Алтан хальс холбоо “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газартай хамтран Оросын суут найруулагч Андрей Тарковскийн “Сталкер” киног энэ амралтын өдөр /2017.07.01/ толилуулах гэж байна. Энэ өдөр найруулагчийн оргил бүтээлүүдийн нэг “Сталкер” киног үзэхээс гадна түүний өдрийн тэмдэглэл, ярилцлагаас бүтсэн “Хугацаан доторх хугацаа” шинэхэн номыг хямдралтай үнээр худалдан авах, найруулагч Андрей Тарковскийн уран бүтээлийн талаарх яриа, хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм байна.
163 минут үргэлжлэх “Сталкер” кино таван мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Улсын их дэлгүүрийн 5 давхарт байрлах “iCinema” кино театрт 16.00 цагаас эхэлнэ.
Найруулагчийн товч намтар:
Зөвлөлтийн найруулагч Андрей Арсеньевич Тарковский 1932 оны дөрөвдүгээр сарын 4-нд Иванов мужийн Завражье тосгонд мэндэлжээ. 1962 онд анхны киногоо бүтээсэн Тарковский найруулагчийн хувиар ердөө 11 кино бүтээсэн ч ихэнх бүтээл нь бүх цаг үеийн шилдэг кинонууд дунд жинтэй байр эзэлдэг. Тарковский оюутан үедээ 3 богино хэмжээний кино найруулсан. Бүрэн хэмжээний 7 кино найруулсан. Москвад “Гамлет”-ийг найруулан тавьж байсан, Лондонд “Борис Годунов” дуурийг тавьж байсан. Түүний ‘Иваны бага нас’, ‘Толь’ зэрэг кино олон кино өндөр үнэлгээг авсан.
ЗХУ-ын эрх баригчид 1970-аад оноос Тарковскийн ер бусын билэг оюуныг ‘аюултай’ хэмээн үзэх болж бүтээлүүдийг нь нийтийн сэтгэхүйд тохирохгүй, гуравдугаар ангиллынх гэж ялгаварлах болжээ. Түүний эх нутагтаа гүйцээсэн сүүлийн бүтээл нь 1979 оны ‘Сталкер’ юм.
Г.Түшиг