монголын эдийн засаг улс төрөөс хамааралтай, улирлын шинж чанартай. Жилийн жилд хавар уул уурхай, барилгын салбарын үйл ажиллагаа эхэлдэг байсан ч одоо болтол эхлээгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахаас үл шалтгаалан энэ жилийн бизнесийн цикл алдагдсан. Харин хэн байх вэ гэдгээс шалтгаалаад арай өөр дүр зураг гарч магадгүй. Хэрэв М.Энхболд Ерөнхийлөгч болох юм бол уул уурхай, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт улам том бүлэглэл, улстөрчдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гарах болов уу гэж бодож байна. Х.Баттулга амласандаа хүрэх юм бол уул уурхайд олон түмний саналыг тусгах, орж ирж байгаа баялаг олонд хүртээмжтэй байх тал дээр томоохон өөрчлөлт орох бололцоотой.
-Хоёр нэр дэвшигч 100 гаруй мянган саналын зөрүүтэй байгаа. Тэгвэл дахин санал хураалт хоёр нэр дэвшигчийн хэнд нь ашигтай вэ?
-Сайн мэдэхгүй байна. Гэхдээ МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод ашигтай байдал үүсч болно. Түүний хувьд хүрд эргүүлэх сүүлчийн боломж байх болов уу.
–Дахин сонгууль хэнд ашигтай юм бэ?
-Дахин сонгууль ард түмэнд илүү ашигтай ч байж магадгүй. Арай илүү зөв, эх оронч үзэлтэй, боловсрол мэдлэг сайтай, тулхтай хүмүүс гарч ирж магадгүй.
-Гэхдээ нам дотроо “хайрцагласан” хүнээ л дахин сонгуульд оруулах юм биш үү?
-Саяын сонгуулиас сургамж авсан байлгүй дээ. Хэрэв энэ сануулгыг хүлээж авч чадахгүй бол үндэсний хэмжээний маш том хямрал нүүрлэнэ. Нэг хэсэг нь дургүйцлээ илэрхийлж, гудамжинд гарна. Нөгөө хэсэг нь засаглалаа хэрэгжүүлэхийн тулд дарангуйллын ч юм уу, ямар нэг аргаар авахыг хичээнэ. Бид үндэсний хямралын маш том босгон дээр тулгарч байгаа гэсэн үг юм. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийг эв, зохистойгоор энэ зун шийдвэрлэхгүй бол ирэх намраас хямрал, хувьсгалын босгон дээр тулж ирнэ гэж хувь хүнийхээ хувьд бодож байна.
-Дахин санал хураалт, дахин сонгуулийг татвар төлөгчдийн мөнгөөр хийж байна гэх шүүмжлэл их байна?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт, дахин сонгуульд зарцуулж байгаа мөнгөнд огт санаа зовох хэрэггүй. Хэрэв бид муу Ерөнхийлөгчтэй болвол тэр хүний гарын салаагаар хэдэн тэрбум төгрөг урсана. Харин сайн Ерөнхийлөгчтэй болвол энэ мөнгийг хэд дахин нугалж, бидэнд олж ирнэ. Энэ мөнгийг сайн Ерөнхийлөгчтэй болохын тулд төлж байгаа сургалтын төлбөр гэж ойлгох хэрэгтэй. Бид нэг хэсэг нь саналаа өгч сурч байна, намууд нь нэрээ дэвшүүлж, ёс зүйд нь хариуцлага тооцож сурч байна гээд сонгуулийн зардлаар гурван саяулаа суралцаж байна гэсэн үг. Зөв хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй.
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн давуу тал юу байв, Таны бодлоор?
-Үндсэн хуульд төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байгаа гэж заасан. Ард түмэн эрх мэдлээ эдлэхэд бэлэн гэдгээ сонгуульдаа идэвхтэй оролцсоноороо харууллаа. Мөн эсэргүүцлээ илэрхийлж байна. Сонголтгүй сонгуульд бид саналаа өгөхгүй байж чадна гэдгээ л маш тод харууллаа. Хүчээр хатсан боорцог, еэвэн мэрэх биш үзэж, харж, сонгож байгаад сонголтоо хийнэ гэдгээ харууллаа гэж бодож байна. Хүмүүс үнэхээр хүсч, мөрөөдсөн хүн нь гараад ирвэл өөрийн эрхгүй түүнийгээ дэмжихийн тулд саналаа өгөх юм байна гэдэг нь 2016 оны УИХ-ын сонгуулиар ч, саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар ч харагдлаа.
–Сонгуулийн сурталчилгааны цөм хэсэг олон нийтийн сүлжээгээр өрнөв. Энэ нь өөрөө хэр зохимжтой үйлдэл юм бэ? Ялангуяа Монгол төрийн тэргүүн сонгох үйл явцын үед. Уг нь нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, сонгогчидтойгоо илүү их уулзах ёстой байсан болов уу?
-Энэ бол нийслэлд амьдардаг ухаалаг утастай, интернэт орчинд байдаг 300 мянга орчим хүний дунд л өрнөсөн зүйл. Бусдад бол огт хүрэхгүй байна гэсэн үг. Жирийн сонгогч, малчид олон нийтийн сүлжээнд идэвхгүй байдаг учраас өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгч байна гэсэн үг. Сонгуулийн сурталчилгаа бол ой гутмаар зүйл болж өнгөрсөн. Мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл гэхээс илүү хэн нь хамгийн муу нь вэ гэж л уралдлаа. Түүндээ нэр төртэй хүмүүс, одууд, ахмадуудыг яаж оролцуулж болох вэ гэдгээ харуулсан. Урлаг, спортынхныг сонгуулийн үеэр яаж биеэ үнэлж, үнэд хүргэж болох вэ гэдгийг харуулсан ёс зүйгүй сурталчилгаа байсан. Тэр мэтгэлцээн гэж байгаа зүйлийнх нь 80 хувь нь ор хөнжлийн яриа болсон. Энэ улс орны хөгжлийн талаар, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үзэл бодлоо уралдуулсан бол жинхэнэ мэтгэлцээн байх байсан.
-Энэ удаагийн сонгуулийг сонгогчийн боловсролтой холбон тайлбарлах хэсэг байхад сонголтгүй сонгууль болсон гэж тайлбарлах хүмүүс ч бас байгаад байна?
-Боловсролгүй хүн С.Ганбаатарт, боловсролтой хүн М.Энхболдод санал өгнө гэсэн ойлголт байхгүй. Сонгогчид итгэл үнэмшлээрээ сонголт хийсэн. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсролоос илүү иргэд саналаа худалдахыг хүсэхгүй байна. Мөн эрх барьж байгаа намуудаас үнэхээр залхаж байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр нь сонгогчдын сонголт байлаа.
-Сонгуулийн нэгдсэн хуулиар сүүлийн хоёр ч сонгууль зохицуулагдсан. Ер нь хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийх шаардлага байна уу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай намууд нэр дэвших эрхтэй гэсэн заалтыг өөрчлөх хэрэгтэй. Намууд хагас мафижсан, бүлэглэл болсон энэ цаг үед дундаас нь мафийн толгойлогч л Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй болж байгаа юм. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд бие дааж, нэр дэвших эрх нь нээлттэй байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж нэр дэвших эрхийг нээж өгөх ёстой юм. Тэгвэл жинхэнэ намчирхаагүй, талцаагүй, жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлэлийг хангаж чадах нэр дэвшигч хөндлөнгөөс орж ирэх боломжтой болж байгаа юм. Намууд нэр дэвшүүлэх нь хайрцаглагдсан тэр бүрэлдэхүүнээс гарч ирэх тийм л боломж юм болов уу. Энэ нь өөрөө үндэсний аюулгүй байдал, сонгох, сонгогдох эрхэд маш ноцтой хохирол учруулж болох юм байна гэсэн бодол төрж байна.
-МАН, АН, МАХН гээд бүгд л сонгуулийн дараа, ялагдлын дараа санал тоолох хар машиныг “үзэн ядаж” эхэлдэг. Хар машиныг луйвардаж болохгүй гэдгийг 2016 оны сонгуулийн үр дүн, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн харуулсан гэх нь ч байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Энэ удаагийн сонгуулийг харахад хар машинд эерэг хандлага байна. Нийт сонгуулийн саналыг 80-90 хувийг шударгаар тоолсон. Гэхдээ сүүлийн 200 орчим хэсгийн хорооны санал ирэхгүй байсан нь тэр хугацаанд “ажиллах” боломж байна гэж харж болохоор байна. Сонгуулийн хороо, хар машин хоёр 90 хувьд нь шударга ажилласан ч сүүлийн 10 хувь дээр шударга бус хандсан байхыг үгүйсгэх аргагүй харагдсан.
-Сонгогчид боловсролтой, сонголтоо зөв хийх итгэл үнэмшилтэй болсон байна гэж та хэллээ. Тэгвэл намууд хэрхэн шинэчлэгдэж, өөрчлөгдөх ёстой вэ?
-Юуны түрүүнд намуудын гишүүнчлэлийг болиулах хэрэгтэй. Нэг жишээ хэлэхэд, сонгуулийн сурталчилгааны үеэр нэг сумын уулын аманд 10 гаруй айлыг 4-5 жийп машин хариулж байх жишээтэй. Тэр айлуудын хэнтэй уулзах, хэнийд очих, хэн ирэх, хэний уулзалтад очих гээд хариулсаар сонгууль дуусгасан. Одоо бол сонгогчдоо мал шиг хариулдаг болж. Ах дүү хоёр намаасаа болж тангараг тасрах гээд намын батлахаас үүдсэн олон жишээ байна. Энэ нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол намуудаар дамжуулан алдрахад хүрч байна. Энэ бол эмгэнэл. Намууд маш хурдан хугацаанд шинэчлэгдэж, гишүүнчлэл гэх ард түмний нуруунд үүрүүлсэн хүнд дөнгийг авч хаяхгүй бол цаашид энэ өөрөө асуудал болж эхэлж байна гэсэн үг.
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчид 50 сая вонн авсан, нэг тэрбум төгрөг тараах гэж байсан, 60 тэрбумын албан тушаалын наймаа гээд мөнгөтэй холбогдсон асуудал байнга яригдлаа. Намууд сонгуульд ингэж их мөнгө зарах шаардлага байна уу?
-Ер нь намууд мөнгө зарах шаардлагагүй гэдгийг энэ удаагийн сонгууль тодорхой харуулсан. Нэг аймаг АН, МАН нийлээд нэг тэрбум төгрөг тараасан байх таамаглал байна. Энэ гэхдээ гар дамжиж тараагдаж байгаа мөнгө. С.Ганбаатар мөнгө тараагаагүй ч олон хүний санал авсан. Тэгэхээр мөнгө тараахаас илүү мөрийн хөтөлбөрөө зөв таниулж, тайлбарлаж чадах юм бол ард түмэн сонголтоо хийж байна. Намууд мөнгө тараах, их хэмжээний мөнгө зарцуулах асуудлыг зогсоохын тулд хуулиар зарцуулах мөнгөн дүнг багасгах хэрэгтэй. Магадгүй нэр дэвшигч С.Ганбаатар 50 сая воннын асуудалтай орооцолдоогүй бол үнэхээр илүү санал авах байж гэсэн бодол төрж байна. Тэгэхээр ард түмэн шударга хүнийг хайж байна. С.Ганбаатар 50 сая воннын асуудалтай ч нөгөө хоёрыг бодвол арай дээр, ядарсан юм гэж хүмүүс саналаа өгч байна.