Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Английн Улаан загалмай нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ноён Александр Матьёг хүлээн авч уулзлаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал уулзалтын эхэнд, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлаас баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах, батлуулах, хуулийг хэрэгжүүлэхэд Монголын Улаанзагалмай нийгэмлэг үргэлж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархаж байдгаа илэрхийллээ.

Мөн байгалийн гамшиг, аюул, осол тохиолдох бүрт Монголын Улаан загалмай нийгэмлэг санаачилга гарган иргэд, малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийг онцолсон.

Олон улсын Улаанзагалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, бусад үндэсний нийгэмлэгүүдээс хандив босгон 2016 онд өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 5400 өрхөд 1,6 тэрбум төгрөгийн, 2017 онд 12 аймгийн 4480 өрхөд 1,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан юм.

Ноён Александр Матьё, Английн Улаанзагалмай болон Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээр дамжуулан зудад нэрвэгдсэн малчдад бэлэн мөнгөний болон эд материалын туслалцааг тасралтгүй үзүүлсээр ирсэн. Энэ тусламж эзэндээ хүрсэн, цаг үеэ олсон дэмжлэг болж чаддагт баяртай байна гэлээ. Мөн уулзалтын үеэр хоёр тал цаашид зөвхөн зудын гамшиг гэлтгүй монгол оронд дийлэнх тохиолддог үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтарч ажиллах тал дээр санал нэг байгаагаа илэрхийллээ.

2018 оны 07 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсын Засгийн Газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Бригадын генерал Т.Бадрал уулзалтын төгсгөлд, энэхүү олон улсын  хурлыг зохион байгуулахад Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо идэвхтэй оролцож салбар хуралдаануудыг удирдана гэж итгэж байна гэв. Уулзалтад оролцсон МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахад хамтран оролцож, өөрсдийн хувь нэмрээ оруулан хурлын үеэр нэг техникийн зөвлөгөөнийг хариуцаж ажиллахаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.