
АНУ-ын Баруун Виржиниа муж дахь нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 25 уурхайчин амь үрэгдэж 4 уурхайчин сураггүй болсон байна. Алга болсон уурхайчдыг олдоно гэж найдаж байгаагаа уурхайн удирдлагууд илэрхийлж байгаа ч зарим эх сурвалжууд энэ бол найдваргүй зүйл гэж хэлж байгаа юм. Мөн 21 уурхайчин гэмтэж шархдан эмнэлэгт хүргэгджээ. Мэргэжлийнхний хэлж байгаагаар бол өвлийн хүйтэн өнгөрч хаврын дулаан цаг ирж байгаа энэ үед уурхай дотор хуримтлагдсан агаарын даралт гадна орчныхоос зөрөөтэй болдгоос үүдэж дэлбэрэлт болох хамгийн магадлалтай байдаг эгзэгтэй үе таарч байгаа юм байна. Энэхүү уурхай нь Массей Энержи нэгдэл буюу нийтдээ ил болон далд 44 уурхайг нэгтгэсэн АНУ-ын томоохон олборлогч компанийн мэдэлд байдаг ажээ. Энэ компани нийт 2.2 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий орд газруудыг эзэмшиж Баруун Виржиниа мужийн хэмжээнд үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна. Аюулгүй байдал хангах асуудалд хайхрамжгүй хандсан гэдэг үндэслэлээр болон уурхайн ослын төлөө энэ байгууллага 2009 онд л гэхэд 2.5 сая ам.долларын төлбөр төлж иржээ. Ер нь өнгөрсөн жил АНУ-ын уул уурхайн түүхэн дэх хамгийн аюул осол багатай жил болж байсан гэнэ. Өнгөрсөн онд нийтдээ 18 хүн л уурхайн ослоор нас барсан нь энэ дүгнэлт хийхэд хүргэсэн юм байна. Харин энэ оны хувьд байдал эсрэгээр эргэж болзошгүй буюу хамгийн их эрсдэлтэй жил болох вий гэсэн болгоомжлол үүсчээ. 2010 он дөнгөж гармагц л уурхайн осол болж олон хүн амь алдсанаас гадна олон хүний хувь заяа хэрхэн эргэх нь тодорхойгүй л байгаа юм.
М.Наст
Эх сурвалж CNN