Чөлөөт бүсийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Ганболдтой ярилцлаа.
-Чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулах, хөгжүүлэх асуудал аль шатандаа явж байна вэ. Ажил удаашралтай байна гэх шүүмжлэл байна?
-Чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх асуудал дэлхий дахинд болсон эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр удааширсан нь үнэн. Харин 2008 оноос хойш ажил эрчимжсэн гэж хэлж болно. Ингэж хэлэх хэд, хэдэн үндэслэл ч байгаа.
-Жишээ нь?
-Уржнан жилээс буюу 2009 оноос чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг сайжруулах, бодлогыг нь тодорхойлж төр засагт хүргэх, улмаар төр засгийн бодлогыг гаргах зорилгоор Чөлөөт бүсийн зөвлөлийг байгуулсан. Түүнчлэн чөлөөт бүсийн эрх зүйн орчны шинэтгэлийг хийж дууслаа. Чөлөөт бүсийн хуультай холбогдуулж гаргах ёстой зургаан дүрэм, журмыг боловсруулсан байна. Мөн бүх чөлөөт бүсүүдийн мастер болон ерөнхий төлөвлөгөөг гаргаж дууслаа.
-Зарим чөлөөт бүсийн удирдлага төлөвлөгөөгөө гаргаж өгөөгүй, ажлаа сайн хийхгүй учраас төсөв, санхүүжилтээ авч чадахгүй байгаа гэх хариултыг өмнө нь өгч байсан?
-Хөрөнгө оруулалт, санхүүжилт авахын тулд дээр дурьдсан төлөвлөгөө, ажлын зургийг гаргаж өгөх ёстой л доо. Тэр ажлын зургуудыг хийхэд цаг хугацаа алдсан. Үүнээс болж бага зэрэг хойшилсон. Гэхдээ одоо ийм асуудал байхгүй. Бүх чөлөөт бүсүүд төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Бид ч ажлын зургуудыг бүрэн хэмжээгээр гаргах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах асуудалд анхаарлаа хандуулж байна.
-Энэ жил Чойр чөлөөт бүсэд ямар нэгэн мөнгө төсөвлөгөөгүй байсан шүү дээ. Төлөвлөгөөгөө гаргаагүй юм уу?
-Чойр бол онцлогтой бүс. Мөн эрх зүйн байдлын хууль нь гараагүй байгаа ганц бүс нь Чойр. Уг бүсийг үйлдвэр, технологийн парк маягаар хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаман дээр төсөл нь хүлээгдэж байгаа. Хараахан хэлэлцээгүй байгаа гэсэн үг. Тиймээс энэ жил уг бүсэд хөрөнгө оруулалтын арга хэмжээ төлөвлөөгүй. Үндсэн шалтгаан нь энэ.
-Тэгвэл бусад бүсүүдэд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна?
-Сүүлийн үед чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсэн. Өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн. Түүнээс гадна ирэх жил олон ажил төлөвлөсөн байгаа. “Алтанбулаг” чөлөөт бүсэд 4.5 тэрбум төгрөг төсөвлөөд хөрөнгө оруулагчидтайгаа яг ямар чиглэлээр, ямар ажил хийх вэ гэдгийг хэлэлцэж байна. Түүнээс гадна Хятад улсаас манай улсад олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олгосон 58.8 сая ам.долларыг Замын үүд эдийн засгийн чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийг хөгжүүлэх төсөлд зарцуулж байгаа. Төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулсан. Одоо хийх ажлын зургуудыг хийж байгаа. Энэ хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж ойлгож болно. Чөлөөт бүсийг 2013 он хүртэл хөгжүүлэх төслийн хүрээнд 13 орчим тэрбум төгрөгийг төсөөллөөр тавьсан байна. Цагаан нуурт 300 сая төгрөг төсөвлөсөн байгаа. Энэ мөнгө ажлын зураг, төсөл рүү чиглэх байх.
-Замын үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад оролцох компаниудыг ямар шалгуураар сонгосон бэ?
-Монгол, Хятадын Засгийн газрын хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээр гэж байдаг. Түүнд тус улсаас олгосон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэгчээр БНХАУ-ын компанийг ажиллуулна гэсэн заалт бий. Улмаар тус улсаас хоёр компани сонгон шалгаруулалтад оролцсон.
-Чөлөөт бүсүүдийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил хэзээ дуусах вэ?
-Замын үүдийн чөлөөт бүсийн үндсэн дэд бүтцийг байгуулах ажлыг 2013 онд багтааж бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан. Монгол Улсын төсвөөс Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн ажлыг санхүүжүүлж байгаа. Уг ажлыг ч гэсэн 2013 онд бүрэн дуусгана гэсэн зорилт тавьсан.
-Тэгвэл худалдааны урсгал хэзээ бий болох бол?
-Худалдаан урсгалыг цаг хугацааг хүлээхгүйгээр нээе гэсэн санал байгаа. Ялангуяа “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс дээр цаг хугацаа хүлээхгүйгээр худалдааны урсгалыг нээе гэсэн санал байгаа юм. Энэ талаар хөрөнгө оруулагчидтай санал солилцож байна.
-Ажил удаашралтай байгаатай холбоотойгоор чөлөөт бүсүүдийн захирагч нарт хариуцлага тооцсон зүйл байгаа юу. Зарим бүсийн захирагч нар өөрчлөгдсөн байна?
-Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч солигдсон. Захирагч нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүнийг нь хүлээж авсан.
Эх сурвалж: