МАХН: Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

МАХН: Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй

МАН-ын Бага хурлын VI хуралдаан өчигдөр шөнийн 24.30 цаг хүртэл үргэлжилж, намын даргаараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг сонгожээ.

МАХН-аас Ерөнхийлөгчтэй сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд нэр дэвшигч С.Ганбаатар, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар, нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцов.


Хурлын эхэнд “Сонгуулийн үйл ажиллагааг луйвардсан бохир үйлдэл гарлаа. Манай нэр дэвшигчийн саналыг зориуд гацааж байгаад луйвардсан. Энэ үйлдлийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ гардан хийсэн” гэж Шадар сайд асан Ц.Оюунбаатар хэлэв.

Мөн сонгуулийн дүнтэй холбоотойгоор МАХН-аас мэдэгдэл гаргасныг Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж уншиж танилцуулав.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Ганбаатарт саналаа өгсөн нийт сонгогчид та бүхэндээ талархаж байна. Та нарын минь өгсөн саналаар МАХН бүрэн ялсан. Гэвч СЕХ-ноос МАН,АН-гийн нэр дэвшигчийг илтэд дээш татлаа. СЕХ хуульд заасан үүргээ биелүүлж чадахгүй байна. Мөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна. Сонгуулийн дүнг МАХН хүлээн зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн явц байдлыг дэлхий нийтээрээ ажиглаж байсан. Гэтэл иргэний сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдсанд харамсаж байна.  Эрх мэдлийн төлөө улайран тэмцдэг байдал ардчиллыг гутааж байна. Шөнийн 24 цагийн байдлаар нийт 1327634 хүн санал өгсөн байна гэж СЕХ мэдээлсэн. Гэтэл өнөөдөр мэдээлэхдээ М.Энхболд 411748, Х.Баттулга 517478, С.Ганбаатар 409899 санал авсан гэж мэдээлсэн.

Үүнээс 39267 саналын зөрүү гараад байна. МАНАН-д ашигтай илэрхий луйвар боллоо. Тиймээс дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. СЕХ долдугаар сарын 9-нд сонгууль товлосон нь хийсэн луйвараа яаралтай дарах гэсэн арга. Ийм луйврын сонгуульд очиж ард түмэн сонгогчид байхгүй. Санал худалдаж авахын тулд асар их мөнгө тараасан. Баруун аймагт  АН-ын нэр дэвшигч Х.Баттулга тэрбум 80 сая төгрөг тараах гэж байсан нь  баримтаар нотлогдсоор байтал арга хэмжээ аваагүй. Сонгуулийн луйварт төрийн албан хаагчийг айлган сүрдүүлж өөрсдийн сурталчилгаанд ашигласан. СЕХ улстөрчдөд худалдагдсан тул бүрэн бүрэлдэхүүнээр огцруулж, СЕХ татан буулгахыг шаардаж байна.

Хэвлэлийн хуралд нэр дэвшигч С.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “СЕХ”-ны мэдээллийг сонслоо. Хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. МАХН-ын олон зуун гишүүд шударга ёсны төлөө тэмцсэн. Иргэний нийгмийн байгууллага олон жил тэмцсэн. Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэчин байгууллага болжээ. Тэд 35 мянган амьгүй албат бий болгосон. Хоёр өдрийн дотор 35 мянган иргэн шинээр бий болгосон. Та бид өнөөдөр ардчиллаа аврахын төлөө энэ хууль бус зүйлтэй эвлэрч чадахгүй. СЕХ-г луйвар хийсэн гэх баримт бий. Хамгийн гол нь монголын төрийг хариуцлагатай байлгах үйл ажиллагааны төлөө бид тууштай тэмцэнэ. Биднийг дэмжсэн сонгогч түмэн олондоо баярлалаа. Бид үндсэндээ ялсан. Бид хамгийн цэвэр өрсөлдсөн. Ингээд МАХН-ын олон зуун дэмжигчид, иргэний нийгмийн цалин хөлсгүй тусалж байсан анд найз нартаа баярлаж байна. Та бүхний олон өдрийн хөдөлмөр, олон жилийн тэмцлийг би үр дүнд хүргэнэ. Хамгийн гол зүйл бол нурах байшин дотроосоо. МАНАН нурах гэж байгаагаа баталлаа. Монголын ард түмэн анхааруулга өгсөн сонгууль боллоо.

Шөнийн нэг цагаас хойш илбийн аргаар 35 мянган сонгогч гарч ирсэн. Тиймээс маргаантай байгаа тойрогт гараар тоолуулна” гэв.

Мөн Солонгосын иргэнээс хандив авсан асуудалд нэр дэвшигч С.Ганбаатар дараах тайлбар өгөв.  

Тэрбээр “Учир утгагүй гүтгэлгээ зогсоо. Монголын улс төрчид гадаадын иргэн авч ирээд жүжиг тоглоод, түүндээ итгээд яриад байгаа хүмүүс ямар инээдтэй юм бэ. Цагдаагийн удирдлага МАНАН-гийн гар хөл болсныг би зогсооно. Тэр бол ор үндэслэлгүй гүтгэлэг” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж