Чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын бөх Аарон Пико (MMA) холимог тулааны спортод шилжиж, анхны тулаанаа Нью-Йорк хотын алдарт “Мэдисон Скуэр Гарден” спортын ордонд хийхээр болжээ.
Өдгөө 21 настай Пико 2014 онд 18 настайдаа Анри Деланы нэрэмжит ОУТ-д өмнөх жил нь насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалсан Армений Давид Сафаряныг шигшээ барилдаанд ялж шуугиан тарин түрүүлж байв. (Пико өнгөрсөн жил Александр Медведийн нэрэмжит ОУТ-д 70 кг-д Г.Мандахнаран гавьяатыг оноогоор цэвэр ялж байсан).
Тэрбээр өнгөрсөн жил Риогийн олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээний финалд Фрэнк Молинарод гурван барилдааны нийлбэрээр ялагдаж Бразилыг зорьж чадаагүй. Түүний хувьд Дэлхийн цомын тэмцээний бэлтгэлийн үеэр ахиллийн шөрмөсөө тасалсан юм. Хагалгааны дараа бөхөө орхиж, холимог тулааны спортод хүч үзэхээр шийдсэн байна. АНУ-ын чөлөөт бөхийн ирээдүй гэгдээд байсан Пиког холимог тулаанд шилжсэнд Америкийн бөхийн мэргэжилтнүүдийн урам хугарчээ.
Эх сурвалж: МЧБХ