Юанийн хувьсгал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Юанийн хувьсгал эхэллээ

“Google”, “Goldman Sachs” хэр их
юаниар үнэлэгдэх бол. Хятадын компаниуд гадаадад юанийн хөрөнгө оруулалт
хийх зөвшөөрөл авч байгаа энэ үед шинжээчдийн дунд дээрх асуулт
тавигдах болжээ. Өөрөөр хэлбэл, удахгүй гад­ны компаниудын хувьцааг
юаниар үнэлж худалдан авч эхэлнэ гэсэн үг юм. Өнгөрсөн пүрэв гарагт
Хятадын Ардын банкнаас уг зөвшөөрлийг олгох гэж байгаа тухайгаа албан
ёсоор мэдэгдсэн байна.

Хятадын эрх баригчид олон улсад юанийн хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж
бай­гаа. Үүний хүрээнд эдийн засгийн зарим салбар дахь төрийн хатуу
хяналтаа суллаж эхэлжээ. Юун түрүүнд гадны хөрөнгө оруулагчдыг юанийн
хадгаламж нээхийг дэмжсэн юм. Үүнээс болж өнгөрсөн аравдугаар сард л
гэхэд 10.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэх худалдааг зөвхөн юаниар хийсэн
байх юм. Харин дараа сард нь буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Хонконг
280 тэрбум юанийн нөөцтэй болжээ. Энэ нь ойролцоогоор 42 тэрбум
ам.доллартай тэнцэх юм. Өмнө нь 2004 онд Хятадаас гадагшаа хийсэн
хөрөнгө оруулалтын хэмжээ тун бага байсан бол 2009 онд 56 тэрбум
ам.доллар болж дээд амжилт тогтоожээ. Ерөнхийдөө бол тус улсын мөнгөний
урсгал урьд өм­нөхтэйгээ харьцуулахад илүү нээлттэй, чөлөөтэй болсон гэж
хэлж болох юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Хятадын нэгэн компани
“M&A”-ийг худалдаж авахаар болсон ба үүнийгээ юаниар тооцож магадгүй
байна. Одоогийн байдлаар өсөн нэмэгдэж буй зах зээлтэй орны Засгийн
газар, компаниуд юанийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх хандлагатай
бай­гаа. Учир нь тэдгээр орны хувьд эдийн засаг нь Хятадын зах зээлээс
нэлээд хэмжээгээр хамааралтай болсонтой холбоотой.

Хятад бол эдийн засгийн хувьд хэдийнэ хүчирхэг гү­рэн болсон. Үүний нэг
гол хөшүүрэг нь тус улсын хямд ажиллах хүчний зах зээл юм. Өнөөдрийн
байдлаар Хятадын нийт хүн амын 71 хувь нь ажил эрхлэх насны хүмүүс
байгаа аж. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлж байна. АНУ
Хятадтай харьцуулахад технологийн хөгжлийн хувьд хамаагүй илүү. Хэдий
тийм боловч Хятадын Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалтын асуудалд
түлхүү анхаарч, гадны, тэр дундаа АНУ-ын томоохон компаниудыг хямд
ажиллах хүчээрээ өөртөө татаж байгаагаас капиталын урсгал нь огцом
нэмэгдсэн гэхэд болно. Харин АНУ-ын хувьд шинэ техник, технологи
бүтээхэд зарцуулах эд, ангиудаа Хятадаас импортолж авч байгаа юм. Эдийн
засгийн хүчирхэгжилтийн хувьд бол ийм байна.
Хятадын Засгийн газар үүнийгээ ашиглан юанийн хувьсгал хийх гэж байгаа
тухай асуудалдаа эргэн оръё. Тус улсын Ерөнхийлөгч Ху Жинтао АНУ-д албан
ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр ам.долларын
эрин үе ард хоцорсон гэдгийг онцолсон юм. Мөн юанийг дэлхийн нөөц валют
болгохын төлөө хичээж ажиллаж байгаагаа хэлээд, гэхдээ энэ бол алгуур
үргэлжлэх процесс гэжээ. Ху Жинтао “Дэлхийн эдийн засгийн тогтолцоон
дахь Хятадын үүрэг асар их болсон. Үүнтэй зэрэгцээд юанийн нөлөө ч
нэмэгдэнэ” гэсэн байна. Гэхдээ түүний энэ байр суурь дөнгөж одоо л ил
тод болж байгаа юу гэвэл үгүй. Юань, ам.долларын өрсөлдөөн аль 2008
оноос эхэлсэн гэхэд болно. Анх экспортлогчдоо дэмжих зорилгоор юанийг
ам.доллараас уяж, ханшийг нь хүчээр доогуур барьж байсан. Үүнээс болж
санхүүгийн хямрал ид өрнөж байх үед Хятадын бараа, бүтээгдэхүүний
өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгаа тэлэхэд нь томоохон нөлөө, түлхэц
болсон билээ. Магадгүй үүнээс болж Хятадад ажилгүйдлийн түвши буурсаар
1.47 хувьд хүрсэн бол харин АНУ-д эсрэгээрээ өссөөр 9.4 хувь болсон.
Тиймээс буруутныг эрэлхийлсэн Б.Обамагийн засаг захиргаа Хятадын валютын
бодлогыг хүчтэй эсэргүүцсэний хүчинд өнгөрсөн оны зургадугаар сараас
юанийг ам.доллараас уяхыг болиулахаар болсон. Гэхдээ энэ нь Хятадын
талын хүсч байгаачлан аажим бөгөөд алгуурхан бүтэх ажил юм. Чухам энэ
үеэс л тэд юанийг улс орнуудын хооронд хийгдэж буй худалдаа, арилжаанд
хамгийн түгээмэл ашигладаг гол валют болгохыг зорьж эхэлжээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 20 тэрбум юанийн бонд гарсан бол
түүний дараахан Хонконгод 60 тэрбум юанийн шинэ хадгаламж бий болсон
байна. Түүнчлэн өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар Хятадын
компаниуд дэлхийн 40 гаруй оронтой 197.1 тэрбум юаниар худалдаа хийжээ.
Тус улсын Ардын банкнаас гаргасан дээрх хуулийн тухайд энэ зөвхөн
худалдаанд ашиглагдаж буй юанийн тухай онцлоогүй юм. Өөрөөр хэлбэл,
гадны компаниудын хувьцааг худалдаж авахдаа нийт өртгийг нь ам.доллараар
биш юаниар үнэлж авахыг зөвшөөрчээ.  Энэ эрчээрээ юанийн нийлүүлэлтийг
нэмэгдүүлсээр байвал ойрын таван жилийн дотор олон улсын худалдааны дор
хаяж 10 хувь нь юаниар хийгдэнэ гэх тооцоог зарим шинжээч гаргасан байх
юм. Өмнөд Азийн томоохон банкуудын нэг “DBS”-ийн шинжээч Андрью Ниг
“Хятадын Засгийн газар юанийн ач холбогдлыг нэмэхийн тулд сүүлийн хэдэн
сар идэвхтэй хөдөлж байгаа. Энэ эрчээрээ явбал дээрх таамаглал биелэхгүй
гэх газаргүй” гэжээ. Түүнчлэн ОХУ, Туркээс гадна Азийн орнуудтай хийх
худалдаандаа аль хэдийнэ юань ашиглаад эхэлчихсэн байгаа. Саяхан Туркийн
Засгийн газар юанийн худалдааг дэмжихээ мэдэгдсэн юм.

Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай орон хаанах вэ гэхээр хүмүүсийн
толгойд хамгийн түрүүнд АНУ орж ирдэг. Гэтэл саяхан америкчуудын дунд
дээрх судалгааг явуулахад тэдний дийлэнх нь Хятадын эдийн засаг дэлхийд
тэргүүлж байна гэж хариулжээ. Хүмүүсийн дүр сэтгэхүйд нь буутлаа
хүчирхэгжсэн тус улсын хувьд одоо юанийн хувьсгалыг аажуу, тайвуухан
хийх бэлтгэл ажлаа хэдийнэ хангаад байгаа бололтой.

Т.Элиса

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж