Яагаад нарнаас хамгаалах тос түрхэх ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Яагаад нарнаас хамгаалах тос түрхэх ёстой вэ?

Яагаад нарнаас хамгаалах тос түрхэх ёстой вэ?

Зуны халуун өдрүүд эхэллээ. Хүссэн ч, хүсээгүй ч наранд борлож, зарим үед арьсаа түлэгдтэл нартай найзлах цаг ирлээ.

Тэгвэл хүний арьс наранд түлэгдсэнээс болж түргэн хөгшрөх, хорт хавдар тусах магадлал өндөр байдаг. Тиймээс зөвхөн аяллаар явахдаа биш жирийн өдрүүдэд ч нарны хурц гэрлээс арьсаа хэрхэн хамгаалах, хамгаалалтын тосыг хэрхэн, яаж зөв хэрэглэх зөвлөгөөг хүргэж байна.

НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯА ГЭЖ ЮУ ВЭ?

Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Эдгээрийг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэж тэмдэглэдэг. Хэт ягаан туяа нь нарны идэвхжил, агаар мандлын бүтэц, цаг агаарын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь ихсэж, арьсны хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

UVA (урт туяа) нь цаг агаар, улирлаас үл хамааран нарнаас байнга ялгарч байдаг туяа. UVA туяа нь шилний цаанаас нэвтлэж, хор учруулах чадвартай. Эдгээр туяаны нөлөө тэр доор нь гардаггүй бөгөөд арьсанд гүн нэвтэрч нарийн үрчлээ үүсэх, аажим аажмаар арьсны хөгшрөлт явагдахад нөлөөлдөг байна. Түүнчлэн арьсанд сэвх, толбо үүсэх гол шалтгаан энэхүү туяанаас болдог юм.

Хүүхдийн арьс нарны шууд тусгалаас болж хурдан гэмтдэг. Тийм учраас нарнаас хамгаалах тос насанд хүрэгчдээс илүү хүүхдэд шаардлагатай.

UVB (богино туяа) нь зуны улиралд ялангуяа өдөр идэвхтэй байдаг. Эдгээр туяанд түлэгдсэн арьсны шинж тэмдэг хоёр өдрийн дараа илэрдэг бөгөөд удаан хугацааны турш арилахгүй. UVB арьсыг харлуулж, улайлгаж хорсгоно. Арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар­гыг хордуулж, хар сэвх, толбо үүсгэдэг байна. Түүнчлэн арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Гэхдээ нарнаас хамгаалах тос хэрэглэснээр таны нүүрний арьс яг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Энэ нь зөвхөн нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална.

SPF ГЭЖ ЮУ ВЭ?

Нарнаас хамгаалах тосон дээр SPF15, SPF20, SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм.

Ихэнх нарны тос нь UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Энэ төрлийн тос нь SPF15 буюу түүнээс дээш найрлага бүхий гэсэн шошготой байх бөгөөд арьсыг зөвхөн наранд түлэгдэхээс хамгаална гэсэн үг юм. Харин UVA төрлийн хортой туяанаас хамгаалдаггүй байна. Иймээс нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй аж.

Нарны гэрэлд ямар ч хамгаалалтгүй гарсан арьс 20 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна. Иймээс SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй.

SPF нарнаас хэдий хугацаагаар хамгаалах вэ?

  • SPF15- нарнаас 3-4 цаг хамгаална,
  • SPF25- 4-6 цаг хамгаална.
  • SPF30- наранд 6-8 цаг байхад айлтгүй.
  • SPF50-нарнаас 9-11 цаг хамгаална.

Түүнчлэн,

  • SPF15 нь UVB туяанаас 93 хувь,
  • SPF20 болон SPF30 нарны хорт туяанаас 97 хувь,
  • SPF50 нь 99 хувь хамгаална.

Одоогийн байдлаар нарны хэт ягаан туяанаас 100 хувь хамгаалдаг тос байхгүй.

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг нэгээс илүү улирал хадгалж болохгүй гэдгийг санаарай.

Танд 93, 97 болон 99 хувийн хооронд онцын ялгаагүй мэт санагдаж байвч таны арьс нарны гэрэлд хэт мэдрэмтгий бол нарны тосны өндөр хувьтайг нь авах зүйтэй. Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй.

Зарим тосны заавар дээр РА гэж бичсэн байдаг. SPF, PA гэсэн хоёр тэмдэглэгээ аль аль нь нарны хэт ягаан туяанаас хамгаална гэсэн үг. РА+ тэмдэгтэй байвал дөрөв, РА++ байвал найман цаг хамгаалах үйлчилгээтэй байна.

НАРНААС ХАМГААЛАХ ТОСЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Өөрийн арьсны төрөлд тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин таны арьс тослог эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг санал болгож байна. Хэрэв та мэдрэмтгий арьстай бол спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй гэдгийг санаарай.

Түүнчлэн та нарны тосоо сонгохдоо өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ эхлээд тооцоолох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хэрэв та цэвэр агаарт их хугацаагаар амардаг, ажилладаг бол усны хамгаалалттай нарны тосыг хэрэглэх шаардлагатай. “Water resistant” and “very water resistant” гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тосыг зөвхөн гол горхи, нуур цөөрөм орчимд буй хүмүүс биш нартай өдрүүдэд спортоор хичээллэж буй хүмүүс ч хэрэглэх хэрэгтэй. Уг тосны үйлчлэх ердийн хугацаа нь 40 болон 90 минут гэсэн хоёр янз байдаг.

Харин оффисийн ажилтай, дотор ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, өдөрт нүүрээ хэд хэдэн удаа угаах шаардлагагүй хүмүүсийн хувьд SPF15 буюу түүнээс дээш хамгаалалттай нарны тосыг хэрэглэхийг зөвлөж байна.

Нарны хэт ягаан туяа нь цонх, шил, үүлийг хүртэл нэвтэлдэг учраас, гэртэй ч, үүлэрхэг бүрхэг үед ч нарны тосоо хэрэглээрэй.

Иймэрхүү ихэнх тосны найрлагад avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг нэгдэлүүд орсон байж болно.

Түүнчлэн зарим тосны найрлагад глицерин, зуун наст орсон байдаг нь таны арьсыг илүү толигор болгоход тустай аж.

ХҮҮХДҮҮД НАРНААС ХАМГААЛАХ ТОС ТҮРХЭХ ИЛҮҮ ИХ ШААРДЛАГАТАЙ

Зургаан сараас дээш насны бүх хүмүүс нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин зургаан сараас бага насны хүүхдүүдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй аж.

Бага насандаа наранд хэт их түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их байдаг өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхий. Хэт ягаан туяаны хэмжээ ялангуяа зуны өглөө 10 цагаас өдрийн 16 цагийн хооронд илүү хүчтэй байдаг.

Хүүхдийн арьс нарны шууд тусгалаас болж хурдан гэмтдэг. Тийм учраас нарнаас хамгаалах тос насанд хүрэгчдээс илүү хүүхдэд шаардлагатай.

Өмнө нь зөвхөн зургаан сараас дээш насны хүүхдүүдэд зориулсан нарнаас хамгаалах тоснууд гардаг байсан бол одоо дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд зориулагдсан тусгай тоснууд үйлдвэрлэх болсон юм.

Эх сурвалж: emch.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж