18 мянган сонгогчдод баярлалаа

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

18 мянган сонгогчдод баярлалаа

Ингээд МАН-ын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болж маргаан үүсгэх бичгийг бэлэн болгожээ.

-Гурван нэр дэвшигчийн хэнийг ч сонгоогүй 18 мянган сонгогчийн сонголт бол ирээдүйн Монголын сонголт байлаа-

Удаан тэссэний эцэст Монголын “журамт” сонгогчид эсэргүүцлээ илэрхийллээ. Парламентад суудалтай улс төрийн гурван нам Монгол улсын тав дахь Ерөнхийлөгчид “баастай бурхад”-ыг сонголтгүйгээр тулгаж басамжилсны хариуг 18 мянган ширхэг цагаан хуудсаар барилаа. Эдгээр 18 мянган иргэн ямар ч байсан иргэний үүргээ биелүүлж, саналаа өгсөн ч гурван нэр дэвшигчийн хэнийх нь ч төлөө санал өгсөнгүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэдээг харвал 2001 онд нийт сонгогчийн 0.05 хувь буюу 545, 2005 онд мөн 0.05 хувь буюу 472, 2009 онд 0.09 хувь буюу 938 сонгогч цагаан хуудас өгч байжээ. Харин энэ тоо 2013 оны сонгуулиар өсч 1.1 хувь буюу 13688 байжээ. Өнөөгийн улс төрийн хор найруулалт, эрх мэдэл, мөнгөний төлөө өчигдөр дайсан байсан хүнтэйгээ өнөөдөр нэг хөнжилд ордог ордны хуйвалдааныг цэглэхгүй бол энэ тоо цаашид ч өснө.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид МАН-аас Миеэгомбын Энхболд, Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, МАХН-аас Сайнхүүгийн Ганбаатар нар өрсөлдөж, уржигдар /2017.06.26/ болсон санал ухраалтаар Х.Баттулга хамгийн олон буюу 38.11 хувийн /517478 сонгогч/ санал авсан бол М.Энхболд, С.Ганбаатар ялимгүй зөрөөтэй санал авлаа. М.Энхболд 30.32 хувь /411748 сонгогч/, С.Ганбаатар 30.19 хувийн /409899 сонгогч/ санал авснаар долдугаар сарын 9-нд болохоор товлогдсон дахин санал хураалтад Х.Баттулга, М.Энхболд нар дахин өрсөлдөх болж байна.

Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй учраас сонгогчийн сэтгэл ханамж өөрчлөгдөхгүй. Нэг галаас өрх тусгаарласан угшил нэгтэй намуудын хувьд С.Ганбаатарт өгсөн саналын бага хэсэг М.Энхболдод ирэх магадлалтай бол Х.Баттулгын санал нэмэгдэх боломж бараг байхгүй.

“Баастай бурхад” 18 мянган сонгогчийн хувьд яагаад сонголтгүй хувилбар байсан бэ?

М.Энхболд: Монгол Улсын төрийн төв институцийг толгойлж байгаа УИХ-ын дарга, төрийн эрх барьж буй олонх буюу МАН-ын дарга М.Энхболдод үнэндээ гуншингаас өөр зүйл үгүй. Хотын даргаар  ажиллаж байсан, уяачдыг нэгтгэдэг гэсэн гуншин бас бий. Улстөрчийн бахдам биш юмаа гэхэд сэтгэлд тороод үлдэх нэг акц, нэг үйлдэл энэ хүнд байхгүй. Социализмын үеийн намын дарга нарын имижийг өнөөг хүртэл хадгалдаг. Социализмын үед төлөвлөгч эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн нь амьдралынх нь замыг тодорхойлсон мэт. Зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, улсын хөгжлийн концепцийн талаар амнаасаа унагасан жинтэй үг ховор. Үнэхээр л “аядуу, зөөлөн” улстөрч. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд түүнийг сонгогдоосой гэсэн хүсэлтэй байсан нь тодорхой. Энэ нь тэр эдийн засаг, санхүүгийн хөгжлийг ойлгодогтоо биш эрх барьж байгаа олонх ийм замаар явахаас өөр аргагүй нуман тулгуурт байгаа учраас тэр.

Х.Баттулга: Хамжлагатнуудаа тэжээж, ханлиг үүсгэх зарчмаар ажиллаж ирсэн Х.Баттулга бол яах аргагүй үндэсний хөрөнгөтөн. Жинсэн өмдний наймаа, “Саятан” сугалаа, Улаанбаатарын анхны доллараар үйлчилдэг “Хамелеон” баар, таксины сүлжээ, социализмын үеийн хүнсний үйлдвэрүүдийн хувьчлалд оролцож өөрийн эзэмшлийн болгосон гээд мөнгөний үнэ цэнийг дэндүү мэддэг бизнесмен. Хэдийгээр үндэсний том бизнесмений нэг мөн боловч гол өрсөлдөгч MCS-тэй харьцуулахад бизнес нь “зөвхөн Монголдоо” гэдэг нь л их зүйлийг өгүүлнэ. 17 чингэлэг спиртийн хэрэг нь түүнийг насан туршид нь дагалдаж яваа боловч сүүлийн жилүүдэд Монголын хөгжлийн концепцийг, гадаад бодлогыг мөн л “зөвхөн Монголдоо” гэдэг ганц аргачлалаар тайлбарлаж, ухуулж ирсэн. Үүнээс гадна Х.Баттулга хэдийгээр Ардчилсан намаас нэр дэвшсэн ч түүнийг Ардчилсан намын фоноор харахад төвөгтэй. Ардчилсан намын үнэнч сонгогчийн чамгүй олон нь чухамхүү энэ шалтгааны улмаас цагаан цаас өгсөн, эсвэл М.Энхболдыг дугуйлсан байх магадлалтай.

С.Ганбаатар: Гурван жилийн өмнө “Сант Марал” сангийн ээлжит судалгаагаар Монголын топ улстөрчийн жагсаалтыг тэргүүлсэн нь сенсаац байсан. Харин уржигдар болсон ссонгуульд түүний авсан 30.19 хувийн санал түүнээс ч илүү сенсаац байлаа. Түүний авсан саналыг багагүй хэсэг нь Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын санал гэж харж болох ч үнэндээ “Босоо Ганбаа”-гийн өөрийн бүрдүүлсэн имиж түүнд энэ саналыг авчирсан. Х.Баттулгын нэгэн адил зургаа, долоон сургуульд сурч байсан С.Ганбаатарт иргэний хөдөлгөөний удирдагчийн дүр, Үйлдвэрчний эвлэлийн толгойлогчийн дүр хамгийн тохирсон дүр нь. Долоон удаа явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр гол улс төрийн хүчнээс өөр гурав дахь намаас гарсан нэр дэвшигч сонгогчдоос авсан хамгийн өндөр хувь нь зургаан хувь байсан бол С.Ганбаатар 30 гаруй хувь авна гэдэг бол феномен юм. Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалт зонхилдог Монголын хувьд тэр гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд “хадны мангаа” байсан.

Гурван нэр дэвшигчийн энэхүү товч тодорхойлолт 18 мянган цагаан хуудасны тайлал юм. Гурван нэр дэвшигчийн хэнийг ч сонгоогүй 18 мянган сонгогчийн сонголт бол ирээдүйн Монголын сонголт байлаа. Тиймээс 18 мянган сонгогчид баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж