Цагийг зөв зохистой зарцуулахуй

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Цагийг зөв зохистой зарцуулахуй

Цагийг зөв зохистой зарцуулахуй

Цагаа зөв захиран зарцуулна гэдэг нь өөрөө өөрийгөө зөв удирдана гэсэн үг юм. Тэгж байж бид урсан өнгөрөх цаг хугацааг өөрийн дайснаа биш харин үнэнч найз, хамтрагчаа болгоход гол түлхүүр болно.

Хоногт ердөө 24-хөн цаг байдаг, хэнд ч ижилхэн. Тэгвэл яагаад та сэтгэл санаагаар унаж, уур бухимдлаар дүүрэн, хийх ажлынхаа урд сөхөрч, цаг нь болоход дуусгаж амждаггүй билээ? Магадгүй энэ нь та тэдгээр 24 цагийг хэрхэн үр өгөөжтэйгөөр ашиглан өнгөрөөх талаар тааруухан мэддэгээс чинь болж байж болох юм.

Цагийг хэрхэн ухаалгаар ашиглан өнгөрөөх нь таны хувьд ‘асуудал’ болоод байгаа бол, магадгүй та тэр өнгөрөн одох цаг хугацаа чинь хаашаа яваад байгааг сайн мэдэхгүй байж болох юм. Тэгвэл юуны өмнө, одоогийн байдлаар цагийг хэрхэн өнгөрөөж байгаагаа шинжлэх нь сайхан ‘эхний алхам’ болох бизээ. Долоо хоногийн хугацаанд юу юу хийж цагийг хэрхэн өнгөрөөсөн талаараа, нэгд нэгэнгүй ‘шударгаар’ тэмдэглэл хөтлөөд үз. Yр дүнгээ шинжилж үзээд та нэлээдгүй гайхах болно.

Дараагийн алхам маань, ‘Долоо Хоногийн Цагийн Төлөвлөгөө’ гэсэн гарчигтай хэдэн хуудас цаас гарган нэлээд нарийвчилсан төлөвлөгөөнүүдийг зохиох явдал юм. Хэрэв та нэг өдөрт долоон цаг унтана гэж тооцоолбол, цаана нь танд юу хэрэгтэйгээ хийж гүйцэтгэхэд 119 цаг үлдэж байгааг олж харж болно. Энэ нь мэдээж хичээлд явах, идэж уух, тамирын дасгал хийх, нийгмийн үйл ажиллагаанд оролцох, хувийн эрүүл ахуй – ариун цэврийг сахих, суралцах, утсаар ярих, ТВ үзэх гэх мэт бүгдийг агуулна. Энэ бүхэнд зориулж 119 цагаа хэрхэн хувааж зарцуулах вэ гэдгээ нарийвчлан төлөвлө. Тэгээд наад төлөвлөгөөгөө долоо хоногийн өдрүүдэд зохимжтойгоор тараан байрлуулах гээд үз. Энэ бүхэн нь танд ‘аль нь алинаасаа чухал болох’ – эрэмбэний талаар үнэн бодитой ойлголтыг өгөх болно.

Хэрэв дээрх зохиосон төлөвлөгөөгөө биелүүлэхэд тань танд ямар нэгэн бэрхшээл, хүндрэл тохиолдож байгаа бол, ихэнх тохиолдолд тэр чинь, нэгэн алдартай ‘өөдгүй этгээд’ -тэй учирснаас л болж байгаа вий. Тэр өөдгүй этгээд хаа сайгүй нуугдан таны алхам тутамд хөлнөөс чинь чангааж байх бөгөөд, түүний нэрийг ‘АЖЛЫГ ХОЙШ НЬ ТАВИХУЙ’ гэнэ. Энэ этгээд маш олон янзаар зүсээ хувиргаж чаддаг бөгөөд, тэдний заримаас нь дурдвал:

‘Ганцхан өдөр ямар ялгаа байхав, маргааш л яг бүгдийг нь хийхээс..’

‘За би ганц минут оройтоход яав л гэж, өөр хэн ч цагтаа очихгүй юм чинь..’

‘Бусад хүүхдүүдийг хийгээд эхлэхээр нь л би даалгавраа хийж эхэлнэ.’

‘Ахиад жоохон телевиз үзээдэхье..’

Цагийг хэрхэн өнгөрөөх үйл ажиллагааныхаа эрэмбийг тогтоосныхоо дараа ‘YГYЙ’ гэдэг энэ үгийг ‘уянгалаг сайхнаар’ хэлж сурах хэрэгтэй болно. Yдэшлэг найр цэнгээний урилгын хариуд энэ сайхан үгийг хэллээ гээд та дахиж тиймэрхүү баярт уригдахгүй болчихгүй шүү дээ. ‘Аль нь алинаасаа үнэтэй вэ’ гэдгийг тунгаан бод. Yүн дээрээ үндэслэн өөрийн гэсэн шийдвэрээ гаргаж чаддаг байх нь танд найз нарын чинь зүгээс асар том хүндэтгэлийг авчрах болно.

Төлөвлөсөн ажлаа дуусгахаар оролдож буй үедээ телефон (гар) утаснаасаа холхон бай. Yнэхээр л чухал юм бол тэр хүн чинь дараа нь тань руу дахиад залгах л болно.

Долоо хоногийн төлөвлөгөө зохиохдоо сар сарын календарыг мөн ашиглах. Улирал болгоны эхэнд нэг цаг гаргаад, чухал өдрүүдийг календартаа оруулж байх. Улирлын эхэнд багш нараасаа шалгалт, тест авах сар өдрийг асууж аваад (уул нь хамгийн эхний хичээл дээр энэ талаар яригддаг даа) календартаа тэмдэглэн оруулах хэрэгтэй. Ингээд тэр шалгалт, тест, реферат болгонд бэлдэхэд хэдий хэр хугацаа хэрэгтэйг тооцоол. Хэрвээ танд найман долоо хоногийн дараа өгөх ёстой түүхийн реферат даалгавар байгаа бөгөөд, иймэрхүү даалгаврыг хийхэд ихэвчлэн дөрвөн долоо хоног шаардагддаг бол, та энэ рефератаа дараа долоо хоногоос хийж эхэлнэ гэж тооцоолох хэрэгтэй, шаардлагатай дөрвөн долоо хоног дээрээ шивэхэд зориулж нэмэлт нэг, мөн юу ч тохиолдож мэднэ гээд дахин нэг нэмэлт долоо хоногийг нөөцлөөд, мөн даалгавраа хугацаанаас нь нэг долоо хоногийн өмнө дуусгана гэж тооцоолбол зохино.

Энэ мэтээр ухаалгаар төлөвлөж ажиллах аваас та авдгаасаа илүү дүнг нэг их ‘махарч’ зүтгэлгүйгээр олоод авчих боломжтой болно. Төлөвлөгөөгөө нарийн бөгөөд, алсын хараатай хийж, өөрөө өөртэйгөө шударгаар тулж ажилласны үр дүнд та цаг хугацаандаа огт санаа зоволгүйгээр найзынхаа ‘төрсөн өдөр’-т зочилж байх боломжтой болно.

Долоо хоног болгон төлөвлөгөө гаргаж, календараасаа чухал сар өдрүүдийг түүндээ буулган авч байх.

Өөрийн эрүүл мэнд, биеийн тамирын талаар санаа тавих цагийг төлөвлөгөөндөө багтаахаа бүү мартаарай. Эрүүл биед саруул ухаан гэдэг шүү дээ. Ер нь 45 минут шургуу ажилласныхаа дараа 15 минут завсарлага авч заавал амарч байх хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө харж байх хэрэгтэй шүү! 15 минутаас их завсарлага чинь завсарлага биш болчихно.

Дээрх зөвлөгөөнүүд маань таныг календарын боол болгох гэж байгаа мэт санагдаж болох юм. Хэрэв та цагийг нэлээн үрэн таран зарцуулдаг хүн бол энэ зөвлөгөөнүүд маань бүр онцгүй ч санагдаж болох юм. Гэхдээ л эдгээр нь таныг илүү их эрх чөлөөтэй бөгөөд үр бүтээлтэй байдал руу хөтлөх болно, яагаад гэвэл та удирдлаганд орсон (in control) гэсэн үг. Энэ бүгд нь ‘өөрийгөө удирдахуйн’ ухаан юм.

Эх сурвалж: budda.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж