Ц.Туваан: Санал хураалтыг ирэх сарын 6-нд зохион байгуулах хүсэлт гаргасан

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Ц.Туваан: Санал хураалтыг ирэх сарын 6-нд зохион байгуулах хүсэлт гаргасан

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Манлай баатар Дамдинсүрэн энэ байшинд босоогоороо нас нөгчсөн юм байна.

    Ардчилсан намаас өнөөдөр /2017.06.27/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтыг шөнийн турш хийсэн ч МАН-аас нэр дэвшигчийн санал илт давуугаар нэмэгдэж, нөгөө хоёр нэр дэвшигчийн санал  удаашралтай өсч байсан нь зориуд зохион байгуулалттай энэ процессыг хийсэн байх гэсэн хардлага байна гэв.  Мөн Сонгуулийн ерөнхий хороог санал хураалтын эцсийн дүн болон МАХН, МАН-ын нэр дэвшигчдийн саналын зөрүүний талаар сонгогчдод үнэн зөв мэдээллийг өгч, эргэлзээг тайлахыг уриалсан юм.

    АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ удаагийн сонгуульд төрийн албан хаагчийг эрхэлж байгаа ажлаар нь дарамтлах, гар утсаараа саналын хуудасныхаа зургийг авах, нэг төрийн албан хаагч таваас доошгүй хүнээр санал өгүүлэх зэрэг олон үйл явдал боллоо. Мөн сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тараасан зэрэг үйлдлүүдийг холбогдох байгууллагаас албан ёсны хариуг шаардлага тавьж ажиллана.  Энэ удаагийн сонгуульд Монголын ард түмний 40 орчим хувь нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгсөн. Нийт санал өгсөн иргэддээ тусгаар тогтнол, ирээдүйнхээ сайн сайхныхаа төлөө хийсэн сонголт байсан. Маш их баярлалаа, сонгогчиддоо” гэлээ.

    АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Я.Санжмятав “Монголоо ялуулахын төлөө бидэнтэй хамт байсан сонгогчиддоо талархал дэвшүүлж байна. Энэ удаагийн сонгууль хоёр шаттай учраас өмнө нь өгсөн саналаа бататгах, саналаа өгөөгүй сонгогчид тэнцвэргүй байгаа нөхцлийг тэнцвэржүүлэхийн тулд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихийг уриалж байна. Та бүхний нэг ч гэсэн санал үнэтэй шүү. Тиймээс АН-аас нэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд та бүхний дэмжлэг хэрэгтэй байна. Бид Монгол төрийн тэргүүнийг сонгох чухал сонголтод хуулийн байгууллага эрх тэгш ажиллаж, хуулийн хүрээнд ажиллахыг хүсч байна.

    АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Сонгууль хүнд болсон. Миний хувьд  өрсөлдөгч нараасаа 110 мянга гаруй саналаар илүү байсан ч хуулийн дагуу дахин санал хураалт явагдахаар боллоо. Сонгогчид баялаг хулгайлагчид, оффшорчдын эсрэг, Монголын төрийг худалдсан 60 тэрбумын луйврын эсрэг саналаа өгсөн гэж бодож байна. Дахин санал хураалтыг Үндэсний их баяр наадамтай хамт зохион байгуулж байгаа нь харамсалтай байна. Наадам, сонгууль хоёрыг хамтад нь хийх нь ирц хүргэхгүй гэсэн башир арга, ирц хүрлээ гэхэд өөрийнхөө хүнийг ялуулах гэсэн оролдлого гэж харж байна. АН-аас нэр дэвшигчийн миний бие олонх болсон гэдгийг зарлах таатай байна. Нийт монголчуудынхаа итгэлийг алдахгүй гэдгээ амлаж байна ” гэсэн юм.  Мөн Ардчилсан намаас өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд албан тоот хүргүүлсэн байна. Дахин санал хураах өдөрт  “Сонгуулийн ерөнхий хорооноос дахин санал хураалтын товыг 2017 оны долдугаар сарын 9-ний өдөр гэж товлосон. Гэвч энэ өдөр нь орон нутагт баяр наадмын үйл ажиллагаа давхцах,  иргэдийн амралтын цаг эхэлж байгаа, дахин санал авах өдөр нь амралтын өдөр таарч байгаа учраас санал хураах өдрийн өөрчлөхийг албан тоотод тусгажээ.


    Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

    -Долдугаар сарын 9-н амралт зугаалга, баяр наадам давхцаж байгаа. СЕХ албан бичгийн хариуг хэзээ өгөх вэ. УИХ ирц бүрдүүлэх зохион байгуулалт хийх боломжтой юу?

    С.Эрдэнэ: Улсын баяр наадмын эхний үйл ажиллагаа эхлэх, орон нутгийн баяр наадамтай давхцаж байгаа учраас хугацааг нь долдугаар сарын 6-аас өмнө хийх санал тавьж байгаа юм.  УИХ-аас ирц  бүрдүүлэх тал дээр арга хэмжээ аваад ч ирц бүрдэхгүй. Тиймээс ирцийг санаатай бүрдүүлэхгүй байх асуудлыг ярьж байна уу гэсэн эмзэглэл байна. Тиймээс бид СЕХ-г иргэдийн бухимдал хүрэхгүй хэмжээнд яаралтай хариугаа өгөх ёстой гэж бодож байна.

    -Дахин санал хураалт болохоос өмнөх хугацаанд МАХН-тай хамтран ажиллах асуудал яригдах уу?

    -С.Эрдэнэ: Ямар нэг намтай улс төрийн хэлэлцээр, санал тавьсан зүйл байхгүй байна.

    -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарна гэдэг зүйл их яригддаг. Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд энэ асуудал ямар байр суурьтай байдаг вэ?

    Х.Баттулга: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуулийн асуудал яригдаж байна. Эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрсдөө ялах юм бол цааш үргэлжлүүлэх, эсвэл эрх мэдлийг хасах зэрэг асуудлыг ярина гэж хэлсэн байсан. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгах эрх нь УИХ-д байхгүй.

    Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж