МАХН ямар алхам хийхээс хамаарна

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

МАХН ямар алхам хийхээс хамаарна

УБЕГ-аас нийт долоон аймагт цахим үнэмлэх нийлүүлж дууссан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болж,  МАН, АН-ын нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт долдугаар сарын 9-нд явуулахаар болсон. Тиймээс  улс төрийн цаашдын нөхцөл байдлын талаар улс төр судлаач Ү.Амарбатын байр суурийг сонслоо.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явуулахаар боллоо. Сонгуулийн үйл явц цаашид хэрхэн өрнөх бол?

-Дахин санал хураалт долдугаар сарын 9-нд явагдахаар боллоо. Сурталчилгаа байхгүй. Дахин санал хураалтын үр дүнтэй холбогдуулаад хоёр, гурван хувилбар байж болох юм. Одоо хоёрдугаар шатанд шалгарсан байгаа хоёр нэр дэвшигчийн хэн нэг нь 50 хувиас дээш санал аваад Ерөнхийлөгч болох. Ийм тохиолдолд сонгууль дуусна. Хоёр дахь хувилбар нь дахин санал хураалтаар хэн нь ч 50 ба түүнээс дээш олонхийн санал авч чадахгүй бол энэ сонгууль бүр хүчингүй болно.Өөрөөр хэлбэл, шинээр сонгууль зохион байгуулна.

Хэрэв дахин сонгууль зохион байгуулахаар бол наадмын дараа УИХ-аас сонгуулийн товыг зарлаж, хэсгийн хороогоо шинээр байгуулаад, шинэ нэр дэвшигч тодорно. Энэ тохиолдолд өмнө нь нэр дэвшсэн хүмүүс дахин оролцох эрхгүй. Тэгэхээр өөр нэр дэвшигч гарч ирэх хувилбар байна.

Одоо бол дахин санал хураалтад оролцож байгаа бүх хүн саналаа нэг талд өгч байж ялагч тодрох боломжтой. Нийт сонгогчдын 10 ба түүнээс дээш хувь нь хэнийг ч дугуйлахгүй, ирцээ бүртгүүлээд байвал миний яриад байгаа хоёрдугаар хувилбар бодитой болно. Ер нь сонгуулийн дүр зураг талуудын төлөвлөгөөнөөс ихээхэн гажсан байдалтай үргэлжилнэ.

-Сая сонгуулиар Х.Баттулга ахиу санал авлаа. Одоо дахин санал хураалтаар хэн нь илүү санал авах бол. Та юу гэж харж байна?

-Цаашид хэд хэдэн дүр зургаас шалтгаалах гээд байна. Нэгдүгээрт, Монгол Ардын нам, Ардчилсан намын нэр нөлөөтэй улстөрчид сонгуульд яаж хандах вэ гэдэг их чухал. Хоёрдугаарт, МАХН сонгуулийн дүнг юу гэж үзэх вэ гэдэг бас чухал. С.Ганбаатар өөрийг нь дэмжсэн 400 мянган хүн рүү хандаж ямар мессеж өгөх вэ. “Хэн нэгнийг дэмжээрэй” гэх үү, “энэ сонгууль шударга бус боллоо. Хэнийг нь ч битгий дэмжээрэй” гэх мэт ямар байдлаар асуудалд хандахаас хамаарна. Мөн МАХН дээр гарч байгаа нэг том өөрчлөлт бол долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хуулиуд хэрэгжээд эхлэхээр Н.Энхбаярын ялтай байдлын хугацаа дуусна. Тэгэхээр дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол шинэ сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших эрхтэй болно. Үүнийг МАХН хэрхэн үнэлэх, ямар алхам хийхээс шалтгаална. Монгол Улсын 21 аймгаас 10-т нь С.Ганбаатар, 10-т нь М.Энхболд, нэг аймагт Х.Баттулга ялсан байсан. Харин нийслэлийн долоон дүүрэгт Х.Баттулга ялсан дүр зурагтай байна. МАХН-ын дэмжигчид МАН-д саналаа өгч болно. Мөн С.Ганбаатар Х.Баттулга хоёрын имиж ойролцоо учраас Х.Баттулгыг сонгож мэдэх юм.

Тэгэхээр гурван нэр дэвшигчээс илүү нам доторх хэсгүүдийн хөдөлгөөн дараагийн шатны санал хураалтад нөлөөлж чадна. Иргэдийн хувьд сонгуулиас залхсан шинжтэй байна.

-Иргэд сонгуулиас нэлээд залхаж байх шиг байна. Тэгэхээр дахин санал хураалтын ирц хүрэх үү, үгүй юу гэдэг нь чухал асуудал байх тийм үү?

-Тийм шүү. Ирц хүрэх үү гэдэг их чухал. Ирц хүрлээ гэхэд хэн нэгнийг дугуйлах уу, үгүй юу ээдрээтэй. Энэ олон хүчин зүйлсийн огтлолцол ямар байхаас шалтгаална.

-Ялагдсан нам нь автомат машины санал тооллогод эргэлзээд эхэлдэг тал бий. Энэ удаад аль, аль нам автомат машины тооллого найдвартай гэдгийг ойлгосон байх?

-Хар машинаар зургаан сонгууль хийсэн. Хар машин бол харьцангуй найдвартай. 2012 онд МАН эрх барьж байгаад алдсан Ардчилсан нам ялсан. 2016 онд Ардчилсан нам эрх барьж байгаад МАН ялсан. Тэгэхээр хар машины 90 хувь нь найдвартай гэж бодож байна. Санал тоолох төхөөрөмжөөс илүү холын сүлжээ барьдаггүй баг, сум дээрээ анхаарах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж