АНУ-ын Ерөнхийлөгчийн том охин, Цагаан ордны тэргүүн зөвлөх Иванка Трамп улс төрөөс ангид байхыг хичээдэг гэнэ. Даваа гаригт Fox News сувгаар цацагдсан ярилцлагадаа тэр ингэж хэлжээ.
Тус телевизийн “Fox & Friends” хөтөлбөрт оролцох үедээ Иванка “улс төрийн асуудлыг бусад хүмүүст даатгадаг” хэмээн хэлсэн гэнэ. Твиттерт дэндүү идэвхтэй байж, элдвийг жиргэдэг эцгийнхээ энэ зуршлын талаар хэрхэн зөвлөдөг талаар асуултад Иванка “Би улс төрөөс ангид байхыг хичээдэг” хэмээгээд, аав нь улс төрийн зөн совинтой, мэдрэмжтэй нэгэн гэсэн байна.
Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд, бас эцгийнхээ хайртай охины хувьд Иванка дотооддоо төдийгүй бүс нутгийн, дэлхийн хэмжээнд нөлөөлөх чухал шийдвэр гаргахад нь эцэгтээ зөвлөдөг. Гэхдээ тэр улс төрийн асуудлаас аль болох зайдуу байж, зөвхөн өөрийнхөө санаа тавьж, гүнээ анхаардаг асуудлуудыг л хайхардаг гэж ярилцлагадаа дурджээ.
Fox News сувгаар цацагдсан Иванка Трампын ярилцлагын дараа түүнд суралцах зүйл дэндүү их байна гэж шүүмжлэгч, ажиглагчид дүгнэж эхэлжээ.
С.ЦЭЛМЭГ